Энэ үеэр “Ардчилал гэж хорвоод байдаггүй бодит бус зүйл, парламент гэгч нь төрт ёсны тогтолцооны адгийн хувилбар” гэсэн сонин хачныг тэндээс сонсов. Үүнийг өнөөх ардчиллын “шувуухайнууд”-ын нэг, сэргэн мандал, ноёрхлынх нь зурвас үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайханаас сонсов. Тэрбээр “Ардчилал, улс төрийн намын мухардал ба тусгаар тогтнол” сэдэвт илтгэлдээ “Ардчилал бол амьдралын үнэлэмж, амьдралын үнэнийг хүмүүний эрх чөлөөг уландаа гишгэн байж санал хураалт төдийхнөөр тодорхойлдог хуурамч систем юм”, “Амиа хорлоогүй ардчилал хэзээ ч байгаагүй” гэх зэрэг хатуу үгсийг зоригтойгоор хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, тэр Черчиллийн шүтэн бишрэгч болсон байлаа. Бас Ленинд асар хүндэтгэлтэй ханддаг байсныг нь мэдсэнгүй явжээ, бид.
Тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаяртай мөр зэрэгцэн сууж, ичиж зоволгүй инээлдэн, сэтгэл тэнүүн суух нь үзэгдэв. Тэднээс бусад нь айна уу гэхээс, Н.Энхбаяр, М.Энхсайхан нар бусдаас айж эмээн, уулзалдахаас болгоомжлох цаг ард хоцорсныг уг хэлэлцүүлэг харуулж байлаа. М.Энхсайхан илтгэлдээ “Монголд харийнхнаас тулган хүлээлгэсэн ардчилал гэнэн насаа хурдтай гэтлэн 2008 оны будилаант сонгуулийн дараа хүмүүсийн зүрхэнд үхэтхийн унах шиг болж билээ. Өнөөдрийн Монголд нутагшиж чадаагүй харийнхны ардчилалд амь тариаг хэчнээн ч одон медаль тараагаад хэчнээн ч баатар төрүүлээд түүнийг эргүүлэн босгож чадахгүй. Шаардлага ч байхгүй” хэмээсэн нь түүний хувьд эрх баригч намууд, өнөөгийн лидерүүдтэй тэмцэхэд бэлэн хэмээсэн эр зориг үнэртэж байв.
Ерөнхийдөө тэдний хэнийх нь ч илтгэлээс өнөөгийн улс төрийн намуудын байдлыг нөлөөт толиноос ангид бодитоор харж болохоор байсан нь сайшаалтай. Тухайлбал, МУИС-ийн багш, доктор, профессор Х.Сэлэнгээ “Эвлэлдэн нэгдэх эрх ба нам” сэдэвт илтгэл тавьсан. Тэрбээр илтгэлдээ эвлэлдэн нэгдэх эрхийн шинж, илрэлийг Үндсэн хуулийн болон Хүний эрхийн түгээмэл тунхагийн заалтуудтай холбон тайлбарласан юм. Мөн “Сонгогчдын боловсрол” төвийн гүйцэтгэх захирал Б.Оюунтуяа “Нам ба сонгуулийн луйвар” илтгэлдээ УИХ-ын 2008 оны сонгууль болон 2009 оны аравдугаар сард болсон нөхөн сонгуулийн үеэр хийж байсан булхай луйврууд, нэрсийн жагсаалтын будлиан, сонгуулийн амлалтуудын талаар тодорхой баримт жишээ дурьдаж байв. Тэдний илтгэлд дурдсанаар улс төрийн намын нэр бол оюуны өмч биш, зөвхөн оноосон нэр учир аль нэг нам нэг нэрийг үүрд өмчилнө гэсэн ойлголт байж таарахгүй гэлээ. Харин МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр “МАНАН-г яаж арилгах вэ” сэдэвт илтгэлдээ “Ардчилсан нийгэмд хүмүүнлэг үзлээр удирдуулсан зүүн төвийн социал демократ үзэл ба уламжлалаа эрхэмлэсэн хүн бүр амьдралаа авч явахыг уриалан дуудсан дэвшил хувьсгалыг эрмэлздэггүй. Баруун төвийн улс төрийн итгэл үнэмшлээр эвлэлдэн нэгдэж, үндэстний хүслийг амьдралд хэрэгжүүлэх зорилгоор төрийг удирдах хүн төрөлхтний ариун үйлсийн төлөө институц болохоос биш мэдлэггүй, мухар сүсэгт автагдсан, моралгүй, дур зоргоор авирлагч, жалгын үзэлтэй, өчүүхэн хувийн шуналдаа хөтлөгдсөн луйварчдын институцыг улс төрийн нам гэдэггүй байна. Үүнээс харахад “МАНАН” –ыг монгол хүний оюуныг төөрөгдөлд оруулж, ардчилал, хүний эрх, шударга ёс, хүмүүнлэг, иргэний нийгмийн байгуулал, чөлөөт согууль гэх зэрэг орчин үеийн сайхан нэр томъёоны цуглуулгаар чимсэн гэхээс илүү халхавчлагдсан, бусдын хөдөлмөрийг шимдэг, наад захын моралгүй, феодалын луйварчдын бүлэглэл гэж тодорхойлбол үнэнтэй нийцэх болно” хэмээсэн нь анхаарал татсан юм.
Товчхондоо энэ нь Н.Энхбаярын намд “Монгол ардын хувьсгалт нам” гэдэг нэрийг авч өгөхийн тулд, тус намаас зохион байгуулсан, цаашид ч уламжлал болон зохион байгуулах арга хэмжээ байлаа. Ардын нам тэднээс намын нэрийг нь харамлаад, шахаж хавчин зовоож байгаа, гуравдагч хүчнийхэн гар, сэтгэл нийлэн тэмцэж буй дүр зургийг бид өнгөрсөн хугацаанд харсан. Харин ирэх өдрүүдэд эрх баригчид гуравдагч хүчнийхний энэхүү цугларалтын эсрэг, тэдний ярьсан үнэн үгст ямар хариу өгөхийг Монголын “цэнгээнт улс төр”-ийн үргэлжлэл болгон харах л үлдэж байна.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин