Б.Хурц буруутай, үгүй гавьяатай

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Б.Хурц буруутай, үгүй гавьяатай

Их Британийн Лондон хотноо өмнө нь долоон удаа хойшилсон  Монголын Үндэсний аюулгүй байд­лын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг Германы талд шил­жүүлэх эсэхийг шийдвэрлэх ан­хан шатны шүүх хурал өнгөрсөн баа­сан гарагт болж түүнийг Германы талд шилжүүлэх шийдвэр гаргав. Энэ удаагийн шүүх хуралд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дар­га Д.Цогтбаатар, Элчин сайд Б.Алтан­гэрэл, ГХЯ-ны Консулын газрын захи­рал Д.Ганхуяг, Тусгай үүрэг гүй­цэтгэгч элчин сайд Ц.Болор, ЭСЯ-ны зөвлөх, консул Н.Батаа нар болон Б.Хурцын эхнэр, хүү нь оролц­жээ. Өнгөрсөн оны есдүгээр са­раас хойш тус улсад тодорхойгүй шалтгааны улмаас саатуулагдаад байсан Б.Хурцад холбогдох хэргийг Английн шүүх ийнхүү шийдлээ. Гэхдээ үүнийг Монголын тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд давж заалдахаар болсон байна. Монголдоо хуруу дарам цөөхөн нууц албаны ажилтнуудын нэг төдийгүй одоогийн хашиж байгаа ажил нь ч төрийн өндөр албан тушаал учраас Засгийн газар болон холбогдох яамныхан түүнийг шилжүүлэн авахаар өнөөг хүртэл  чамгүй их санаа тавьсан юм. Нэг талаар манай төрийн өндөр албан тушаалтан гадаадад саатуулагдаж, шүүхээр шийдвэрлүүлж, Монголын Засгийн газраас төлөөлөгч, өмгөөлөгч илгээж байсан гэдгээрээ энэ бол яах аргагүй анхны тохиолдол болж байна. Ерөнхийдөө Б.Хурцын ху­вийн намтар нь хууль зүйн сал­бар­тай, тодруулбал тагнуулын бай­гуул­лагатай холбоотой байсан гэ­хэд болно. Мэргэжлийн хүмүүс ч түү­нийг хариуцсан ажилдаа өө сэв гар­га­даг­гүй, гүйцэтгэх ажлыг нягт хий­дэг, чадалтай залуу гэж үнэлдэг юм билээ. Түүний одоо холбогдоод байгаа Д.Энхбатыг Францаас хууль бусаар баривчилж ирсэн гэх хэрэг ч нарийндаа бол  төр засгаас өгсөн даалгаврыг биелүүлсэн, ажил мэр­гэжилтэй нь шууд холбоотой зүйл юм. Ямар ч гэсэн удаан хүлээлгэсэн ан­хан шатны шүүх  хурал Лондонд болж, харамсалтай нь Монголын талын эсрэг шийдвэр гаргалаа. Одоо бол Б.Хурц монголчуудын хувьд гавьяатан, англичуудын хувьд буруутан болчихоод байна. Гэхдээ түүнд буюу Монголын талд дахиад нэг боломж үлдсэн билээ.

Н.МӨНХТӨВШИН


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж