Нийслэлийн удирдлагууд иргэдтэй уулзана

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Нийслэлийн удирдлагууд иргэдтэй уулзана

Хөдөлмөр эрхлэлтийн жилийн хүрээнд  нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдтэй уулзаж тэдний санал бодлыг сонсох, уулзалт зөвөлгөөнийг энэ сарын 23-аас зохион байгуулахаар болжээ. Энэ оныг Засгийн газраас “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан.  Уг арга хэмжээтэй уялдуулан нийслэлийн төр, захиргааны байгууллага энэ жилийг “Хөдөлмөр эрхлэлт-хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласан билээ. Хөдөлмөр эрхлэлтийн жилийн хүрээнд  нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны дарга нар иргэдтэй уулзаж тэдний санал бодлыг сонсох, уулзалт зөвөлгөөнийг шат дараатайгаар энэ сарын 23-аас зохион байгуулах  болжээ. Бид энэ талаар нийслэлийн Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Г.Нандинжаргалаас тодрууллаа.

-Нийслэлийн удирдлагууд  хэзээнээс иргэдтэй уулзалт хийх юм бол оо?

-Энэ сарын 23-аас эхлэн дүүргийн иргэдтэй уулзаж,  санал бодлоо солилцоно. Дүүрэг бүр уулзалтыг зохион байгуулна. Уулзалтад нийслэл, дүүргийн Засаг дарга болон удирдах албаныхан, захирагчийн ажлын албаны газрын харъяа дарга нар оролцож “Хөдөлмөр эрхлэлтийн жил”-ийн хүрээнд хийх ажлыг танилцуулж, иргэдийн санал бодлыг сонсох уулзалт болно. Энэ сарын 23-нд гурван дүүргийн иргэдтэй нийслэлийн удирлагууд  уулзах төлөвлөгөөтэй байна.  Тухайлбал Чингэлтэй дүүргийн иргэдийг Соёлын төв өргөө, Хан-Уул  дүүргийн иргэдийг тус дүүргийн  соёлын төв, Багахангай дүүргийн иргэдийг тус дүүргийн соёлын төвд  нь тус тус хүлээн авна. 

-Бусад дүүргийн хувьд уулзалт хэзээ, хаана болох вэ?

-Дараагийн уулзалт энэ сарын 24-нд Баянзүрх дүүргийн иргэдийг  Офицеруудын ордон, Сүхбаатар  дүүргийн иргэдийг Соёлын төв өргөө, Налайх  дүүргийн иргэд тус дүүргийн Уурхайчдын соёл­ын ордонд болно. Баянгол, Сонгинохайрхан, Багануур  дүүр­гийн иргэдийг энэ сарын 25-нд тус тус хүлээн авна. Тиймээс иргэд идэвхитэй оролцож санал бодлоо илэрхийлэх байх.

-“Хүний хөдөлмөрийг дэмжих жил”-ийн хүрээнд өөр ямар ажил зохион байгуулахаар төлөвлөсөн бэ?

-Энэ жил нийслэлийн удирдлагууд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан Улаанбаатар хотын хүн амын ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх талаар дорвитой ажил хийхээр төлөвлөж, 35 мянган иргэнийг байнгын болон түр ажлын байраар хангахаар зорьж байгаа. Өнгөрсөн  оны жилийн эцсийн байдлаар нийслэлийн хүн ам 1161,8 мянга болж өмнөх оныхоос таван хувиар өссөн бөгөөд 60,9 хувь нь хөдөлмөрийн насны хүн ам байна. Тиймээс энэ жил нийслэлд 35 мянган ажлын байр  бий болгохоор ажиллаж байгаа. Мөн ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын томоохон ажлыг хийхээр төлөвлөсөн.

-Хүнийн хөгжлийн жилийн хүрээнд оюутан залуусыг дэмжиж ажиллана гэж байсан?

-Санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш нарын санаачлагаар оюуны хөрөнгө оруулалтыг дэмжих, оюутнуудад цагийн ажил хийх  төлөвлөгөөг боловсруулсан. Цаашид энэ ажлыг хэрэгжүүлэхэд  анхаарч ажиллана. Мөн “Хөдөлмөр эрхлэлт-Хүний хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд нийслэлийн засаг даргын  хэрэгжүүлэгч агентлаг, Нийслэлийн хөдөлмөрийн газар, Монголын ажил олгогч эздийн болон Улаанбаатар хотын үйлдвэрчний холбоо хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж гарын үсэг зурсан. Уг төлөвлөгөөг энэ онд иргэдийн ажлын байрны асуудлыг шийдэх хамгийн том төлөвлөгөө байх болно гэж үзэж байгаа. 

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж