Ерөнхий сайд бизнес форумд үг хэллээ

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд бизнес форумд үг хэллээ

Австрали улсад айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр өглөө Монгол-Австралийн бизнес форумын нээлтэд оролцож, үг хэллээ. Бизнес форум орон нутгийн цагаар 9.00 цагт Сидней хотод эхэллээ.  /Энэ нь Монголын цагаар өглөөний 06.00 цаг/ 

Ерөнхий сайдын айлчлалтай холбогдуулан зохион байгуулж байгаа Эдийн засгийн форумд Австралийн 120 орчим компани оролцож байгаагийн 80 гаруй нь уул уурхайн компани байна. Энэ арга хэмжээнд Австралийн тал нэлээд ач холбогдол өгсөн нь харагдаж байна. Бизнес форум уул уурхай,  хөдөө аж ахуйн чиглэлээр явагдах бөгөөд зам тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайд Пүрэвдорж, Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд Ж.Сауле нарын холбогдох албаны хүмүүс оролцож байна. Бизнес форумд Австралийн уул уурхайн томоохон компаниудын төлөөлөл бүгд оролцож байгаа бөгөөд Монголын хөрөнгө оруулалтын орчин, улс төр, эдийн засгийн байдлын талаар сонирхож мэдээлэл авч байна.

Форумд Ухаахудагийн олборлолтыг явуулдаг бөгөөд цаашдаа Тавантолгойн олборлолтод оролцох сонирхлоо илэрхийлсэн “Лейтон Холдинг” компанийн ерөнхий захирал David Stuard,  “Рио тинто”-гийн Зэсийн группын захирал Andrew Harding, Австрали-Шинэ-Зеландын банкны группын ерөнхийлөгч B.Smit зэрэг томчууд оролцож байна. Бизнес форумд Монголын талaaс  Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун “Монголын уул уурхай, дэд бүтцийн хөгжил”, МХАҮТ-ын дэд тэргүүн М.Оюунчимэг “Монгол дахь хөрөнгө оруулалтын орчин” сэдвээр  илтгэл тавилаа. Bloomberg  Тавантолгойн IPO-г хэрхэн хийх болон Монголын Хөрөнгийн биржийн талаар сонирхож, Ерөнхий сайдад асуулт тавьсан юм.  Ерөнхий сайд С.Батболд  хэлсэн үгэндээ болон асуултад хариулахдаа “Монгол иргэний амьдралыг тэтгэн дэмжих нь Монголын Засгийн газрын хамгийн гол асуудал байх болно” гэдгийг онцлон тэмдэглэж байв.

Яг одоо  Шинэ Өмнөд Yелсийн  захирагч, хатагтай Мари Башир Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд болон түүний гэргийг хүндэтгэн зоог барьж байна. Үүний дараа Сидней хотоор богино аялал хийгээд Ерөнхий сайд дагалдан яваа хүмүүсийн хамт Канберра хот руу ниснэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж