Гиггс “МанЮ”-д 21 дэх жилдээ хүчин зүтгэхээр болов

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Гиггс “МанЮ”-д 21 дэх жилдээ хүчин зүтгэхээр болов

“Манчестер Юнайтед”-ын ахмад, туршлагатай тоглогч Рьян Гиггс багтайгаа байгуулсан гэрээгээ сунгаснаар Английн Премьер лигийн тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд 21 дэх улиралдаа хүчин зүтгэхээр боллоо. Өдгөө 37 настай Уэйлс хагас хамгаалагч бүхий л карьерынхаа туршид зөвхөн “Улаан чөтгөрүүд”-ийн төлөө хүчин зүтгэсэн бөгөөд хамгийн анхны тоглолтоо 1991 оны гуравдугаар сард хийж байжээ. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд тэр “МанЮ”-гийн хамт 11 удаа Премьер лигийн аваргын цом өргөсөн. Энэ удаад ч тэдний өмнө боломж нээлттэй байгаа билээ.

“Манчестер Сити”-гийн хүүхдийн академид суралцаж байсан Гиггсийн 14 насных нь төрсөн өдрөөр Алекс Фергусон багтаа элсүүлэхээр гэрээ байгуулж байсан нь Гиггсийн амьдралын хамгийн тод дурсамжтай үе байсан гэдэг. Тэр цагаас хойш тэрбээр Сэр Алексийн гол түлхүүр байсаар ирсэн бөгөөд 862 тоглолтод гарааны бүрэлдэхүүнд багтаж тоглохдоо 158 гоол нэр дээрээ бүртгүүлжээ. Гиггсийн тухайд ноён Фергусон “Рьян Гиггсийг тодорхойлж хэлэх гэхээр үнэхээр үг олддоггүй. Тэр үнэхээр гайхалтай тоглогч, бас үнэхээр гайхалтай эр. Бие физиологийн хувьд хэвийж яваа насан дээр топ төвшинд тоглох ур чадвар, хүсэл зоригтой байна гэдэг хувь хүнээс онцгой чадвар шаарддаг. Гэтэл тэр одоо ч гэсэн тоглолтын гол баатар болохуйц тоглолт гаргадаг. Түүнчлэн багийн бүрэлдэхүүнд байгаа залуу тоглогчдод сэтгэл зүйн талаас үлгэр дууриал болдог” гэсэн байна.

Аваргуудын лигийн цомыг хоёронтоо өргөсөн Гиггс Английн Премьер лиг 1992 онд өнөөгийн системд шилжсэнээс улиралд бүрт тасралтгүй гоолдсон цорын ганц тоглогч. Тэрбээр багтайгаа дахин нэг жил хамт байх болсон тухайд “Би МанЮ-гийн төлөө тоглохыг л хүсдэг байлаа. Гэтэл одоо хэдийнэ 20 жилийн хугацаа ард хоцорч. Багийн цаашдын амжилтад миний үүрэг роль хэрэгтэй гэж үзсэнд сэтгэл хангалуун байна” хэмээжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж