Э.Жаргал: Хүнийг зөв урамшуулах нь чухал

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Э.Жаргал: Хүнийг зөв урамшуулах нь чухал

Сэлэнгэ аймгийн “Баяндулаан-Уул” ХХК бол газар тариалангийн үйлдвэрлэлд шинэчилт хийж, байгаль цаг уурын эрсдэлтэй үед алдагдалд орол­гүй улс орныхоо хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалсан гавьяатнууд билээ. Цуцашгүй хөдөлмөр, бууршгүй бүтээлээрээ бусдадаа үлгэр жишээ үзүүл­сэн тус хамт олны ажил үйлсийг төр засаг өндрөөр үнэлж Монгол Улсын “аварга” гэсэн эрхэм цолыг  дахин хүртээлээ. Тус хамт олон “Улсын хошой аварга”-аар зогсохгүй Сэлэнгэ аймгийн “Шилдэг аж ахуйн нэгж”-ээр шалгарсан юм. Энэ үеэр “Баяндулаан-Уул” ХХК-ийн захирал Э.Жаргалтай ярилцсан юм.

-Юуны өмнө танай хамт олонд “Улсын хошой аварга” болж, аймгийн “Шилдэг аж ахуйн нэгж”-ээр шалгарсанд баяр хүргэе. Амжилтаасаа хуваалцахгүй юу?

-2010 он манай “Баяндулаан-Уул” ХХК-ийн хувьд их үр өгөөжтэй жил байлаа. Бүтээн байгуулалтын хувьд ч, газар тариалангийн үйлдвэрлэлийн хувьд ч нэлээд үр дүнтэй сайн ажилласан гэж үзэж байгаа. Бид 2010 онд 225 ажлын байр шинээр бий болгосон. Энэ үзүүлэлтээрээ аймгийн “Шилдэг аж ахуйн” нэгжээр тодорсондоо баяртай байгаа.

 Манай компани 2010 онд олон улсын стандартыг хангасан, сүүлийн үеийн шилдэг технологитой иж бүрэн махны үйлдвэр ашиглалтад оруулсан. Мөн газар тариалангийн үйлдвэрлэлдээ аймгийн дунджаас дээш (га-гаас 18 цн) ургац авсан үзүүлэлттэй ажиллалаа. Үүний зэрэгцээ мах, сүүний чиглэлийн үхэр үржүүлэх ажил зохион байгуулж, махны чиглэлийн хонийг цэврээр нь гаргаж авах үр хөврөл суулгах ажлыг сая арваннэгдүгээр сард амжилттай хийж гүйцэтгэлээ. Нийтдээ 1000 гаруй хонинд цэвэр үүлдрийн үр суулгасан. Мөн энэ жилийн хувьд бид Цагааннуур суманд 35000 тн улаан буудай цэвэрлэх, хадгалах, хатаах иж бүрэн систем ашиглалтад оруулсан. Цаашдаа ер нь бай­галийн эрсдэлийг яаж бууруулах вэ гэдэг дээр анхаарч ажил­лана. Цагааннуурт 1500 га-д усалгаатай тариалан эрхэлж байгаа. Үүнийгээ цаашид нэ­мэг­дүүлж 5000 га болгох зорилготой байна.

-Махны үйлдвэрийнхээ талаар тодруулаач?

-Манайх  олон улсын стан­дарт буюу хүнсний аюулгүй байдалд тавигдсан хамгийн өндөр чанарыг хангасан үйлд­вэр. Онцлог нь махыг гулуузаар нь  биш пакетлаад, эцсийн  бүтээгдэхүүн  болгохоор ажиллаж байна. Бидний эхний зорилго бол дотоодынхоо хэ­рэг­цээг бүрэн хангахад оршиж байгаа.  Энэ зорилгоо биелүүлсэн тохиолдолд экс­портын асуудал яригдах болно. Гэх­дээ бид дотоодынхоо хэ­рэгцээг  хам­гийн түрүүнд хан­гах зорилтоо бие­лүүлнэ. Ин­гэхийн тулд хүмүүс ямар хэрэгцээг шаардаж байна, түүний дагуу л үйлдвэрлэлээ явуулна. Тухайлбал, хүмүүс гуяны мах авмаар  байна уу, эсвэл хавирга, нуруу авмаар байна уу гэдгийг  үндэслээд түүний дагуу жижиглэн пакет­лаад савлаж гаргана.

-Танай компани маш их зүйлийг шинээр хийсэн харагдана. Дөрвөн давхар том барилга, техникийн агуу­­лах гээд. Энд халуун хүйтэн ус, бо­­хирын  асуудал гээд  нэлээдгүй зүйлийг  шийдсэн  байх. Хөдөөгийн тал нутагт Улаанбаатараас дутахаар­гүй тохилог сууна гэдэг үлгэрийн юм шиг санагдах байх л даа. Үүнийг та бүхэн хийж чаджээ?

-Энэ  жилийн    хувьд “Га­чуурт” ХХК-ийн Газар тариа­лан, МАА-н салбар Сэлэнгэ аймгийн таван суманд  үйл ажиллагаагаа явуулж байна. Нийтдээ 450-иад ажилчидтай. Бид ажилчдынхаа ажиллах нөхцөлийг бүрэн дүү­рэн хан­гаж өгөхийн зэрэгцээ хөдөлмөр аюул­гүйн байдлыг гүйцэд шийдвэрлэж чад­сан. Энэ ажил маань маш их үр дүнгээ өгсөн. Бид ажилчдынхаа амьдрах орон сууцыг барьж өглөө. Мөн хооллох тохи­той байрыг ч  бэлдэж өгсөн. Дээр нь хөдөлмөр хамгааллын тал дээр нэлээд ажлуудыг хий­сэн. Газар тариалангийн үйлд­вэрлэлд зөвхөн техник ба­риад явна гэвэл өрөөсгөл ойлголт. Цаана нь янз бүрийн химийн гаралтай гриб­цидүүд хэрэглэдэг. Энэ бодисууд маань тухайн хүнд ямар нэгэн нөлөө үзүү­лэхгүй байх үүднээс хөдөлмөр хам­гааллын асуудлыг шийдвэрлэдэг. 2010 оныг бид компанийнхаа хэмжээнд хө­дөлмөр хамгааллын жил бол­гон зар­лаж   ажилчдынхаа өвөл, зуны хувцас, ажлын ба­гаж хэрэгсэл гээд нэлээдгүй зүйлүүдийг шийд­вэрлэж амж­сан.  Зөв­хөн энэ ажилд л 100-гаад сая төгрөг зарцуулсан байна.

-Таны хувьд газар та­риа­лангийн томоохон ком­панийг  удирдаад явж байхад гол анхаарах асуудал байна?

-Бидний хамгийн гол ан­хаарч байгаа зүйл бол техник хадгалалт. Гаднаас орж ирж байгаа  өндөр  өртөгтэй  тех­ни­күүдийг гадаа тавиад байж болох­гүй шүү дээ. Иймээс дулаан граж барьж түүний ха­­лаалтын асуудлыг шийд­вэр­лэсэн. Дээр нь уурын зуух хийж чадсан.  Хэрэв  Зэлтэрийн “Улаан-Овоо”-гийн нүүрсний уурхай   бүрэн  ашиглалтад  орвол бидний эрчим хүчний нөөцийн асуудал бүрэн шийдэгдэнэ.

Ер нь газар тариалангийн үйлдвэрлэл маш эрсдэлтэйд тоо­цог­ддог. Иймээс бид газар тариалангийн үйлд­вэрлэл эрхэлж байсан хөдөлмөрийн баатар, олон гавьяа­тынхаа   үгийг   сонсдог. Тухайл­бал,  Монгол Улсын  хө­дөлмөрийн баатар Авирмэд гуай байна. Дээр нь манай компанийн гол зарчим бол аль болох л хүнийг зөв урамшуулах системийг ашигладаг. Мөн хү­мүүсийг  сургах асуудал хам­гаас чухал зүйл. Чадварлаг  хү­нээс хөдөлмөрийн бү­тээмж ундардаг. Бид одоогоор  хуу­чин САА-д ажиллаж бай­сан туршлагатай техникч, опера­то­руудыг түшиглэж, тэдний аж­лын туршлагаас суралцаж байна. Шинээр гарч ирж байгаа хүмүүс тэдний хэмжээнд хүрч ажиллаж ха­раахан чадахгүй байгаа. Иймээс байгаа энэ хү­мүүсээ яаж чадварлаг сайн ажил­­луулах вэ гэдэг дээр өөрийнхөө бололцоог дайчлан явж байна даа.

Бид энэ жилээс сургалтаа эхэлсэн. Манайх АНУ-ын “Жон­дери” компанийн албан ёсны деллер. Тэр хүрээндээ Дархан-Уул аймагт МСҮТ байгуулахаар сургуулийнхаа барилгын ажлыг энэ жил дуусгасан. Ирэх жил үйл ажиллагаагаа эхэлнэ. Эндээ ХАА, газар тариалан, мал аж ахуйн бүх нарийн мэргэжлийн чиглэлээр хүмүүсээ сургах зорилттой. Бид ХААИС-тай хамтарч ажилладаг. Эндээс жил бүр олон тооны оюутан сурагчдийг авч дадлагажуулан, сургадаг.

Бидний гол зорилго бол Монгол Улсын хэмжээнд ХАА, МАА, газар тариалангийн үйлд­­­вэрлэлийн хөгжил бо­лоод техникийн дэвшил ийм түвшинд хүрэх юм шүү гэд­гийг ойлгуулж, загвар аж ахуйн маягаар юм хийж байгаа маань энэ. Өнгөрсөн хавар, нам­рын сургалтад 20-н оюутан авсан. Оюутнууд яг газар дээр нь ХАА-н үйлдвэрлэл, шинэ технологи гэж ийм байдаг юм байна гэдгийг нүдээрээ харж, ойлгож авдаг. ХААИС-ийн багш Мөнхбат бидэнтэй байнга хамтарч ажилладагт талархах хэрэгтэй.

-Танайх хамт олноороо төдийгүй, дотроос тань “Улсын  аварга” төрлөө. Таны хувьд сэтгэгдэл маш өндөр байгаа байх. Цаашид энэ ХААГТ-гийн үйлдвэрлэлээ хэр­­хэн төсөөлж байна даа?

-Энэ жилийн хувьд бид их бахар­халтай байна. Монгол Улсын “Тэргүүний тариаланч хамт олон” цолыг хоёр дахь удаагаа авлаа. Манай техникч Са­хилтын Баатар өөрийнхөө хөдөө аж ахуйд гаргасан ам­жилтаараа “Улсын аварга” та­риаланч боллоо. Ингээд хоёр улсын аваргатай болсондоо баяртай бай­на. Баатар маань удам дамжсан хөдөлмөрийн аварга хүн. Хөдөө аж ахуйн салбарт олон жил зүтгэсэн. Шинэ техник технологи нэвт­рүүлэхэд өөрийнхөө ур чадвар, авьяасаа гаргаж, үр бүтээлтэй ажиллаж, түүнд зохицсон хэм­жээгээр үйл ажиллагаагаа явуулж чаддаг ийм л хүн. Баатарын аав Сахилт гуай бол 1975 онд улсын аварга малчин болж байсан юм билээ. Ингээд удмаараа Улсын аварга цолтон болж яваад бахархаж байгаа.

С.Баяр сайдын эхлүүлсэн Атрын III аян бол Монгол Улсын газар тариаланд маш том дэмжлэг болсон. Цаашид үргэлжлээсэй гэж бодож байна. Дээр нь ХАА-н техникийн ши­нэчлэл, улаанбуудайн урам­­шуулал зэрэг нь газар та­риа­лангийн үйлдвэрлэлд ихээ­­­­хэн дэм  үзүүллээ.  Энэ жилийн хувьд ОХУ, Казахстан ургацынхаа тодорхой хэмжээг алдаад, улаанбуудайгаа зарах­гүй гэсэн хориг тавьсан шүү дээ. Ийм үед манай компани ургац алдаагүй.

Бидний хувьд зөвхөн улаан­буудай биш, төмс, хүнсний ногоогоороо дотоо­дынхоо  хэ­­рэг­цээг  100  хувь хангаж ча­­даж байна. Бидний хөдөлмөр тодор­хой хэм­жээгээр эрс­­дэл хүлээж, тодорхой хэм­жээ­гээр алдагдалд ордог. Монгол Улсын  хувьд хур борооны  хэмжээ бага, ер нь сүүлийн үед дэлхийд дулаарал ихээхэн явагдаж байгаа энэ үед их анхааралтай ажиллах хэрэгтэй. Энэ байдал тариа ургалтад их нөлөөлнө. Ийм учраас бид эртнээс бэлтгэлтэй байж, техник технологио шинэ­чилж, ургац алдахгүй байх боломжийг бүр­дүүлэх ёстой.

-ХАА-н үйлвэрлэлд ажил­ладаг хү­мүүс маань цаг нар­гүй хөдөлмөр эрхэлдэг. Ар гэрийн асуудлаа хэрхэн зохи­цуулж байна даа?

-Хоёр хүүхэдтэй. Том нь гурван настай, бага нь нэг настай. Гэр бүлийн маань хүн хотод амьдарч байгаа. Бид чинь ар гэртээ бага харагддаг хүмүүс шүү дээ.

-Үнэхээр газар тариалан­гийн үйлд­вэрлэлд танай компани ноёрхож бай­на. Цаашид юу хийхээр тө­лөвлөөд байна?

-Манай “Гачуурт” ХХК-ийн “Баян­дулаан-Уул” ХХК бол га­зар тариалан, мал аж ахуйн хам­гийн том салбар. Баян­дулаан-Уулчууд бид “Мон­гол Улсынхаа хүнсний аюул­гүй байдлын төлөө зүтгэе” гэ­сэн уриатай ажилладаг. Энэ уриагаа үргэлж бодож, бие­лүүлж явдаг. Энэ ч утгаараа биднийг төр засаг маань үнэлж Монгол Улсын аварга цолоор хоёр удаа шагналаа. Цаашид би­дэнд хийх ажил их байна. Бид газар тариалангийнхаа бу­­сад компанитай байнга хам­тарч ажилладаг. Бид шинэ техник, технологийг оруулж ирээд өөрсдөө  хүртэхдээ  гол нь биш. Бусдад үлгэр жишээ үзүүлж, туршлагаа хуваал­цахад гол анхаарлаа чиглүүлэн ажилладаг. 

Ер нь газар  тариалан, ХАА-н  үйлд­вэрлэл   цаашдаа  фермерийн систем руу чиг­лэгдэх болно. “Гачуурт” ХХК гэ­хээр учир­гүй газар тариа­лангийн  үйлд­вэрлэлд  монополь болоод бай­на гэж  шүүмжлээд байдаг. Бидний хувьд аль болох сайн ажиллаж байгаа хүмүүстээ газраа   ху­вааж  өгөөд фермерийн сис­темд оруулна гэсэн бодлого баримталж бай­гаа. Ингэхээр иргэд маань фермерийн сис­темээр ажлаа хийгээд хүнсний үйлд­вэрлэлээ тогтвортой хан­гаад явна шүү дээ. Нэг сайн техникчид 400-500 га талбай, нэг трактор, бүх агергатуудыг нь таслаад  өгчихнө. Ингэхээр тэр хүн маань өөрийнхөө гэр бүлийн хүрээнд насан туршийн­хаа бизнесийг эрхлээд явна гэсэн үг. Одоо хамгийн гол нь газар хувьчлалын асуудлыг л хүлээж байна. Энэ асуудал шийдэгдчихвэл хүмүүстээ газ­раа хувааж өгөөд энэ системээр ажиллана  гэсэн зорилготой бай­гаа. Энэ бол хамгийн зөв систем гэж боддог. 

Нэг эмзэглүүлсэн асуудал гараад байгаа. Энэ бол ХАА-н техникийг гадаа­даас оруулж ирэхэд авдаг гаалийн тат­вар тэглэсэн байсан. Гэтэл 2011 оны 12 сар гэхэд болих гэж байгаа юм билээ. Үүнийгээ зогсоолгүй үргэлжлүүлэх юм бол монгол­чууд гадаадаас оруулж ирэх техникээ улам ихэсгэж, тэр хэм­жээгээрээ Монголын газар та­риалан улам хөгжих болно.    

Цаашдаа 2011 онд мах, сүүний чиг­лэлийн үхэр, мөн газар тариа­лан­гийн үйлд­вэр­лэлээс гарч байгаа бүтээг­дэхүүн­дээ тулгуурлаад  тэжээ­лийн үйлд­вэр, мах, сүүний чиглэлийн үхэр бордох цех, сүүний ферм байгуулах зорилт тавиад ажиллаж байна. Мөн манай компани цаашид нэмж 3000 га  талбайг усжуулах бодол­той ажиллаж байна.

-Сүүлийн асуултыг танд үлдээе?

 
-Бидний ажлыг дэмжиж хамтарч ажилладаг, бидний гол худалдан авагч “Алтан тариа” ХХК, Тариалан эрх­лэлтийг дэм­жих сандаа маш их баярлаж явдаг.  Эд нар  маань дотоодынхоо үйлд­вэр­лэлийг дэмжигчид. Үнэ­хээр Монголын газар тариа­ланг хөл дээрээ босоход маш их хүч чармайлт гаргасан. Бид чинь үйлдвэрлэхээсээ гадна борлуулалтын  асуудалд  давхар анхаарал  тавьдаг. Энэ асуудалд эд маань маш их хүчин зүтгэ­сэн. Ингээд “Алтан тариа” ХХК-ийн захирал н.Цэнгүүн, Бизнес хөгжлийн хэлтсийн дарга н.Ганзориг, “Буудай” сангийн хамт олондоо баярлаж таларх­санаа илэрхийлж, эрүүл энх  сайн сайхан  бүхнийг ерөөн, ажлын өндөр амжилт хүсье.

Ч.Отгонцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж