Г.Болдбаатар, Ц.Мөнхзаяа нар хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.20-нд нийтлэгдсэн

Г.Болдбаатар, Ц.Мөнхзаяа нар хүрэл медаль хүртлээ

IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны 2011 оны уралдаан, тэмцээний календарчилсан төлөвлөгөөнд багтсан олон улсын чанартай 40 гаруй тэмцээний энэ оны анхны Гран-при тэмцээн Германы Дюссельдорф хотноо өчигдөр эхэллээ. Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй Дюссельдорфын Гран-при тэмцээнд 64 орны 550 орчим жүдоч өрсөлдөж байна.

Дюссельдорфын татамид эхний өдөр хүч үзсэн манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд хүч үзсэн Г.Болдбаатар, эмэгтэйчүүдийн 63 кг-д өрсөлдсөн Ц.Мөнхзаяа нар хүрэл медаль хүртлээ. 100 мянган ам.долларын шагналын сантай Дюссельдорфын гран-при тэмцээний хуваарь ёсоор өчигдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаан болж, эдгээр жинд манай тамирчдаас Г.Болдбаатар, Ч.Болдбаатар нар 60 кг-д, Х.Цагаанбаатар, Б.Хишигбаяр нар 66 кг-д, С.Ням-Очир, Г.Одбаяр нар 73 кг-д, харин эмэгтэйчүүдээс 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-д М.Бундмаа, Б.Солонго, 63 кг-д Ц.Мөнхзаяа нар хүч үзсэн юм. Өнөөдөр тэмцээн хүнд жингийн барилдаанаар үргэлжилнэ.

Сонирхуулахад, Дюссельдорфын гран-прид олимпийн аварга найм, тэдгээрээс Бээжингийн олимпийн тав, Афины олимпийн гурван аварга, мөн 18 дэлхийн аварга тамирчин зодоглож байна. Ийнхүү Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид өнгөрсөн сарын дундуур болсон Бакугийн “World Masters”, залгуулаад Парисын “Их дуулга”, Будапешт, Обервартад болсон “Дэлхийн цом”-д барилдаж, оролцсон тэмцээн бүрээсээ медаль зүүгээд байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж