ТӨХК Төмөр замын хөгжлийн түлхүүрийг атгалаа

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

ТӨХК Төмөр замын хөгжлийн түлхүүрийг атгалаа

Манай улс төмөр замын салбарт нэлээд амбицтай гэж үзэхүйц алхмуудыг хийхээр болоод байгаа. Ирэх жилүүдэд нийт 6000 гаруй км замыг тавьж Европ, Сибирь, Солонгосын хойгийн зүгт зүтгүүрээ чиглүүлж, дуут дохио хангинуулна. Энэ их ажлын эхлэл болж Даланзадгад-Тавантолгой-Цагаансуварга-Зүүнбаян-Сайншанд-Чойбалсангийн чиглэлийн 1100 км  замыг тавихаар болсон. Уг ажлын  хүрээнд Засгийн газрын 283 дугаар тогтоол гарч дээрх чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих ажлыг “Монголын Төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанид олгож байгаа. Төмөр зам барих тусгай зөвшөөрлийг өнгөрсөн баасан гарагт “Монголын Төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн захирал Б.Батзаяад Төмөр замын газрын дарга Т.Батболд гардууллаа. Тусгай зөвшөөрөл гардуулах ажиллагаанд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга оролцсон юм. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь шинэ төмөр замын эзэмшигч болно гэсэн үг. Ингэснээр төмөр замыг барих үйл ажиллагааны ерөнхий захиалагч болж байгаа юм. Шинэ замын зураг төсөл, барилгын ажил гээд бүх асуудлыг “Монголын Төмөр зам” ТӨХК хариуцана. Хоёр жил гаруйн хугацаанд гүйцэтгэх уг ажил төмөр замын салбарт хийх түүхэн томоохон ажил болж байгааг салбарынхан онцолж байгаа. Гэхдээ төмөр замтай холбоотойгоор түүний боловсон хүчин, тээвэрлэлтийн тариф зэрэг хараахан шийдэгдээгүй асуудал бий гэдгийг тэд хүлээн зөвшөөрч байна. Салбарын сайдын хэлж буйгаар 1949 оноос хойш монгол улсад төмөр замтай холбоотой бүтээн байгуулалт хийгээгүй аж. Ямар ч байсан Тавантолгой, Оюутолгой ордыг ашиглах Сайншандын аж үйлдвэрийн паркыг байгуулахтай холбогдоод 1100 километр зам барих ажил ийнхүү хариуцагчтай боллоо. Одоогоор бүтээн байгуулалтын уг ажил судалгааны түвшинд явж байгаа.

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгаас зарим зүйлийг тодрууллаа.

-“Монголын төмөр зам” ТӨХК өндөр хариуц­лагыг өөртөө авлаа. Салбарын сайдын хувьд та үүнийг хэрхэн дүгнэж байна?

-Төмөр замын салбарт олон жи­лийн турш бүтээн бай­гуулалттай хол­боотой ажил хий­гээгүй гэж хэлж бол­но. Яа­хав, саяхан Сэлэн­гэ аймагт ”Болдтөмөр-Ерөө гол” компани 108 кило­­метр төмөр зам тавьж байна. Үүнийг эс тооцвол төмөр замын салбар улсын хэмжээнд зогсонги байсан. Харин одоо Тавантолгой, Оюутолгойн ордыг ашиглах, Сайншандын аж үйлдвэрийн парк барихтай холбогдоод 1100 орчим км зам барих ажил эхлээд, судалгааны ажил нь нэлээд үр дүнтэй явж байна. Үүний дараагаас Тавантолгойн тендерт оролцож буй зарим консорциумууд нэмэгдэж орох юм. Энэ талаар цаг тухай бүрт нь мэдэгдэх болно.

-1100 км төмөр замаас гадна 990 км замын талаар ярьж байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?

-990 километр замын хувьд шинээр барих зам бус одоо ашиглаж байгаа замыг засах тухай яриад байгаа юм. Тавантолгойн тендерт оролцож буй ОХУ, Өмнөд Солонгос, Японы консорциумууд энэ замыг засах талаар нэлээд дэлгэрэнгүй саналаа ирүүлсэн.

-Тээврийн тарифийн хөнгөлөл­тийн тал дээр мэдээлэл хомс байгаа. Одоо ямар түвшинд яваа вэ?

-Ерөнхий сайд С.Батболд ОХУ-д өнгөрсөн арванхоёрдугаар сард айлчлахдаа ямар ч байсан санамж бичгийн хүрээнд хэд хэдэн бодит алхмуудыг хийсэн. ЗТБХБ-ын дэд сайд А.Гансүхээр ахлуулсан ажлын хэсэг энэ талаар Москвад уулзалт хийгээд явж байна. Нэлээд сайн мэдээтэй ирнэ гэж бодож байна. Ерөнхийдөө Монголын хилээс гараад ОХУ-аар дамжин өнгөрөх тээврийн тухайд шүү дээ. Энэ жилдээ шийдчих байх гэж бодож байна.

 Харин Төмөр замын газрын дарга Т.Батболд бидний асуултад ингэж хариулав.

-Төмөр зам барих ажил удахгүй эхэлнэ. Гүйцэтгэгч компаниуд бэлэн үү?

-Өнөөдрийн байдлаар “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн компаниас өөр компани алга. Гэхдээ зам барих ажлын тендерийг дотоодын болон гадаадын компаниуд  чөлөөтэй оролцох боломж­тойгоор зарлана.

-Төмөр замын боловсон хүчин хангалттай бий юү?

-Яг үнэндээ төмөр замын боловсон хүчин дутагдалтай байгаа. Ойрын жилүүдэд нэлээд томоохон ажлууд хийгдэнэ. Ингэхээр боловсон хүчин тэр дундаа дунд шатны мэргэшсэн боловсон хүчин хангалтгүй байгаа. Саяхан Ерөнхий сайд, болон салбарын сайд Төмөр замын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв дээр очиж ажил байдалтай нь танилцсан. Боловсон хүчний тал дээр анхаарах шаардлага байгаа. Өнөөдрийн байдлаар бид Төмөр замын дээд сургууль, Төмөр замын сургалт үйлдвэрлэлийн төвд боловсон хүчнээ бэлтгэж байна. Мөн ОХУ, БНХАУ-д тэтгэлгээр сургаж байгаа. Удахгүй Солонгос улсад бэлтгэж эхлэх байх.
“Монголын Төмөр зам” ТӨХК-ийн  захирал Б.Батзаяагаас цөөн асуултад хариулт авлаа.

-1100 километр төмөр зам барих түүхэн томоохон ажлыг танайх  хариуцаж авлаа. Үүнд хэр бэлтгэлтэй байна вэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2008 оны гуравдугаар сарын 20-ны өдөр Монголын Төмөр зам ТӨХК байгуулагдсан. Уул  уурхайн  салбарын эрчимжсэн хөгжил, түүнийг дагаад бүтээн байгуулалтын том ажлууд эхэлж байна. Үүнтэй уялдуулан УИХ-аас өнгөрөгч оны зургадугаар сарын 24-ний өдөр Төрөөс төмөр замын тээвэрт баримтлах бодлогын баримт бичгийг баталсан. Энэ баримт бичигт өнөөгийн хурдацтай хөгжилд нэн тэргүүнд шаардлагатай төмөр замын салбарын хөгжлийн асуудлыг тодорхойлж өгсөн. Дээр нь ашигт малтмалын түүхий эдийг түүхийгээр нь гаргах биш нэмүү өртөг шингээх талаар тодорхой заалтыг оруулж өгснөөр энэ бол түүхэн ач холбогдолтой баримт бичиг болсон. Энэ баримт бичгийн эхний үе шатыг хэрэгжүүлэх эрхийг Монгол Улсын Засгийг газраас “Монголын Төмөр зам” ТӨХК-д олгосон нь манай компанид үндэсний төмөр замын салбарын хөгжлийг тодор­хойлогч болох боломжийг олгож байна.

-Төмөр зам барих ажлын хуга­цааг хоёр жилээр тогтоосон. Мэдээж энэ хугацаанд амжиж гүйцэтгэхийг зорьж байгаа биз?

– “Монголын төмөр зам” компани хү­лээн авсан ажлаа хугацаанд нь гүй­цэтгэх болно. Гэхдээ төмөр за­мын шинэ суурь бүтцийг барьж байгуу­лах ажил бол ганц “Монголын төмөр зам” компанийн ажил бус төмөр зам­тай холбоотой ажилладаг төрийн бо­лон төрийн бус, байгууллагуудын хамтын ажиллагаа, хамтын бүтээл байх болно.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ


Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж