Н.Назарбаевийн тактик ”Бай”-гаа онох уу

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Н.Назарбаевийн тактик ”Бай”-гаа онох уу

Казахстан гэж нэг улс байна. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь 8700 ам.доллар. Ажилгүйдлийн түвшин 6.3 хувьтай. Ойролцоогоор 90 гаруй төрлийн ашигт малтмалын нөөцтэй. Түүнээс зөвхөн газрын тос  нь гэхэд 36.9 тэрбум баррель. Энэ нь дэлхийн нийт нөөцийн 3.2 хувийг эзэлж байгаа юм. Цаашлаад уран, алт, зэс, хөнгөн цагаан гээд баялаг болгоныг нь алийг тоочиж барах вэ. Товчхондоо Казахстан бол баян улс. Эдийн засгийн талаас нь харахад ийм байна. Харин улс төрийн нөхцөл байдал, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөө гэх мэт өнөөх ардчиллын шалгууруудыг хангасан уу гэдэг дээр шинжээчид арай өөр байр суурь илэрхийлдэг.

Сүүлийн үед Ойрхи Дорнодод хэдэн сая  хүн гудамж, талбайд жагсч, улс, эх оронд нь олон жил ноёрхсон дарангуйллын тогтолцоог арилгахыг хүсч байна. Үүнээс болж зөвхөн Арабын орнууд гэлт­гүй, дэлхийн хаа сайгүй “хэмжээгүй эрхтүүд” болгоомжилж эхэлжээ. Тэдний нэг нь Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев юм. Тэрбээр эхлээд улсынхаа Үнд­сэн хуульд өөрчлөлт оруулж, Ерөн­хийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 2020 он хүртэл сунгахын тулд ард нийтийн санал асуулга явуулсан. Казахууд чухам юу гэж саналаа өгсөн бэ гэдгийг хэлж мэдэхгүй юм. Ямартай ч ард нийтийн са­нал асуулгын эцсийн дүнгээр Н.Назар­баев Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа сунгах боломжтой бол­сон. АНУ-ын Төрийн нарийн бич­гийн дарга Хиллари Клинтон үүнийг буруушааж, “Энэ бол ардчиллын зарч­мыг үгүйсгэж байгаа маш бу­руу үйлдэл боллоо” хэмээн дүгнэж байв. Зөвхөн Х.Клинтон гэлтгүй дэл­хийн “томчууд” бүгд дуу дуу­даагаа авалцан Н.Назарбаевийг шүүм­жилжээ. Үнэндээ энэ бүхэн нь сайтар найруулсан жүжиг болсон хэмээн ажиглагчид үздэг. Бүх нийтийн санал хураалт явуулсны дараа Н.Назарбаевийг Ерөнхийлөгчийн ал­бан тушаалд нь үлдээхийн төлөө таван сая хүн газрын үсэг зурж, дээд амжилт тогтоосон байлаа. Уг нь хуулиараа бол 200 мянган хүний санал авахад л хангалттай байсан юм. Харин энэ бүхний дараа Н.Назарбаев мэдэгдэл гаргаж, шударга, ард­чилсан нийгэм байгуулахын төлөө Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг хугацаанаас нь хоёр жилийн өмнө зохион байгуулахаар болсноо мэ­дэгдсэн юм. Энэ нь дэлхийн “томчуудаас” “Браво!!!” гэх үнэлгээ авахад  хүргэсэн билээ. Чухам үүний төлөө Н.Назарбаев дээрх са­наачилгыг гаргасан гэдгийг хэсэг хугацаа өнгөрсний дараа ажиглагчид нотолж эхэлжээ. Тиймээс сонгуулийн эцсийн дүн шударга гарна гэдэгт олон хүн эргэлзэж байгаа юм.

Н.Назарбаев эхлээд бүх нийтийн санал асуулгаар ард иргэд нь түүнийг хэрхэн дэмжиж байгааг Казахстаны сөрөг хүчнүүд болон дэлхий дахинд харуулна. Дараа нь ардчиллыг дэмждэг, сайн Ерөнхийлөгч гэдэг нэр зүүхийн тулд бүрэн эрхийн хугацаагаа сунгах боломжоосоо сайн дураараа татгалзана. Энэ нь гадныханд өөрийгөө харуулж байгаа хэрэг юм. Эцэст нь Ерөнхийлөгчийн сонгуулиар ялж гарч ирнэ. Энэ бол түүний тактик.

Ямартай ч Казахстанд Ерөн­хийлөгчийн сонгууль ирэх дөрөв­дүгээр сарын 3-нд болно. Үүнтэй холбогдуулан тус улсын Сонгуулийн төв хороо нэр дэвшигчидтэй хол­боотой мэдээ, материалыг хүлээж авч эхэлсэн байна. Бүртгэл ирэх сарын 2-нд дуусах юм. Сонгуульд тус улсын сөрөг хүчний удирдагчдын нэг Булат Абилов нэр дэвших болсноо мэдэгдсэн. Одоогийн байд­лаар тус улсад сөрөг хүчний лиде­рүүдээс хамгийн нэр  хүнд бүхий хоёр хүн байгаа юм. Хэдийгээр Н.Назарбаевийг сонгуульд ялах нь тодорхой гэж үзэж байгаа ч түүнээс гадна хоёр хүний рейтинг өндөр байна. Тэдний нэг нь казахуудад хоёр эхнэртэй байх эрхийг олгоно хэмээн амлаж байгаа Амантай-кази Асилбек юм. Тэрбээр “Казахстаны ард түмэн намайг дэмждэг. Харин эрх баригчид бол үгүй” хэмээн мэдэгджээ. Мөн “Ак Тарлан” сонины ерөнхий эрхлэгч Салим Отены хувьд Н.Назарбаевийг зоригтой шүүмжилж байгаа учраас түүнийг өрсөлдөгчдийн тоонд оруулсан байна. Бусад нэр дэвшигчдийн хувьд ерөнхийдөө одоо­гийн Ерөнхийлөгчөө дэмжих ханд­лага ажиглагдаж байгаа аж. Ту­хайлбал, “Табигат” байгаль хам­гаал­лын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг намын тэргүүн Мелс Елеусизов “Би ялахгүй гэдэгтээ итгэл­тэй байна. Ерөнхийлөгч Н.Назар­баевийн эсрэг өрсөлдөхүйц нэр хүндтэй хүн байхгүй” гэжээ. Бу­сад нэр дэвшигчийн хувьд ч мөн иймэрхүү идэвхгүй хандлагатай байгаа. Казахстаны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа хү­мүүс нь өөрсдөө ийм хандлагатай байхад үр дүн нь ямар болох нь бараг ойлгомжтой юм.

Казахстан бол баян орон хэмээн дээр дурьдсанаа энд дахин сануулъя. Гэхдээ хэчнээн баян байлаа гээд хүний эрх, эрх чөлөөг хангасан ардчилсан тогтолцоог байгуулах их хүслийн дэргэд Н.Назарбаевийн гаргасан санаачилга, хичээл зүтгэл юу ч биш байж болох юм. Өөрөөр хэлбэл, ард нийтийн дэмжлэгийг эвтэйхэн авахгүй бол Ойрхи Дорнодод болж буй зүйл Казахстанд давтагдахгүй гэдгийг хэн ч батлахгүй. Үүнийг ойлгосон Н.Назарбаев ч тактиктай хөдөлж байна.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж