Д.Сосорбарам: Би хэзээ ч улстөрд орохгүй

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Д.Сосорбарам: Би хэзээ ч улстөрд орохгүй

Одоогоос 21 жилийн өмнө буюу 1999 оны хоёрдугаар сарын 18-нд МоАХ-ныхон олон нийтэд хандсан анхны хурлаа хийж байсан түүхтэй. Эл өдрийг ардчиллын партизанууд өнгөрсөн баасан гаригт эргэн дурсаж, ардчиллын дархлаа сэдвийн дор хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ үеэр Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарамаас дараах тодруулгыг авсан юм.

-Та сая “21 жилийн өмнөх ардчилал хүүхдээрээ, онгоноороо байж… Тэр үед бид ассан, дүрэлзсэн, ямар их эрэмгий зоригтой байгаа вэ. Одоо бол ардчиллын дархлаа суларчихлаа” гэж хэллээ. Ардчиллын дархлаа хаана хүрээд суларчих вэ. Дүгнээд хэлбэл?

-Би бол байгаагаараа, жирийн байхыг хүний хамгийн том баялаг гэж үздэг. 21 жилийн өмнөх энэ өдөр бид Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд МоАХ-ны анхдугаар их хурлаа хийж, энэ үйл явцыг орон даяар, дэлхий даяар анхааралтай ажиглан харж байсан өдөр юм. Энэ өдрөөр улбаалж, энэ их хурлаас хойш Монголын ардчиллын дархлаа хэр зэрэг явж ирсэн бэ гэвэл чамлахааргүй амжилт авчирсан гэж хэлнэ. Иргэн бүр өмчтэй, иргэн бүр газартай, иргэн бүр гадаадад зорчих эрхтэй болсон. Чөлөөтэй туурвих, ярих эрхтэй болж, чөлөөтэй боломжууд хангагдсан. Коммунист нийгмийн дарангуйлал, хүнд суртлын дарамтаас салах зорилго байсан, 1999 оны хоёрдугаар сарын 18-н бол. Дараа дараагийн чиглэл зорилгоо тодорхойлсоор, 21 жилийг ардаа хийж. Энийг чамлахгүй, бодитой үнэлэх хэрэгтэй. Бодитой үнэлэхээр оюун санааны зөв баримжааны дархлаа их дутмаг байна гэсэн бодол төрдөг.

-Оюун санааны дархлаа суларсан гэдгийг та ямар үндэслэлээр хэлж байна вэ?

-Яагаад гэвэл, албан тушаалын сэнтийд дурлах, албан тушаалаар дамжиж хорон бодол нь үргэлжлэх. Ялангуяа албан тушаалаар дамжуулж, хэт мөнгөжих, арилжааны суудал болгож хувиргах өөдгүй алхмуудаа хийж байна. Ардчилсан нам ирэх 10 жилд эдийн засгийн шинэчлэл хийе гэж зорилго тавьсан. Эдийн засгийн шинэчлэл дээрээ нэмээд оюун санааны маш их эргэлт хийх хэрэгтэй. Монголынхоо 2.6 сая гаруй хүндээ оюун санааны гэгээрлийн боломж олгох хэрэгтэй. Гэгээрлийн боломж олгохын эхэнд чи өөрийгөө тань, мэд, өөрийгөө ойлго, өөрийнхөө өмнө хариуцлага хүлээж сур. Өөрийнхөө амьдралд хариуцлагатай ханд гэдэг зүйлийг хүмүүстээ шингээж өгөхгүй бол нөгөө л бэлэнчлэх сэтгэлгээ хэвээрээ байна. Төрийг хардаг, улстөрчдийн халаасанд ордог, лам хуврагуудын хоосон сурталд ордог хэвээрээ байна шүү дээ.

-Зарим хүмүүс “Хариуцлагын дархлааг сайжруулах хэрэгтэй байна” гэж хэлсэн.  Та үүнтэй санал нийлэх үү?

-Оюун санааны өндөр төвшингөө буй болгоогүй байж, яаж хариуцлагатай байх юм бэ. Оюун санаа сэтгэлгээний чадвар өндөр байж, сая хариуцлага ярина. Ямар ч сэтгэлгээний өндөр төвшингүй хүмүүс хариуцлагагүй л байдаг байхгүй юу.

-Тэгвэл саяхан таны удирддаг “Даяар Монголын ариун голомт” төрийн бус байгууллага хотын даргад хандан “Ленины хөшөөг буулгах”-ыг шаардсан. Уг нь та бүхэн үүх түүхээ үнэнээр нь байлгах тэр зорилго дор энэ байгууллагыг байгууллаа гэж хэвлэлийн хурлын үед мэдэгдсэн хэрнээ одоо хөшөө дурсгалтай “зууралдаж” эхлэв.  Олон нийтийн зүгээс  энэ үйл явдалд таатай хандахгүй “Со оюун санааны доройтолд орчихож” гэж шүүмжилж байна. Урлагийн хүн байж, урлагийн бүтээлийг ад үзээд гэж хэсэг ч бас байна?

-Даяар Монголын ариун голомт гэдэг улстөрийн төрийн бус байгууллагыг нэлээн бололцооны оюун санаатай, түүхчид нийлсэн хүмүүс байгуулсан юм шүү. Хөшөө зэрэгтэй зууралдаад байгаа юм биш. Цаад агуулга, цаад зорилго, цаад санааг хүн бүхэн ухаараасай билээ. Монгол Улсыг дэлхий дахин Чингисийн нэрээр илүү сайн мэднэ. Тийм учраас “Чингис хаан”-ы цогцолборыг бараадуулж, урлагийн гоо сайхны дизайнтай талбайтай болъё гэж байгаа юм. Ингэвэл дэлхийтэй хөл нийлж, даяаршиж байгаа үед энэ үйл явцад их том нөмөр болно гэж бодсон хэрэг.

-Гэхдээ “Улаанбаатар” зочид буудал төв талбайгаас нэлээд зайтай. Ленин ч бас манай улсын түүхтэй ямар нэг хэмжээгээр холбогдох л байх. Энэ утгаар нь хөөж үзвэл, хөшөө байрандаа байхад юу нь болохгүй гэж?

 -Хүннү гүрнээс эхлүүлээд өдийг хүртэлх явсан түүхэн баримжааны цогцолборыг төв талбайн өмнөх цэцэрлэгтэй уялдуулаад, “Улаанбаатар” зочид буудлын өмнөх цэцэрлэгийг мөн ийм агуулгаар баяжуулчихвал, дээрх маршрутаар хүн зон явахдаа Монголын түүхийг товчхон мэдээд авах боломжтой болно. Түүхээ мэддэггүй хүн ойд төөрсөн сармагчинтай адил гэж хэлдэг шүү дээ. Хожуу үеэ би сармагчин байлгахыг хүсэхгүй байна.  Даяар Монголын ариун голомт төрийн бус байгууллагыг байгуулсан хүмүүс энийг л баримжаалаад байгаа юм. Түүнээс хөшөө зайлуулах гээд байгаа даа ч биш. Хөшөө бол уран бүтээл.

Ленины тухайд бид дэлхий даяар хүний  буй болгосон өмч хөрөнгийг булаан дээрэмдэж, цуст яргалал хийсэн ийм хүний хөшөө Монгол Улсын ариун голомтон дунд зогсож байх эрхгүй гэж үзсэн хэрэг. Энэ ч үүднээс Ленины хөшөөг авъя гэсэн. Шаардлага биш, уриалга, хүсэлтийг хотын даргад хүргүүлсэн. Хотын даргыг зөвшөөрнө байх гэж бодож байгаа. Сталины хөшөөг бид зайлуулж, оронд нь их эрдэмтэн Б.Ренчин гуайн хөшөөг залсан. Зөв алхам болгоныг хийе, зөв бүтээл болгоныг өөгшүүлье гэж байгаа юм. Идеаль санаа, холыг харсан бодол, хожуу үедээ үнэнийг л таниулах гээд байгаа хэрэг. Үнэнийг худлаар дарж олон жил боллоо. Дарагдсан худлыг үнэнээр хучиж өгье л гэж байна, яагаад болдоггүй юм.

-Хөшөөг 72 цагийн дотор буулга гэсэн. Хугацаандаа амжихгүй ч юм уу, ер нь буулгахгүй гэвэл яах вэ?

-Би бол Г.Мөнхбаяр даргад итгэж байгаа, их хурдтай энергичний ажилсаг хүн шүү дээ. Ажил хэрэг болгоно байх.

-Үе үе таныг их улстөржих боллоо. 2012 оны сонгуульд нэр дэвших магадлалтайгаар хөшөө дурсгалаараа “оролдоод” байна уу гэж хардах хэсэг бас байна? 

-Би хэзээ ч УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй. Хэзээ ч УИХ-ын гишүүн болж доошоо орохгүй. Энийг хатуу хэлье. Монгол үндэстэн оршин тогтноё гэвэл зөв л бай гэж байгаа юм. Үнэн түүхээ ол, үнэн улбааг бараад. Омогшиж, авч явах ёстой монгол бардамнал, бахархлаар өөрсдийгөө цэнэглэ. Задаргаагаар нь хэлбэл, дуу хуур, хуур цоор юу байдаг юм энэ бүхнийгээ дэлхийн зиндаанд аваачиж тавъя л гэж байгаа юм.

-Ингэж мэдэгдэж байсан хүмүүс хэлсэн үгээ умартаад улстөрд ичихгүй орчихсон л байдаг юм даа?

-Хатуу хэлье би хэзээ ч улстөрд орохгүй. Орох байсан бол аль хэдийнэ орчихсон. Улстөрийн үйл ажиллагаанд оролцож байгаа хүмүүсийн увайгүй авирладаг авирыг би дэндүү сайн мэднэ. Тэр увайгүй хүмүүсийн дунд орж өөрийгөө хөнөөхийг би хүсэхгүй байна. Яагаад гэвэл би өөртөө дэндүү хайртай хүн. Өөрийнхөө энэ аугаа их хайраар өөрийгөө хүндэлсэн хүндлэл хайраар би хавь орчноо хайрладаг хүн. Ленины музей, Ленины хөшөөгөөр улстөржиж байгаа юм биш би. Коммунист дарангуйлалтай холбоотой бүх зүйлийг хуучин социалист орнууд аваад хаячихсан. Хуучин төрийг магтаж байсан дуу, алх хадуур бүгдийг байхгүй болгосон, манайх л байлгаад байна шүү дээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж