П.Лхамдэгд алтан медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

П.Лхамдэгд алтан медаль хүртлээ

Германы Дюссельдорф хотноо хоёр өдөр үргэлжилсэн Гран-при тэмцээн өндөрлөлөө. Тэмцээний эхний өдөр манай тамирчин Г.Болдбаатар /эр-60 кг/, Ц.Мөнхзаяа  /эм-63 кг/ нар тус хүрэл медаль хүртсэн бол хоёр дахь өдрийн барилдаанд эмэгтэйчүүдийн -78 кг-д өрсөлдсөн ОУХМ П.Лхамдэгд аваргын алтан медалийн эзэн боллоо. Манай бөх эхний тойрогтоо хийлж, улмаар Унгар, Японы бөхчүүдийг ялж, хүрэл медалийн болзол хангасан бол хэсгийн аваргын төлөөх барилдаанд олимпийн аварга, Хятадын тамирчин Ян Сьюлиг юүко үнэлгээгээр, алтын төлөөх барилдаанд Германы бөхийг нутаг дээр нь цэвэр ялж, Дюссельдорфын татамид аваргын болзол хангаад байна.

Ням гаригт зодоглосон манай бусад бөхчүүдийн хувьд олимпийн аварга Н.Түвшинбаяр, ОУХМ Б.Тэмүүлэн нар шагналт тавдугаар байрт орсон байгаа. Ингэснээр нэг алт, хоёр хүрэл,  гурван тамирчин тавдугаар байр эзэлсэн амжилтаар Монголын тамирчид тус тэмцээнд багийн дүнгээр тавдугаарт бичигдээд байна.

Германы Дюссельдорф хотын захирагч Дирк Элберсийн ивээл дор хоёр дахь жилдээ зохион байгуулсан Гран-при тэмцээнд 64 орны 550 орчим жүдоч оролцсон юм. Ийнхүү он гарснаас хойш “World Masters”, Парисын “Их дуулга”, Будапешт, Обервартад болсон “Дэлхийн цом”-д барилдаж, оролцсон тэмцээн бүрээсээ алтан медаль хүртээд байгаа жүдочид Европ тив дэх ээлжит “тулаан”-даа дахин нэг аварга төрүүллээ.

Зургийн цомогийг ЭНД дарж үзнэ үү

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж