Арбитрчдад 100 мянган евро төлөх учиртай

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Арбитрчдад 100 мянган евро төлөх учиртай

Монголын тал арбитрчдад 100 мянган евро төлөх учиртай

“Алтан дорнод Монгол” компанийн ерөнхий захирал асан С.В.Паушок болон Монгол Улсын Засгийн газрын хоорондох маргааныг олон улсын шүүх  2009 оны тавдугаар сарын 23-аас хэлэлцэж эхэлсэн. С.В.Паушокийн нэхэмжлэлийг арбитрчид хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариугаа өнөө, маргаашгүй өгнө гэх мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн яамны мэргэжилтнүүд өнгөрсөн оноос хойш өгч байгаа. Сүүлийн үед “С.В.Паушок заргаа авч Монголын Засгийн газар олон улсын шүүхэд анхныхаа ялагдлыг хүлээж их хэмжээний өрөнд орлоо” гэх мэдээлэл гарах болсон. Үүнийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Алтангэрэл үгүйсгэж байна. Түүний тайлбарласнаар Ерөнхий арбитрч Марк Лалондэ тэргүүтэй шүүгчид өнөөг хүртэл ямар нэгэн шийдвэрийг Засгийн газарт ирүүлээгүй аж. Мөн олон улсын шүүх энэ удаад өр төлбөрийн асуудлыг хэлэлцээгүй. Учир нь С.В.Паушок “Монголын Засгийн газраас ногдуулсан гэнэтийн ашгийн 68 хувийн татвар бизнес эрхлэх боломжгүй болгосон” гэж олон улсын шүүхэд хандсан. Харин Монголын Засгийн газар хуульд заасны дагуу гэнэтийн ашгийн татварт төлөх учиртай 56 тэрбум төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ хууль алт олборлодог бүх компанид үйлчилсэн учраас ОХУ болон Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг зөрчиж ялгаварлан гадуурхаагүй гэдгээ арбитрчдын өмнө тайлбарласан. Мөн С.В.Паушок Монголд бизнес эрхлэх хугацаандаа байгаль орчин сүйтгэсний нөхөн төлбөр, ажиллах хүчний квот алдагдуулж Ашигт малтмалын тухай хууль зөрчсөний торгууль гэх мэт олон төрлийн төлбөр төлөх өртэй байгааг ч Засгийн газар олон улсын шүүхэд мэдүүлсэн аж. Тиймээс арбитрчид зөвхөн дээрх маргааныг шийдвэрлэж аль тал нь гэм буруутай вэ гэдэгт л хариу өгнө. Хэрвээ “С.В.Паушок Монгол Улсад мөрдөж байсан хуулийг зөрчжээ” гэсэн шийдвэр гаргавал Монголын Засгийн газар дараагийн шатанд түүнээс гэнэтийн ашгийн татвар, байгаль орчны нөхөн сэргээлт хийхэд шаардагдах хөрөнгө зэрэг мөнгийг нэхэмжлэх боломж бүрдэнэ.

Олон улсын шүүхийн шийдвэрийг хүлээж байгаа энэ үед Монголын хууль сахиулагчдын С.В.Паушокт үүсгэсэн хавтаст хэрэг зузаарсаар байгаа. Түүнийг татвараас зугтсан, арилжааны банкаар дамжуулж мөнгө угаасан гэх хэрэгт яллагдагчаар шалгаж буй. Хамгийн сүүлд анхан шатны шүүхээр “Алтан дорнод Монгол” компанийн дампуурлыг зарлах талаар хэлэлцэж С.В.Паушокт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлэхээр болжээ.

“Монголын Засгийн газраас нэг тэрбум төгрөг авах болно” гэж олон улсын шүүхийн өмнө мэдэгдсэн С.В.Паушокийн нэхэмжлэлийн хариуг ямар шалтгаанаар хойшлуулсныг Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Алтангэрэлээс тодрууллаа.

-“Алтан дорнод Монгол” компани, Монголын Засгийн газар хоорондын маргааныг хэрхэн шийдвэрлэсэн хариугаа арбитрчид өнгөрсөн онд ирүүлнэ гэж байсан. Яагаад олон улсын шүүхийн шийдвэр гарахгүй байгаа юм бол?
-Олон улсын шүүхийн шийдвэр гараагүй. Энэ оны эхний улиралд багтаж арбитрчид шийдвэрээ гаргана гэж найдаж байна.

-Өмгөөлөгчидтэйгээ холбоотой байгаа юу. Ямар шалтгаанаар арбитрчдын шийдвэр хойшлоод байгаа юм бэ?

-Арбитрчид эцсийн шатны төлбөрөө нэхэмжилсэн. Монголын талаас төлбөрийг нь шилжүүлчихвэл шийдвэрээ гаргана гэсэн байр суурьтай байгаа гэсэн.

-Ямар учиртай төлбөр вэ. Шүүгчдэд манай улс төлбөр төлөх ёстой байсан юм уу?

-Шүүгчийн зардал гэсэн үг. Арбитрчид заргалдагч хоёр талаас зардал нэхдэг.

-Монголын тал шүүгчдэд хэдэн төгрөг төлөх учиртай юм бэ?

-100 мянган евро (168 сая орчим төгрөг).

-Тэр мөнгийг нь хэзээ шилжүүлэх вэ?

-Засгийн газраас шийдвэр гаргана.

-Олон улсын шүүх хурлаас хойш С.В.Паушокт холбогдох гэмт хэргийн шинжтэй олон баримтыг танай яамнаас явуулсан гэсэн. Арбитрчид баримтуудыг нягталж дууссан болов уу?

-Манай талаас хамаарах бүх баримтыг явуулсан. Одоо олон улсын шүүхийн шийдвэрийг л хүлээж байна.

-“Хан ресурс” компанийн нэхэмжлэлийг хэлэлцэх арбитрчдыг сонгосон уу?

-Тэр асуудлыг Цөмийн энергийн газар хариуцан ажиллаж байгаа. Олон улсын шүүхэд өгсөн маргаан болгоныг манай яам хариуцдаггүй.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж