Сангийн яамыг мөнгө олохыг үүрэгдэв

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Сангийн яамыг мөнгө олохыг үүрэгдэв

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн агаарын чанарын алба хамтран өнөөдөр нийслэлийн агаарын бохирдлын асуудлаар уулзалт-ярилцлага зохион байгууллаа.

Нийслэлийн агаарын чанарын албаныхны тооцоогоор агаарын бохирдлыг бууруулахад эхний ээлжинд 84 тэрбум төгрөг шаардлагатай тухай онцоллоо. Дээрх хөрөнгөд зургаан төрлийн арга хэмжээг авахад зарцуулах мөнгө багтжээ. Ингэхдээ хязгаарлалтын бүсэд хамаарах 6000 өрхийн цахилгааны үнийг 50 хувь хөнгөлөхөд улсын төсвөөс зарцуулах хөрөнгийн хэмжээ хамгийн их туссан байна.

Харин үүнийг дагаад нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах хөрөнгийг шийдвэрлэхийн тулд Монгол Улсын нэгдсэн төсөвт тодотгол хийх шаардлагатай болно. Одоогоор төсөвт тодотгол хийх тухай асуудал хараахан хөндөгдөөгүй тухай энэ үеэр талууд ярилаа.

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга хэлэхдээ “Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийг УИХ намрын чуулганаар баталсан. Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор УИХ-аас мөн тогтоол баталсан. Тиймээс ойрын хугацаанд Улаанбаатар хотын удирдлагууд болоод Сангийн яамныхан уулзаж, эхний ээлжинд шаарагдах хөрөнгийн эх үүсвэр бодитой юу гэдгээ нарийвчлан тооцоо гаргаж, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх ёстой. Сангийн яам мөнгө олох ёстой. Тэгэхгүй бол жилийн жилд баахан цаг хугацаа, хөрөнгө хүч зарцуулж, бодлого боловсруулдаг. Түүнийгээ хэрэгжүүлэх болоход хөрөнгөгүй гээд суучихдаг жишигтэй. Энэ алдааг дахин давтмааргүй байна. Хэрвээ ажлаа цаг хугацаандаа хийж чадахгүй бол, хариуцлагын асуудал ч хөндөгдөнө. Хуульд энэ заалтыг тодорхой тусгасан байгаа шүү” гэлээ.

Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж