НН-ын удирдлагатай харилцаж байгаа

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

НН-ын удирдлагатай харилцаж байгаа

Бид Ногоон намын хууль ёсны удирдлагатай харилцаж байгаа

ИЗН, Ногоон нам нэгдэх үйл явцыг тойрсон асуудлуудаар ИЗН-ын ХЭГ-ынн дарга Г.Ганбатаас тодрууллаа.

-Иргэний зориг нам, МНН-ууд нэгдэх үйл явц эхэлсэн ч багагүй саадтай тулгарч байх шиг. Та бүхэн энэ талаар ямар санаа бодолтой байна вэ?

-Ногоон намын дотоодод өрнөж байгаа үйл явц бол тухайн намын дотоод хэрэг гэдгийг юуны түрүүнд онцолмоор байна. Иргэний Зориг нам, МНН-ууд нэгдэн иргэн төвтэй улстөрийн шинэ хүчин байгуулах үйл явц намуудын дарга нарын гарын үсэг зурсан гэрээний дагуу явагдаж байна. Хэдийгээр МНН-ын талд зарим нэг бэрхшээл саад учирч байгаа ч бид төлөвлөсөн ажлуудаа хийж байна. Хоёр намаас хамтран байгуулсан ажлын хэсгүүдийн ажил хэвийн үргэлж байна. Өнгөрсөн долоо хоногт үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийн төсөл боловруулах ажлын хэсэг эхний үр дүнгээ танилцуулсан. Зарим нэг хүмүүсийн хүсч байгаа шиг нэгдэх үйл явцад нөлөөлөхүйц саад гарсан зүйл одоогоор алга байна.

-Ногоон намын хэсэг гишүүд танай намтай нэгдэхийг эсэргүүцэж, улмаар дарга нараа намаасаа “хөөж”, өөрсдийгөө намынхаа удирдлагаар зарлаад байгаа. Энэ байдал та бүхний үйл ажиллагаанд нөлөөлөхгүй байна гэж үү?

-Нам дотор аливаа асуудлаар олонх, цөөнх болох асуудал бол байдаг, жирийн л үзэгдэл. Бүхэл бүтэн улс төрийн намд байтугай нэг айл гэр бүлд ч санал зөрөлдөх зүйл зөндөө л гардаг биз дээ. Дотроо ярьж хэлэлцээд олонхиороо асуудлаа шийдээд, цөөнхи нь олонхийн шийдвэрээ хүндэтгээд явдаг нь ардчиллын зарчим. ИЗН-ын гишүүд хоёр нам нэгдэх асуудал дээр зуун хувь санал нэгтэй байгаа гэж бодвол эндүүрэл болно. Манайд ч Ногоон намтай нэгдэхийг дэмжихгүй байгаа гишүүд бий. Гагцхүү цөөнх болж байгаа гишүүд маань намынхаа бүтцийн байгууллагууд дээр байр сууриа илэрхийлээд, олонхийн санаа бодлоо дагаад явж байгаа. Олонхи тал нь ч цөөнхдөө хүндэтгэлтэй хандаад явж байна. Ногоон намын цөөн зарим гишүүний явуулж байгаа үйл ажиллагаа бидний нэгдэх үйл явцад огт саад болохгүй байгаа гэвэл мэдээж үгүй. Нөлөөлөхүйц хэмжээний саад бол алга. Бид Ногоон намын хууль ёсны удирдлагатай харилцаж байгаа.

-Нэгдэхийг эсэргүүцэж байгаа Ногоон намын хэсэг гишүүд намынхаа удирдлагыг ИЗН шиг ардчилсан байдлаар, дүрэм журмынхаа дагуу хэлэлцүүлж шийдвэр гаргаагүй гэж буруутгаж байгаа. Танай хоёр нам нэгдэх асуудлыг дотооддоо тийм ялгаатай байдлаар хэлэлцсэн юм уу?

-Намуудын бүтцийн байгуулагууд өөрөөр нэрлэгддэг ч хуулиар зохицуулагдсан нэг ижил бүтэцтэй байдаг. Шийдвэр хоёр намын ижил төвшний байгууллагууд болох ИЗН-ын Улстөрийн зөвлөл, МНН-ын удирдах зөвлөлөөр яригдаж, улмаар улстөрийн намын томоохон эрх мэдэл бүхий төлөөллийн төв байгууллага болох ИЗН-ын Үндэсний хороо, МНН-ын бага хурлуудаар хэлэлцэгдээд, дэмжигдсэн байгаа. Эцсийн шийдвэрийг намуудын Их хурал гаргана. Ийм л дүрэм журамтай, түүнийхээ дагуу л явж байна. Хоёр нам зөвхөн бүтцийн байгууллагуудаараа хязгаарлалгүй аль болох олон гишүүдээрээ шууд хэлэлцүүлэх арга замыг ч эрэлхийлж байна. МНН-ын байранд хийсэн ажлын хэсгийн уулзалтанд оролцохоор очихдоо намын жирийн гишүүд нь олноороо ирж санал бодлоо илэрхийлж байгааг би харсан. Бид ч гишүүдээрээ хэлэлцүүлж санал бодлыг нь сонсож байна. Энэ сарын 25-26-ны өдрүүдэд ИЗН энэ асуудлаар дотооддоо томоохон хэлэлцүүлэг зохион байгуулахаар бэлтгэж байна. Манай намын 21 аймаг, 9 дүүргийн намын хороодын төлөөлөл Улаанбаатар хотод цуглаж, нэгдэх асуудлаар байр сууриа илэрхийлж, санал бодлоо солилцоно. Асуудал хоёр талдаа дүрэм журмын дагуу явагдаж байгаа гэдэгт эргэлзэх зүйлгүй. Миний бодлоор Ногоон нам харин ч шийдвэрээ нээлттэй, ардчилсан байдлаар гаргаж байгаа. Намынхаа вэб хуудсанд хоёр талынхаа байр суурийг ижилхэн тавиад, хэлэлцүүлж байгааг нь ардчилсан бус, хаалттай гэж үзэж болохгүй биз дээ.

-ИЗН, МНН-ууд нэгдэх асуудал хэзээ эцэслэн шийдвэрлэгдэх вэ?

-Гуравдугаар сард хуралдах хоёр намын Их хурлуудаар асуудал эцэслэн шийдвэрлэгдэнэ. Намуудын Их хурал дэмжсэн тохиолдолд нэгдэх хурлыг ч зохион байгуулна.

З.ОРГИЛ  

             

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж