Д.Энхбат: Энэ хурал бол улс төрийн шоу

Хуучирсан мэдээ: 2011.02.19-нд нийтлэгдсэн

Д.Энхбат: Энэ хурал бол улс төрийн шоу

Монголын ногоон намын дарга Д.Энхбат Иргэний Зориг намтай нэгдэх гэрээнд гарын үсэг зурсан нь бөөн асуудал үүсгээд байгаа юм. Тиймээс Монголын Ногоон намын зарим гишүүн "Намаа аврах vндэсний хороо"-г байгуулсан. Тус хорооноос Онц их хурлаа өнөөдөр хуралдууллаа. Мєн тэд єєрийнхєє намыг ямар нэгэн удирдах хvчингvй болсон гэж vзэж буй бєгєєд дотоод зохион байгуулалтынхаа асуудлыг ч тодорхой болгохоор хэлэлцэж байна. Энэхүү Онц их хуралд оролцохоор ирсэн намын даргаа хурлаас хөөсөн гэх мэдээлэл байгаа бөгөөд энэ талаар Монголын ногоон намын дарга Д.Энхбатаас тодрууллаа.

-Танай намын Онц их хурал юу болоод байна. Таныг хурлаас хөөсөн гэх мэдээлэл ирлээ?

-Нэгдүгээрт, энэ бол манай намын Онц их хурал биш. Би сая тэнд яг юу болоод байгааг нүдээр үзэхээр очсон юм. Надтай хамт манай намын хэсэг гишүүн явсан. Гэтэл цагдаа нар хамгаалалтад нь гарчихсан байна лээ. Хурал зохион байгуулж байгаа гэх хүмүүс Ногоон намынхныг оруулахгүй байх хэрэгтэй гэсэн үүрэг өгсөн юм байлгүй, цагдаа нар  манай нөхдийг оруулаагүй. Би УИХ-ын бүрэн эрхтэй гишүүний хувьд дотогшоо, хурал болж байгаа заал руу нэвтэрч чадсан. Тэд нэг заал түрээслээд авчихсан, тэнд нь 100 орчим хүн сууж байна лээ. Тэдний 30-аад нь манай намын гэх нөхдүүд, үлдсэн нь хаанаас ирсэн, хэн гэдэг нь тодорхойгүй, манай намын бус хүмүүс байсан. Миний бие намын даргын хувьд тэнд болж буй үйл явдалд оролцож, юу болоод байгааг асууж лавлах, асуудлыг аядуу зөөлнөөр шийдвэрлэх хэрэгтэй гэж бодсон. Харамсалтай нь тэгж чадсангүй. О.Бум-Ялагч, Н.Баасандорж нарын нөхдөд тэнд байгаа хүмүүсийн нүдэн дээр мэтгэлцээн явуулах санал гаргасан юм, би. Тэд зөвшөөрөөгүй, хурал завсарлалаа гээд гараад явчихсан. Ийм л юм боллоо.

-Монголын Ногоон намын онц их хурал биш гэсэн үг үү?

-Тийм. Энэ бол манай намтай ямар ч хамаагүй  зүйл. Намын бус нөхдүүд Ногоон намын туг далбаа, лого-г тавьчихаад хуралдаж суугаа нь хууль бус зүйл. Яг одоо намын бага хурлын гишүүд энэ талаар ярилцаж байна. Улс төрийн намын хуулийн дүрэм нэгдүгээрт зөрчиж байна. Хоёрдугаарт, Монголын ногоон намын дүрмээр Онц их хурлыг бага хурлын гишүүдийн олонхийн саналаар шийдэх учиртай. Тэгэхээр энэ хурал бол улс төрийн явуулгатай, улс төрийн шоу.

-Энэ хэн нэгний явуулга байж болох уу?

-Би үүнийг үгүйсгэхгүй байна. Тийм байж болох хангалттай үндэслэл бий. Яахаараар нэг улс төрийн намын хэрүүлд төрийн цагдаа оролцоод, хэсэг бүлэг хүний хууль бус хурлыг манаж зогсох ёстой юм бэ гэсэн асуулт байна. Төрийн цагдаа бол Монголын төрийг хамгаалах учиртай болохоос аливаа улс төрийн намын дотоод үйл явдалд оролцож явах ёсгүй. Тэгэхээр ямар ч байсан нарийн зохион байгуулалттай хийж буй хэн нэгний үйлдэл гэж бодогдоход хүрээд байна.

-Танай намын бага хурал хэдэн гишүүнээс бүрддэг вэ. Монголын ногоон нам онц их хурлаа хэзээ хийх вэ?

-Манай намын бага хурлын гишүүн 21 байдаг. Үүнээс дөрвөн хүн намын бодлогын эсрэг яваад байгаа. Бид саяхан бага хурлаа хийгээд ирэх гуравдугаар сард, Онц их хурлаа хуралдуулах шийдвэр гаргачихсан шүү дээ.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж