Хөдөлмөр эрхлэлтийн талаар хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Хөдөлмөр эрхлэлтийн талаар хэлэлцэв

Засгийн газраас 2011 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаж ажлын байр нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгох, ажилгүй, ажил идэвхитэй хайж буй иргэнийг тогтвортой ажлын байраар хангах талаар нилээд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Энэхүү жилийн хүрээнд Сүхбаатар аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Ажил олгогч эздийн холбоо хамтран уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уулзалт хэлэлцүүлгээр Хөдөлмөр халамжын хэлтсээс үйл ажиллагааныхаа  товч мэдээллийг хийхийн зэрэгцээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүдийг танилцууллаа. Харин Ажил олгогч эздээс Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран ажиллах тал дээр муу байгаа талаар шүүмжлэлтэй хандаж байлаа. Мөн Засгийн газрын 2006 оны 166 дугаар тогтоолоор батлагдсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, зээлийн хүүг нөхөн төлөх журам”-ын дагуу банк болон банк бус санхүүгийн байгууллагаас жижиг зээлүүдийг олгож байгаа хэдий ч зээлийн хүү өндөр, ямарваа нэгэн бага дунд үйлдвэрлэлийн зээл авахад үйлдвэрлэл явуулж эхлээгүй, ашиг гарч амжаагүй байхад хүү нь нэхэгддэг зэрэг асуудлууд нь эргээд хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй байгааг хэлж байсан юм.

Бүтэн өдрийн туршид үргэлжлэх энэхүү уулзалтаар хоёр тал хамтран ажиллах боломжоо дээшлүүлэх, Засгийн газрын бодлого шийдвэрүүд, олон улсын төсөл хөтөлбөрүүдийг аймгийн иргэд хөдөлмөрчдөд нээлттэй хүргэх, ажил эрхлэх хүсэлтэй, ажилгүй иргэдийг хэрхэн ажлын байраар хангах гарцыг хайн санал бодлоо солилцож байгаа аж.

Г.Одгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж