“Алтан бийр”-ын эзэн тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.02.20-нд нийтлэгдсэн

“Алтан бийр”-ын эзэн тодорлоо

Монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд жил бүр уламжлал болон зохиогддог энэхүү үзэсгэлэнд “Алтан бийр” үзэсгэлэн нээлтээ хийн шилдэг уран бүтээлчээ шалгарууллаа. МУЭ-ийн дэргэдэх залуу уран бүтээлчдийн нэгдлийн нэрэмжит 35 хүртэлх насны уран бүтээлчид оролцдог энэхүү үзэсгэлэн тав дахь жилдээ зохиогдон Соёл урлагийн их сургуулийн харьяа Дүрслэх урлагийн дээд сургуулийн графикийн багш О.Отгонсүрэн “Дурсамж” цуврал зохиомжоороо  “Алтан бийр”-ийн эзэн болж цом, мөнгөн шагналыг гардан авлаа. “Алтан бийр”-ийн анхны эмэгтэй ялагчтай цөөн хором ярилцлаа.

-“Алтан бийр”-ийн эзэн болсонд баяр хүргэе. Ялагч болно гэдэгтээ хэр итгэлтэй байв?
-Би “Алтан бийр” авна гэж бодоогүй байсан. Ялагч болсондоо их баяртай байна. Би анх графикийн ангид орохдоо ямар мэргэжил юу хийдэг талаар ойлголтгүй орж байсан. Харин дараа нь графикт  дурлаж, 2007 онд сургуулиа төгсөөд багшаар үлдэн ажиллаж байна. Энэ хоёр жилийн хугацаанд багшлахын зэрэгцээ аль болох үзэсгэлэн болгонд оролцохыг хичээдэг.  Би энэ үзэсгэлэнд “Дурсамж” гээд гурван цуврал зохиомжоороо орсон.

-Энэхүү бүтээл хэрхэн төрсөн бэ?
-Би бүтээлдээ “Дурсамж” гэж нэр өгсөн. Энэхүү бүтээл маань хийсвэр дүрстэй. Миний дотор дурсамжид үлдсэн бүх зүйлийг л товч бөгөөд тодорхой, хүнд ойлгомжтойгоор дүрслэхийг хичээсэн.

-Юу таныг уран бүтээлээс тань илүүтэйгээр багшийн мэргэжилд татах болов?
-Би хүүхэд байхаасаа багш болохыг их хүсдэг байсан. Багшаар үлдэнэ гэж ерөөсөө бодоогүй байсан. Би багшдаа баярлалаа гэж хэлэхийг хүсч байна. Анх манай Гандулам багш намайг “Багшийнхаа дор ажиллаж үлдэх үү” гэдэг саналыг тавьсан. Би энэхүү саналыг дуртай хүлээж аван ажиллах болсон.

-Энэ жилийн уралдааны график төрөлд залуу уран бүтээлчид нилээд түрэн орж ирсэн байна. Дүрслэх урлагийн графикийн төрөл бусад төрлөөсөө юугаараа ялгаатай вэ?
-Графикийн төрөл нь уран бүтээлчээс их хүч шаардсан хэвлэх технологи. Үүнийг уран бүтээл болгон бүтээл хийнэ гэдэг хэцүү. Уран зураг юм уу монгол зургийг бодвол техник ажиллагаа ихтэй. Скиз хийн түүнийгээ томруулан материал дээр буулган хэвлэнэ гээд олон шат дамжлагатай. Надад ажиллагаа ихтэй, хүч хөдөлмөр их зарцуулдаг нь илүү таалагддаг. Анх оюутан болоод графикаар суралцаж байхад амаргүй байсан. Харин одоо бол мэргэжилдээ хайртай. График маань дотроо модон бар, төмөр бар гээд олон төрөлтэй. Би ихэвчлэн модон бараар график хийдэг.

-Хамтарсан үзэсгэлэнгүүдэд байнга оролцдог гэсэн шүү дээ. Хэзээ бие даасан үзэсгэлэнгээ дэлгэх төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Ер нь бодож байгаа. Гэхдээ маш сайн төлөвлөж сайн уран бүтээл хийж байж бие даасан үзэсгэлэнгээ ярих хэрэгтэй байх гэж бодож байна. Дараа дараагийн үзэсгэлэнгүүд нээлттэй байгаа болохоор үзэсгэлэн бүрт илүү сайн бүтээл хийхийг хичээнэ.

-Уран бүтээлд тань амжилт хүсье.
-Баярлалаа. Дараа дараагийн “Алтан бийр”-ын эзэд болох залуу уран бүтээлчдэдээ урлагийн амжилт хүсье.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж