
Их Британийн Лондон хотноо өмнө нь долоон удаа хойшилсон Монголын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг Германы талд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх анхан шатны шүүх хурал өнгөрсөн баасан гарагт болж түүнийг Германы талд шилжүүлэх шийдвэр гаргав. Энэ удаагийн шүүх хуралд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Элчин сайд Б.Алтангэрэл, ГХЯ-ны Консулын газрын захирал Д.Ганхуяг, Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Ц.Болор, ЭСЯ-ны зөвлөх, консул Н.Батаа нар болон Б.Хурцын эхнэр, хүү нь оролцжээ. Өнгөрсөн оны есдүгээр сараас хойш тус улсад тодорхойгүй шалтгааны улмаас саатуулагдаад байсан Б.Хурцад холбогдох хэргийг Английн шүүх ийнхүү шийдлээ. Гэхдээ үүнийг Монголын тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд давж заалдахаар болсон байна. Монголдоо хуруу дарам цөөхөн нууц албаны ажилтнуудын нэг төдийгүй одоогийн хашиж байгаа ажил нь ч төрийн өндөр албан тушаал учраас Засгийн газар болон холбогдох яамныхан түүнийг шилжүүлэн авахаар өнөөг хүртэл чамгүй их санаа тавьсан юм. Нэг талаар манай төрийн өндөр албан тушаалтан гадаадад саатуулагдаж, шүүхээр шийдвэрлүүлж, Монголын Засгийн газраас төлөөлөгч, өмгөөлөгч илгээж байсан гэдгээрээ энэ бол яах аргагүй анхны тохиолдол болж байна. Ерөнхийдөө Б.Хурцын хувийн намтар нь хууль зүйн салбартай, тодруулбал тагнуулын байгууллагатай холбоотой байсан гэхэд болно. Мэргэжлийн хүмүүс ч түүнийг хариуцсан ажилдаа өө сэв гаргадаггүй, гүйцэтгэх ажлыг нягт хийдэг, чадалтай залуу гэж үнэлдэг юм билээ. Түүний одоо холбогдоод байгаа Д.Энхбатыг Францаас хууль бусаар баривчилж ирсэн гэх хэрэг ч нарийндаа бол төр засгаас өгсөн даалгаврыг биелүүлсэн, ажил мэргэжилтэй нь шууд холбоотой зүйл юм. Ямар ч гэсэн удаан хүлээлгэсэн анхан шатны шүүх хурал Лондонд болж, харамсалтай нь Монголын талын эсрэг шийдвэр гаргалаа. Одоо бол Б.Хурц монголчуудын хувьд гавьяатан, англичуудын хувьд буруутан болчихоод байна. Гэхдээ түүнд буюу Монголын талд дахиад нэг боломж үлдсэн билээ.
Н.МӨНХТӨВШИН
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин