Хятад банкуудынхаа нөөцийн хөрөнгийг нэмнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Хятад банкуудынхаа нөөцийн хөрөнгийг нэмнэ

Хятадын төв банк инфляцитай үргэлжлүүлэн “дайн” зарласаар байна. Өнгөрсөн баасан гарагт тус улсын Ардын банкны төлөөлөгчид арилжааны банкуудын нөөцийн хөрөнгийн харьцааг 0.5 хувиар нэмэхээр болсноо мэдэгджээ. Ийнхүү банкуудын хөрөнгийн хэмжээг 2011 он гарснаас хойш хоёр дахь удаагаа нэмлээ. Тус улс мөнгөний бодлогоо чангаруулж буй явдал цаашид ч үргэлжилнэ хэмээн эдийн засагчид таамаглаж байна.

Их 20-ийн орнуудын Сангийн сайд, төв банкны тэргүүн нар өнгөрсөн амралтын өдрүүдэд Парис хотод цуглаж, эдийн засгийн бодлогоо хэлэлцсэн. Энэ үеэр Францын Ерөнхийлөгч Н.Саркози тэргүүтэй олон хүн Хятадын Засгийн газар түүхий эдийн экспортодоо хориг тавьсныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн билээ. Түүнчлэн юанийн ам.доллартай харьцах ханшийг богино  хугацаанд чангаруулах шаардлагатай байгааг онцолж байв. Одоогийн байдлаар нэг ам.доллар 6.5732 юаньтай тэнцэж байгаа. Хятадын Засгийн газар олон улсын зүгээс иймэрхүү шүүмжлэл гарахаас сэргийлж сүүлийн үед ойр ойрхон юанийн ханшийг чангаруулах болсон гэж ажиглагчид үздэг билээ. Өнгөрсөн оны зургадугаар сард юанийг чөлөөлөхөөр зөвшөөрснөөс хойш ам.доллартай харьцах ханш нь 3.8 хувиар чангарсан юм. Харин АНУ-ын Сангийн сайд Тимоти Гайтнер тэргүүтэй хүмүүс үүнийг хангалтгүй байна гэж үзээд юанийн ханшийг богино хугацаанд чангаруулснаар дотоодын үнийн өсөлттэй ч тэмцэж болно хэмээн Хятадын бодлого боловсруулагчдыг ятгажээ. Гэхдээ энэ ятгалаг төдийлөн үр дүнд хүрээгүй гэхэд болно. Хятадын тал валютын бодлогоо энэ хэвээр үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм. Харин түүний оронд банкуудын нөөцийн хөрөнгийг нэмэгдүүлэх замаар санхүүгийн тогтолцоон дахь мөнгөний их урсгалыг хянана гэжээ.

Хятадын арилжааны банкуудын нөөцийн хөрөнгө өөрийн хөрөнгийн 19.5-20 хувьтай тэнцдэг. Энэ нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт юм. Гэхдээ эдийн засагчид уг хувь хэмжээ хэтэрхий өндөр байх нь аюултай гэж үзэж байна. Нөөцийн хөрөнгийг нэмнэ гэдэг зээлээ хязгаарлана гэсэн үг. Нэгэнт бага хэмжээний зээл гаргах боломжтой болсон банкууд жижиг, дунд бизнес эрхлэгчдээс илүү төрийн мэдлийн томоохон компаниудад зээл олгож эхэлнэ. Эргэн төлөгдөх магадлал өндөр, баталгаатай, найдвартай учраас тэр. Энэ нь “жижгүүд”-ийгээ зах зээлээс шахах нэг нөхцөл болно. Хятад бол эдийн засгийн нүсэр тогтолцоотой орон. Тиймээс одоо төрийн мэдлийн томоохон банкуудаас илүү жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих нь макро эдийн засагт нь эергээр нөлөөлнө гэдгийг ажиглагчид нотолж байна.

Хятадын хувьд банкуудын нөө­цийн хөрөнгөөс гадна зээлийн хүүг нэмж байгаа. “Credit Suisse”-ээс гаргасан тооцоогоор энэ оны эцэс гэхэд тус улсад нэг жилийн зээлийн хүү 7.66 хувь болж, банкуудын нөөцийн хөрөнгийн харьцаа нэг хувиар нэмэгдэх урьдчилсан таамаг байгаа юм. Энэ сарын эхээр тус улсын төв банк зээлийн болон хадгаламжийн хүүг нэмсэн билээ. Канадын “Рояал банк”-ны эдийн засагч Брайн Жэксон “Хятадын төв банк өнгөрсөн оноос мөнгөний бодлогоо чангаруулж эхэлсэн. Гэхдээ 2011 он гарснаас хойш хэтэрхий эрчимтэй өөрчлөлтүүд хийж эхэллээ. Магадгүй энэ нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж мэдэх юм” гэжээ. Хамгийн сүүлийн мэдээгээр тус улсад өнгөрсөн сард хэрэглээний үнийн индекс 4.6 хувиар өсчээ. Харин зөвхөн хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 10 хувьтай гарсан нь маш өндөр үзүүлэлт болсон юм.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж