Долоо хоногийн онцлох нийтлэл

Хуучирсан мэдээ: 2011.02.20-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох нийтлэл

Н.Энхбаяр, МАХН + Ногоон үзэл

Ногоон
намынхан намын даргаа намаас хөөжээ. Инээдэмтэй, бас эмгэнэлтэй ч юм
шиг сонсогдож байна уу. Намын даргаа намаас хөөчихөөд өөрсдөө хаана
толгой хоргодох гэсэн юм бол гэж. Ер нь тэгээд манайд улс төр хийх, улс
төрийн нам байгуулах гэдэг ч тоглоом болсон юм байна. 801 хүний гарын
үсэг цуглуулж, Улсын дээд шүүхэд бүртгүүлээд л болоо. Үүнээс цаашихыг нь
бол тухайн намын дарга удирдлагууд мэддэг. Ёстой нөгөө лаагаа иднэ үү,
луувангаа иднэ үү падгүй болж байгаа юм даа.

Гэвч нэг зүйлийг тэд
дутуу бодоод байна. Д.Энхбат гэдэг хүн Баянгол дүүргийн 200 мянган
сонгогчийг төлөөлж, тэдний өгсөн саналаар УИХ-д сонгогдсон болохоос
өөрөө өөрийгөө томилчихоогүй. Хэдийгээр УИХ-д ганцхан суудалтай ч гэсэн
үүнийг чамлах эд биш.

Хэдхэн хоногийн өмнө Ногоон намын дарга
Д.Энхбат, ИЗН-ын дарга С.Оюун нар хоёр намыг нэгтгэх тухай гэрээнд гарын
үсэг зурсан. Намуудыг нэгтгэхдээ Улс төрийн намын тухай хуулийн дагуу
Ногоон намын үйл ажиллагааг зогсоож, татан буулгаад ИЗН-д нэгтгэх
шийдвэрийг намын удирдлагууд гаргаад байгаа. Хэрвээ хоёр намыг нэгэн
зэрэг татан буулгах юм бол тус намуудын хорь шахам жилийн түүх үгүй
болж, Улсын дээд шүүх дээрх бүртгэл ч гэсэн хойшоо ухран адагт бичигдэнэ
гэсэн үг. Тиймээс Ногоон намын дарга Д.Энхбат өөрийн намыг татан
буулгах шийдвэр гаргаж, С.Оюун хариуд нь шинээр байгуулах ИЗНН-ын даргын
суудлыг түүнд зэхсэн хэрэг.

Гэвч 20 жил “нэг гишүүнтэй нам”
гэгдэж ирсэн ногоон намд намын даргаас нь өөр хүн бас байдгийг өнгөрсөн
пүрэв гаригт болсон үйл явдал санууллаа. Тус намын Ёс зүйн хорооны дарга
н.Чинзориг “Ёс зүйн хорооны шийдвэрээр Д.Энхбатыг намаас хассан” тухай
мэдээлсэн. ИЗН-тай байгуулсан гэрээ ёсоор ирэх гуравдугаар сард хоёр нам
их хурлаа хийж, нам нэгтгэх тухай шийдвэрийг батлах ёстой байв. Гэвч
үүнээс урьтаад Ёс зүйн хороо нь намын даргаа намаас хөөчихлөө. Ингээд
намгүй дарга, даргагүй намын тоо дахиад нэгээр нэмэгдэв. Шалтгаан нь тэд
Ногоон намыг татан буулгах тухай удирдлагынхаа шийдвэрийг хүлээн
зөвшөөрөхгүй гэж байна. Мөн “Ногоон үзлийг иш үндэс болгоно” гэсэн
С.Оюун даргын үгэнд ч итгэж үнэмшихгүй гэнэ.

Уг нь энэ асуудлыг
Ногоон намын бага хурлаар бараг жил тойрон ярьж байж, сая ойлголцолд
хүрсэн юм гэнэ лээ. Тэгсээр атал намын удирдлагын шийдвэр гарч, ИЗН-тай
гэрээнд гарын үсэг зурсны дараа ийнхүү эсэргүүцэх болсон шалтгааныг
гаднаас хайх хүмүүс ч олон байна. Сүүлийн хэдэн жил Монголын улс төрийн
амьдралд өрнөсөн үйл явдал бүхний “ард” байдаг хоёр л хүн бий шүү дээ.
М.Энхсайхан, Н.Энхбаяр гэж. Н.Энхбаярыг нам байгуулснаас хойш
М.Энхсайхан ч бас хөдөлгөөнд орж эхэлсэн, шинэ намын байраар гүйдэлтэй
болсон гэх юм билээ. ҮШН-ын дарга Ц.Цолмон ч бас намынхаа нэрийн өмнөөс
Н.Энхбаярт баяр хүргэж, цэцэг шидлээд амжсан. Тиймэрхүү “нялуун” зүйлээс
нэг их цэрвэдэггүйгээрээ М.Энхсайхан л үүнийг сэдсэн биз. Тиймээс хоёр
эрхмийн сүүл үеийн сүжрэл Ногоон намынхны хагарлын үндэс байж магадгүй
гэх хардлага явж байгаа.

Учир нь Н.Энхбаяр Монголын алдартай
хувьсгалт нам ч бай, Монгол ардын хувьсгалт нам ч бай, аль нэг нэрийг
Дээд шүүх дээр бүртгүүллээ гэхэд сонгуулийн саналын хуудсан дээр адагт
нь л бичигдэж таарна. Дээд шүүх дээр бүртгэлтэй хорь гаруй намаас
хамгийн адагт нь. Үүнийг дутуу тооцох хүн Н.Энхбаяр биш тул эхний гуравт
бичигдэж байгаа Ногоон намын нэр тэдэнд жийрэг болохыг үгүйсгэхгүй.
Баабар хүртэл зөгнөөд байсан биш билүү. Гуравдагч хүчний орон зайг
М.Энхсайхан, Н.Энхбаяр нар л нөхөж чадна даа, бусад нь бол барахгүй гэж.
Ерөөл ч бай, хараал ч бай энэ үг одоо үнэд орж эхэлж байх шиг. Учир нь
ИЗН ч, Ногоон нам ч аль аль нь хөдөөд бол бараг л хөлгүй намууд.
Монголын төрд 13 жил хаанчлахдаа бий болгосон Н.Энхбаярын нэр, имижтэй
яаж зүйрлэх юм. МАХН гэдэг товчлол, Н.Энхбаярын нэр дээр Ногоон намын
Дээд шүүх дээр гуравт бичигдсэн эрэмбийг аваад наачихвал ирэх сонгууль
хэнийх болох вэ гэдэг асуулт олон улстөрчид айдас төрүүлж байгаа. Тэр
тусмаа МАН, АН хоёр засагт хамтарч ороод бие биедээ хатуу үг ч хэлж
чадахаа байчихсан өнөөдрийн нөхцөлд Н.Энхбаяр л ард түмний талд харагдаж
байгаа, ялангуяа хөдөөгийнхөнд. Түүнээс гадна Н.Энхбаяр одоогийн МАН,
Ардчилсан нам хоёрын хоршлыг задлах, хагалахын тулд чөтгөртэй ч эвсэхэд
бэлэн байгаа.

ИЗН, Ногоон намууд сая нэгдэх гэрээнд гарын үэг
зурахдаа бас нэгэн тохиролцоо хийсэн нь өөр бусад намыг өөртөө дахиж
нэгтгэхгүй байх. Уг нь бол гуравдагч хүчний эвслийн тухай яриа
“моод”-онд орж байх өнгөрсөн цаг үед ҮШН зэрэг жижиг намууд ч ИЗН-тай
нэгдэх сонирхлоо илэрхийлээд амжсан. Гэвч ИЗН, Ногоон намын дарга нарын
сая байгуулсан гэрээний дараа энэ зам хаагдсан гэсэн үг. Энэ нь жижиг
намын том даргын хувьд шархан дээр нь давс үрсэнтэй адил зүйл болсон
билээ. Тиймээс намын даргаа намаас хөөсөн О.Бум-Ялагч, Балсандорж нарын
ард ногоон үзэл биш, М.Энхсайхан, Н.Энхбаяр нар байвал яах вэ. Тэгвэл
ИЗНН-д орсон Д.Энхбатад бус, тэдэнд баяр хүргэх хэрэгтэй болно. Энэ чинь
л улстөрчийн мэдрэмж. Д.Энхбатын хувьд яах вэ, өөрөө унасан хүүхэд
уйлдаггүй гэдэг биз дээ.

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж