Сүүлийн үед Ойрхи Дорнодод хэдэн сая хүн гудамж, талбайд жагсч, улс, эх оронд нь олон жил ноёрхсон дарангуйллын тогтолцоог арилгахыг хүсч байна. Үүнээс болж зөвхөн Арабын орнууд гэлтгүй, дэлхийн хаа сайгүй “хэмжээгүй эрхтүүд” болгоомжилж эхэлжээ. Тэдний нэг нь Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев юм. Тэрбээр эхлээд улсынхаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 2020 он хүртэл сунгахын тулд ард нийтийн санал асуулга явуулсан. Казахууд чухам юу гэж саналаа өгсөн бэ гэдгийг хэлж мэдэхгүй юм. Ямартай ч ард нийтийн санал асуулгын эцсийн дүнгээр Н.Назарбаев Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа сунгах боломжтой болсон. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон үүнийг буруушааж, “Энэ бол ардчиллын зарчмыг үгүйсгэж байгаа маш буруу үйлдэл боллоо” хэмээн дүгнэж байв. Зөвхөн Х.Клинтон гэлтгүй дэлхийн “томчууд” бүгд дуу дуудаагаа авалцан Н.Назарбаевийг шүүмжилжээ. Үнэндээ энэ бүхэн нь сайтар найруулсан жүжиг болсон хэмээн ажиглагчид үздэг. Бүх нийтийн санал хураалт явуулсны дараа Н.Назарбаевийг Ерөнхийлөгчийн албан тушаалд нь үлдээхийн төлөө таван сая хүн газрын үсэг зурж, дээд амжилт тогтоосон байлаа. Уг нь хуулиараа бол 200 мянган хүний санал авахад л хангалттай байсан юм. Харин энэ бүхний дараа Н.Назарбаев мэдэгдэл гаргаж, шударга, ардчилсан нийгэм байгуулахын төлөө Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг хугацаанаас нь хоёр жилийн өмнө зохион байгуулахаар болсноо мэдэгдсэн юм. Энэ нь дэлхийн “томчуудаас” “Браво!!!” гэх үнэлгээ авахад хүргэсэн билээ. Чухам үүний төлөө Н.Назарбаев дээрх санаачилгыг гаргасан гэдгийг хэсэг хугацаа өнгөрсний дараа ажиглагчид нотолж эхэлжээ. Тиймээс сонгуулийн эцсийн дүн шударга гарна гэдэгт олон хүн эргэлзэж байгаа юм.
Н.Назарбаев эхлээд бүх нийтийн санал асуулгаар ард иргэд нь түүнийг хэрхэн дэмжиж байгааг Казахстаны сөрөг хүчнүүд болон дэлхий дахинд харуулна. Дараа нь ардчиллыг дэмждэг, сайн Ерөнхийлөгч гэдэг нэр зүүхийн тулд бүрэн эрхийн хугацаагаа сунгах боломжоосоо сайн дураараа татгалзана. Энэ нь гадныханд өөрийгөө харуулж байгаа хэрэг юм. Эцэст нь Ерөнхийлөгчийн сонгуулиар ялж гарч ирнэ. Энэ бол түүний тактик.
Ямартай ч Казахстанд Ерөнхийлөгчийн сонгууль ирэх дөрөвдүгээр сарын 3-нд болно. Үүнтэй холбогдуулан тус улсын Сонгуулийн төв хороо нэр дэвшигчидтэй холбоотой мэдээ, материалыг хүлээж авч эхэлсэн байна. Бүртгэл ирэх сарын 2-нд дуусах юм. Сонгуульд тус улсын сөрөг хүчний удирдагчдын нэг Булат Абилов нэр дэвших болсноо мэдэгдсэн. Одоогийн байдлаар тус улсад сөрөг хүчний лидерүүдээс хамгийн нэр хүнд бүхий хоёр хүн байгаа юм. Хэдийгээр Н.Назарбаевийг сонгуульд ялах нь тодорхой гэж үзэж байгаа ч түүнээс гадна хоёр хүний рейтинг өндөр байна. Тэдний нэг нь казахуудад хоёр эхнэртэй байх эрхийг олгоно хэмээн амлаж байгаа Амантай-кази Асилбек юм. Тэрбээр “Казахстаны ард түмэн намайг дэмждэг. Харин эрх баригчид бол үгүй” хэмээн мэдэгджээ. Мөн “Ак Тарлан” сонины ерөнхий эрхлэгч Салим Отены хувьд Н.Назарбаевийг зоригтой шүүмжилж байгаа учраас түүнийг өрсөлдөгчдийн тоонд оруулсан байна. Бусад нэр дэвшигчдийн хувьд ерөнхийдөө одоогийн Ерөнхийлөгчөө дэмжих хандлага ажиглагдаж байгаа аж. Тухайлбал, “Табигат” байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг намын тэргүүн Мелс Елеусизов “Би ялахгүй гэдэгтээ итгэлтэй байна. Ерөнхийлөгч Н.Назарбаевийн эсрэг өрсөлдөхүйц нэр хүндтэй хүн байхгүй” гэжээ. Бусад нэр дэвшигчийн хувьд ч мөн иймэрхүү идэвхгүй хандлагатай байгаа. Казахстаны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүс нь өөрсдөө ийм хандлагатай байхад үр дүн нь ямар болох нь бараг ойлгомжтой юм.
Казахстан бол баян орон хэмээн дээр дурьдсанаа энд дахин сануулъя. Гэхдээ хэчнээн баян байлаа гээд хүний эрх, эрх чөлөөг хангасан ардчилсан тогтолцоог байгуулах их хүслийн дэргэд Н.Назарбаевийн гаргасан санаачилга, хичээл зүтгэл юу ч биш байж болох юм. Өөрөөр хэлбэл, ард нийтийн дэмжлэгийг эвтэйхэн авахгүй бол Ойрхи Дорнодод болж буй зүйл Казахстанд давтагдахгүй гэдгийг хэн ч батлахгүй. Үүнийг ойлгосон Н.Назарбаев ч тактиктай хөдөлж байна.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин