Гишүүд ээ, амьдралтай танилц!

Хуучирсан мэдээ: 2011.02.19-нд нийтлэгдсэн

Гишүүд ээ, амьдралтай танилц!

УИХ-ын намрын чуулган засварлаж, гишүүд хоёр сар орчмын хугацаанд саарал ордноос ангид ажлаа явуулна. Тухайлбал, намрын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын Эдийн засгийн  байнгын хорооноос  хэд хэдэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцах уулзалтын зохион байгуулахаар товлоод буй. Тус байнгын хорооны төлөвлөгөөнд тусгагдсанаар бол Замын-Үүдийн гааль, чөлөөт бүсийн үйл ажиллагаа, Цөмийн энергийн тухай хуулийн хэрэгжилт болон “Мон-Атом” компанийн үйл ажиллагаатай танилцах гэнэ. Мөн  Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хорооны 2010 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, 2011 онд Байнгын хороонд сонсох мэдээллийн хуваарийн дагуу зарим мэдээллийг сонсох, “Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ” сэдвээр Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тайлан-мэдээллийг нээлттэй сонсгол хэлбэрээр сонсох зэргээр ажлаа төлөвлөсөн  байна.
Байгуулагдаад багагүй хугацааг үдээд байгаа “Мон-Атом” компаний үйл ажиллагаа  эрхэм гишүүдийн сонирхлыг юуны учир, гэнэт татах болов. Тэр тусмаа Олон улсын арбитрын шүүхэд хандаж, “Хан ресурс”-ийн зүгээс Монгол Улсын Засгийн газар, “Мон-Атом” компаниас 200 сая ам.долларыг нэхэмжлээд байгаа энэ үед эрхэм гишүүд тус компанийн үйл ажиллагаатай танилцах болсны шалтгаан юу байв. Үйл ажиллагаа нь хэтэрхий нууцлагдмал тус компанийн ОХУ-тай хамтарсан “Дорнод Уран” компани байгуулах асуудал сунжирч байгаатай холбоотой байж болохыг ч үгүйсгэхгүй.
Түүнчлэн УИХ-ын Эдийн засгийн  байнгын хорооныхны танилцах ажлын төлөвлөгөөнд чөлөөт бүс багтаад байгаа. УИХ-аас 2002 онд чөлөөт бүс байгуулах шийдвэр гарасан бөгөөд есөн жил мартаад орхисон шийдвэрээ хэрхэн хэрэгжиж байгаатай эрхэм гишүүд танилцахаар шийджээ. Тэд цаасан дээр босгосон үүд хаалга нь нээгдээгүй, үзүүлэх зүйл багатай чөлөөт бүсийн дүр зургийг л харах болов уу. Монгол Улс Алтанбулаг, Замын-Үүд, Чойрын гэх дөрвөн чөлөөт бүстэй болохоор аль хэдий төлөвлөсөн ч “мөнгө”-гүй гэх шалтгаанаас болоод өнөөдөр дээрх эдийн засгийн чөлөөт бүсүүдийг хаана байгуулах нь бараг мартагдах шахаад байгаа юм. Уг нь 2008 он гэхэд ажлаа хэдийн эхэлчихсэн байх ёстой чөлөөт бүсүүд 2015 онд горьдлого тавьж буй юм билээ. Арваад оны өмнөх шийдвэрээ ажил болсон эсэхийг өнөөдөр биш өчнөөн жилийн өмнө шалгаж болох л байлаа.
Тус байнгын хорооныхон жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ” сэдвээр Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тайлан-мэдээллийг нээлттэй сонсголыг сонсох нэг ажил бий. Мэдээж, сайд ажлаа магтаж, өнгөрсөн онд 30 тэрбумыг жижиг дунд үйлдвэрлэгчдэд олгосон гэх биз.
Уг нь эрхэм гишүүд энэ тэр байгууллагын үүд татаж, аар саархан мэдээлэл сонсч сууснаас иргэдийн амьдрал, инфляцийн хөөрөгдлөөс үүссэн үнийн хөөсрөл, жижиг дунд үйлдвэрлэгчдэд учирч буй бэрхшээл, зовлонтой нүүр тулсан бол илүү бүтээлч ажил болох байлаа. Дугаар хорооны иргэн Дугар гуайн амьдралтай танилцаж,  автобусаар “аялж”, эмзэг бүлгийн өрхийн үдшийн хоолны “цэс”-энд өөхтэй мах байгааг шалгаад нэг үзээрэй. “Нарантуул”-ын наймаачдад ямархуу бэрхшээл учирдгийг сонирхож, татварын дарамт, төрийн хүнд суртал үйлдвэрлэгчдэд хэрхэн нөлөөлж буйтай танилцчихвал л энэ улсын иргэд хэрхэн амьдарч, эдийн засгийн бодит хөгжил ямар байгааг олж харж чадах юм. Сайдын ажлаа магтсан сайрхуу тайлан, албаны хүмүүсийн  албархуу үгнээс энгийн иргэдийн амьдрал энэ улсын хөгжил ямар байгааг элдэв тайлбар нуршилгүйгээр төвөггүйхэн хэлээд өгөх боловуу, эрхэм гишүүд та бүхэнд. Та бүхний баталсан хууль иргэдэд хэрхэн хүрч байгааг шалгах энгийн бодит ажил энэ л байна. 

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж