Ерөнхий сайд уурхайн ажилтай танилцав

Хуучирсан мэдээ: 2011.02.20-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд уурхайн ажилтай танилцав

Ерөнхий сайд С.Батболд Австралид айлчилж байна.

Энэ сарын 16-19-ний өдрүүдэд Сингапурт улсад айлчилсан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өчигдөр орой дагалдан яваа хүмүүсийн хамт Австралийн иргэний агаарын тээврийн “Куантас” компанийн онгоцоор Сидней хотод хүрэлцэн ирээд байна. Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Австралийн Ерөнхий сайд Жулиа Гиллардын урилгаар энэ сарын 19-24-ний өдрүүдэд Австралид албан ёсны айлчлал хийх юм.

Ерөнхий сайд өнөөдөр өглөө “Экстрата” компанийн "Маунт Овен" нүүрсний уурхайтай танилцсан бол яг одоо Сиднейн алдарт “Opera haus” театрт дагалдан  яваа хүмүүсийн хамт дуурь үзэж сонирхож байна. Данийн архитектор Йорн Утзоны зураг төслөөр бүтээсэн “Opera haus” театрт нь 2007 оны зургадугаар сарын 28-нд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн байдаг ажээ. Сиднейн боомтод орших “Opera haus” дэлхийн сая сая жуулчид, урлаг сонирхогчдыг соронзон мэт татдаг бөгөөд жилд дунджаар 1500 гаруй урлагийн тоглолт, үзүүлбэр энэ театрт болж, 1,2 сая орчим зочин зорин ирдэг байна.

Австралийн хамгийн анхны бөгөөд хамгийн том хот гэгддэг Сидней нь Номхон далайн эрэг дээр байрладаг, нийт 4.3 сая хүн амтай, Австралийн бизнесийн гол төв юм. 2010 онд Сидней хот эдийн засгийн шинэчлэлийн үзүүлтээрээ тивийн хэмжээнд долдугаарт, харин дэлхийн хэмжээнд 28 дугаар байрт жагсчээ. Түүнчлэн амьдралын боломж бололцоо өндөртэй дэлхийн топ 10 хотын нэгт багтдаг юм.

Ерөнхий сайдын өнөөдөр өглөө очиж танилцсан "Маунт Овен" нүүрсний уурхай нь жилд 15 сая тонн нүүрс олборлодог бөгөөд олборлосон нүүрснийхээ дийлэнхийг боловсруулж, хагас коксжуулсан хэлбэрээр Зүүн Азийн орнуудын төмөрлөгийн үйлдвэрүүдэд нийлүүлдэг аж. Хамгийн гол нь байгальд аюулгүй технологитой, бүрэн автомат уурхай юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж