Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжив

Архигүй Монгол болох Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжив

Архангай аймгийн Цэцэрлэг хотод ажиллах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж иргэдтэй уулзав. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хийж хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаагаа танилцууллаа. Улс үндэстний аюулгүй байдлыг хангах, иргэний оролцоог хангах, орон нутагт эрх мэдэл өгөх , нийгмийн шударга ёсыг тогтоох, байгаль орчныг хамгаалах, монгол зан заншил, өв соёлоо хадгалан уламжлуулах, монголыг дэлхийтэй холбох зэрэг үндсэн чиглэлд хувааж хэрэгжүүлж байгаа бодлогоо тайлбарласан юм. Дараа нь иргэдийн санал хүсэлтийг сонсож, тэдний асуултад хариулсан. Энэ уулзалтын үеэр маш олон хүн, Ерөнхийлөгчийн “Архигүй Монгол” болох тухай уриалгыг дэмжиж байгаагаа хэлж, цаашдаа энэ санаачилгаа улам бүр өргөжүүлж, ажил хэрэг болгох талаар Засгийн газар, Их Хуралтай хамтран ажиллахыг санал болгож байлаа.

Аймгийн Ахмадын холбооны дарга Самданмөнх гуай “Улс үндэстний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэхээр байгаа энэ аюулыг зөв олж харж, архинаас татгалзах санаачилгыг өөрөөсөө эхлүүлсэн Ерөнхийлөгч танд талархаж байна. Үр хүүхэд, хойч үеийнхээ төлөө санаа зовж бодоход хамгийн түрүүнд архидалтын асуудал орж ирдэг байлаа. Харин одоо Улсын Ерөнхийлөгчийн “сүүтэй хундага” наас хойш хүмүүс ч ичиж, санаа зовж, архи хэрэглэхээс татгалздаг болж буй нь мэдэгдэж байна. Энэ жилийн цагаан сарын баяр тайван, аятайхан сайхан боллоо. Манай ахмадын холбоо Ерөнхийлөгчийнхөө уриалгыг дэмжиж цагаан сарын золголтоо архигүй хийж, нийт архангайчууддаа архигүй цагаан сар хийхийг уриалсан” хэмээн ярив.

Архангай аймгийн хүүхдүүдийг төлөөлж Эрдэнэмөнх хүү архигүй, тамхигүй аймаг болохыг уриалсан хүүхдүүдийн уриалгыг Ерөнхийлөгчид гардуулж өглөө. Архинаас татгалзах Ерөнхийлөгчийн уриалгын дараа  Цэцэрлэг хотын хүүхдүүд эцэг эхчүүддээ хандан архинаас татгалзахыг уриалж гарын үсэг цуглуулжээ.

Иргэн Дангаа , Ерөнхийлөгчийн уриалгыг улс орон даяар хэрэгжүүлэхэд хамгийн чухал алхам бол спирт архины үйлдвэрүүдийн тоог цөөлж, согтууруулах бүтээгдэхүүний татварыг нэмэх явдал хэмээн санал гаргалаа. Ерөнхийлөгч архинаас татгалзаж байгаа, бусаддаа хандан архинаас татгалзахыг уриалж байгаа иргэдэд талархлаа илэрхийлэв.

“Шинэ жилийн баяраар сүүтэй хундага өргөсний дараа хүмүүс энэ уриалгыг хуулиас ч илүү хэрэгжүүлж байгаа нь мэдрэгдэж байна. Маш олон иргэн архинаас татгалзах  уриалгад нэгдэж , бас цаашдаа архигүй Монгол болоход юу хийх ёстой талаар саналаа надад ирүүлж байна. Би хувьдаа Ерөнхийлөгчийн хувьд архины хэрэглээнээс татгалзахыг өөрөө үлгэрлэж байна. Одоо Төрийн тэргүүний явж байгаа газар архи задлахаа байсан, гэртээ зочилж байгаа иргэд , малчид ширээн дээрээ архи тавихаа больсон байна. Аймгуудын удирдлага хоолны ширээн дээрээ архи тавихаа больсон байна. Та бүхэн ч гэсэн төрийн байгууллагаасаа эхлээд ингэж үлгэрлэж, архины хэрэглээнээс татгалзаарай. Цаашдаа бид энэ талаар хууль санаачлан батлуулах болно. Архиар бусдыг шахсан бол гэмт хэрэг гэж үзнэ гэх мэт хатуу заалтуудыг оруулна гэж бодож байгаа” хэмээн Ерөнхийлөгч ярилаа. Төрийн тэргүүний явсан газар бүрт, уулзсан хүн бүр архинаас татгалзахыг уриалсан Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлж , архигүй ширээн дээр зочилж байлаа.

Эх сурвалж: president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж