Ерөнхий сайд бизнес форумд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд бизнес форумд оролцож байна

Австрали улсад айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр өглөө Монгол-Австралийн бизнес форумд оролцож байна. Бизнес форум орон нутгийн цагаар 9.00 цагт Сидней хотод эхэллээ. 

Форумд 120 гаруй компани оролцож байгаагийн 80 гаруй нь уул уурхайн компани байна. Бизнес форум хоёр чиглэлээр явагдаж байна. Нэгдүгээрт, уул уурхай, хоёрдугаарт, хөдөө аж ахуйн чиглэлээр. Австралийн уул уурхайн томоохон компаниудын төлөөлөл бүгд оролцож байгаа бөгөөд Монголын хөрөнгө оруулалтын орчин, улс төр, эдийн засгийн байдлын талаар сонирхож мэдээлэл авч байна. Тухайлбал, Ухаахудагийн олборлолтыг явуулдаг бөгөөд цаашдаа Тавантолгойн олборлолтод оролцох сонирхлоо илэрхийлсэн Лейтон Холдинг компанийн ерөнхий захирал, мөн Рио Тинто, Австрали-Шинэ-Зеландын банкны группын ерөнхийлөгч зэрэг томчууд оролцож байна.

Оролцогчид Тавантолгойн IPO-г хэрхэн хийх болон Монголын Хөрөнгийн биржийн талаар нэлээд сонирхож байгаа аж. Бизнес форумд Монголын талыг төлөөлж, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун “Монголын уул уурхай, дэд бүтцийн хөгжил”, МХАҮТ-ын дэд тэргүүн М.Оюунчимэг “Монгол дахь хөрөнгө оруулалтын орчин” сэдвээр тус тус илтгэл тавилаа.

Ерөнхий сайд С.Батболд бизнес форумыг нээж хэлсэн үгэндээ болон оролцогчдын асуултад хариулахдаа “Монгол иргэний амьдралыг тэтгэн дэмжих нь Монголын Засгийн газрын хамгийн гол асуудал байх болно” гэдгийг цохон тэмдэглэж байв.
Бизнес форумын дараа Шинэ Өмнөд Иелсийн амбан захирагч, хатагтай Мари Башир Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд болон түүний гэргийг хүндэтгэн зоог барих ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж