АНУ-ын банкируудыг буруутгав

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

АНУ-ын банкируудыг буруутгав

АНУ-д санхүүгийн пирамид байгуулж, олон хүнийг залилсныхаа төлөө 150 жилийн ял авсан Бернанд Мэдофф шоронд хоригдсоноосоо хойш хэвлэлд анх удаа ярилцлага өгчээ. Тэрбээр “Уолл Стрийт”-ийн банкны тогтолцоог бүхэлд нь буруутгасан байна.

Б.Мэдофф бол АНУ-ын чадварлаг банкируудын нэг. Түүнд 2009 онд АНУ-ын Холбооны шүүхээс Эрүүгийн хуулийн дээд ял болох 150 жил хорих ял ногдуулсан юм. Б.Мэдоффийг луйвар хийж, мөнгө угаасан болон их хэмжээний мөнгөн дэвсгэрт хуурамчаар үйлдсэн, санхүүгийн Понзин пирамидыг байгуулсан гэх мэт олон хэрэгт буруутгаж байв. Тэрбээр 1980-аад оноос хойш иргэдийн мөнгийг өсгөнө хэмээн цуглуулж, эцэст нь буцаж төлж чадахгүй болжээ. Тухайн үед хөрөнгө оруулагчид нь мөнгөө өсгөж байгаа гэж бодож байсан ч 2008 оны арванхоёрдугаар сараас эхлэн хууль сахиулагчид мөрдөн байцаалтын ажлыг эхлүүж, түүнийг буруутгах болсон байна. Б.Мэдоффийн эсрэг 170 тэрбум ам.долларын зарга үүссэн. Мөн түүний компани нийт 1341 хөрөнгө оруулагчтай байжээ. Нью-Йоркийн еврей хорооллоос гаралтай тэрбээр “NASDAQ” гэх мэт орчин үеийн анхны электрон биржүүдийг ашиглаж, асар их мөнгө завшин санхүүгийн ертөнцөд маш нэр хүндтэй нэгэн болсон байв. Түүнийг анх 2008 онд баривчилсан бөгөөд мөн оныхоо арванхоёрдугаар сард хэвлэлд анх удаа ярилцлага өгч байжээ. Тухайн үед Б.Мэдофф санхүүгийн пирамидын хэргийн талаар гэр бүлийнхэн нь юу ч мэдэхгүй гэдгийг онцолж байсан юм. Гэвч энэ оны арванхоёрдугаар сард түүний хүү Марк Мэдофф дарамт шахалтаас болж амиа хорложээ.

Холбооны шүүхээс оноосон ялыг эдэлж, шоронд хоригдсоноосоо хойш Б.Мэдофф “Нью-Йорк таймс” сонинд анх удаа ярилцлага өгчээ. Уг ярилцлага өнгөрсөн долоо хоногт нийтлэгдсэний дараа санхүүгийн хүрээнийхэн дунд нэлээд шуугиан тарьсан юм.

Б.Мэдофф “Би санхүүгийн пи­рамидын хэрэгт өршөөл гуйхыг хүсэхгүй байна. “Уолл Стрийт”-ийн санхүүгийн томоохон байгууллагууд тухайн үед тийм зүйл болж магадгүй гэдгийг мэдэх ёстой байсан. Гэхдээ нөхцөл байдал арай өөрөөр эргэсэн. Хэрэв чи ямар нэг зүйлийг буруу хийж байгаа бол бусад нь түүнийг мэдэхийг хүсдэггүйд л гол учир нь оршиж байна” гэжээ. Мөн түүний компанид хөрөнгө оруулснаасаа  болж хохирсон олон хүний өмнөөс харамсч байгаагаа илэрхийлээд “Одоо нөхцөл байдлыг эргээд харахад тухайн үед сэжигтэй олон зүйл байж. Банкирууд өөрсдөө санхүүгийн пирамидаас дөлж, зугтаж байсан хэрнээ түүнийгээ олон нийтэд дэлгээгүй. Бүх зүйлийг нууцалж байсан” хэмээн буруутгасан байна. Харин хүү Марк нь нас барсны дараа оршуулах ёслолд нь оролцохыг зөвшөөрөөгүй явдал нь хууль сахиулагчдын зүгээс Б.Мэдоффийн гэр бүлд тун харгис хандаж байгаагийн илрэл гэжээ.

Б.Мэдоффийн ярилцлага нийт­лэгдсэний дараа АНУ-ын санхүүгийн томоохон бай­гууллагуудыг тойрсон цөөнгүй шүүмжлэл гарсан юм. Асар их мөнгө эргэлддэг газар бүрийг бодлого боловсруулагчид шалгаж ажилладаг байх ёстой. Гэтэл одоог хүртэл санхүүгийн пирамид үүсч, олон хүн хор хохирол амсч байгаа нь байж боломгүй хэрэг. Магадгүй Б.Мэдоффийн буруу байж болох ч тухайн үеийн нөхцөл байдлыг анхааралтай ажиглаад өөрсдөө  сэмхэн зугтчихсан хүмүүсийг яах вэ хэмээн зарим эдийн засагч шүүмжилжээ. Үүнтэй зэрэгцээд Б.Мэдоффийг өөрийгөө өмгөөлж, гэм зэмгүй сайн хүн болж харагдуулах гэсэн ядмагхан оролдлого гэж тайлбарлах хүн ч байна.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж