Блейк Гриффин – Шинэ эрин, шинэ аварга

Хуучирсан мэдээ: 2011.02.20-нд нийтлэгдсэн

Блейк Гриффин – Шинэ эрин, шинэ аварга

NBA-ын 60 дахь удаагийн Бүх оддын тоглолт тун гайхалтай уур амьсгал дунд үргэлжилж байна. Сагсан бөмбөгийн спортын энэхүү том баярын хамгийн их үзэгчтэй, хамгийн их хүсэн хүлээгдэж байсан Спрайт Слэм Данкийн тэмцээн дөнгөж саяхан өндөрлөлөө. Энэ жил цагаригт довтлох тэмцээнийг хүлээх хүн асар их байсан ч, уран гоё үзүүлбэрийн санаа дууссан гэж үзэх гутранги үзэлтнүүд ч дутахгүй олно байлаа. Харин тэмцээн дууссаны дараа тэдгээр хүмүүсийн бодол өөрчлөгдсөн биз ээ.

Жил бүр дуулиан шуугиан дагуулдаг тэмцээний энэ жилийн онцлог нь оролцогч бүр өөрсдийн дасгалжуулагчтай байсанд оршино. Тус тэмцээний аваргаар энэ жил шилдэг рүүки шагналыг хүртэх хамгийн өндөр магадлалтай Блейк Гриффин тодорлоо. Тэрбээр шигшээ шатанд нийслэлийн багийн төв Жавэйл МакГийтай өрсөлдсөн юм. Эхний шатанд хоёр цагаригт зэрэг довтолж, дараа нь гурван бөмбөгөөр зэрэг слэм данк хийсэн түүний санаачилга, бүтээлч хөдөлмөрийг эцсийн шатанд нэг хүн үгүй хийсэн нь Блейк Гриффин байлаа. Гриффин сүүлийн шатны эхний оролдлого хийх тоглогч байсан бөгөөд тэрбээр эхний үзүүлбэрээрээ компьютерийн тоглоом дээр л харж байсан гайхалтай үзүүлбэрийг хийсэн. Өөрөө самбарт ойлгоод, маш өндөрт үсрэн тохойгоо цагаригт углачихсан. Харин МакГий түүний хариуд алдарт Доктор Жей, агуу Майкл Жордан нарын хийдэг үзүүлбэрийг самбар доогуур гарч хийн баяжуулж чадсан юм.

Гэхдээ энэ өдрийн оргил үзүүлбэрийг Бүх оддын тоглолтод сонгогдоод байгаа Блейк Гриффин хийсэн юм. Тус тэмцээний түүхэнд хамгийн анх удаа талбайд машин оруулж ирэн, мөн найрал дууны хамтлаг гаргаж ирэн үзүүлбэрээ хийсэн нь тэр. Багийн анд Барон Дэвис нь машин дотроос дамжуулалт өгөхөд Гриффин машины хамар дээгүүр дүүлэн цагаригт довтолж чадсан. Түүний энэ санаа өрсөлдөгчид нь дарамт болсон нь илт харагдсан бөгөөд МакГий сүүлийн бэлдсэн үзүүлбэрээ хийлгүй энгийн үзүүлбэр хийсэн. Үзэгчдийн саналаар Гриффин аварга боллоо. Түүний дасгалжуулагчаар ажилласан Кенни Смитийн хэлж байсанчлан энэ залууд чадахгүй үзүүлбэр байхгүй юм байна.

Тэмцээнийг “Торонто Рэпторс”-ын ДиМар ДиРозан эхлүүлсэн бөгөөд самбарын ард ойлгосон дамжуулалтыг аван самбарын эгц хажуугаас хоёр хөлийн завсраар гарган хийсэн үзүүлбэр, мөн түүний хоёрдугаар шатанд хийсэн үзүүлбэр нь өмнө нь огт хийгдэж байгаагүй үзүүлбэр байлаа. Түүнээс гадна Сөрж Ибакагийн торгуулийн шугамны араас хийсэн үзүүлбэр, мөн бяцхан жаалын найзаа аварсан үзүүлбэрүүд өрсөлдөгчдөөс нь болоод хэдхэн хормын дараа мартагдсан юм. Ийнхүү цагариган дээрээс довтлох тэмцээний шинэ эрин ирж, шинэ аварга төрлөө.

Бичлэг үзэх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж