Арабын орнуудад үймээн дэгдэнэ гэжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.19-нд нийтлэгдсэн

Арабын орнуудад үймээн дэгдэнэ гэжээ

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн оны наймдугаар сард Арабын орнуудын байдлын талаар нууц илтгэл бэлтгэх үүрэг өгсөн тухай The New York Times сонинд нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлсэн байна.
Ойрын үед улс төрийн шинэчлэл хийхгүй бол Египет, Бахрейн, Йеменд эсэргүүцэл гарна гэж тэр илтгэлд шинжээчид дүгнэсэн байлаа. Үймээн гарлаа гэхэд арабын олон авторитар дэглэм АНУ-ын чухал холбоотнууд байгаа нөхцөлд хэрхэн ямар маягаар хандахыг тэр 18 хуудас бүхий илтгэлд шинжээчид зөвлөсөн байв.
Олон нийтийн эсэргүүцэл гарах гол шалтгааны нэгд шинжээчид арабын хүн амын бүтцэд залуучууд давамгайлах болсон явдал гэж үзсэн байна. Арабын орнуудын боловсролын системийн хоцрогдол, эдийн засгийн уналт мөн Facebook ба Twitter сүлжээний технологиор үйл ажиллагаагаа сөрөг хүчнийхэн нэгтгэж болох зэрэг шалтгааныг бас тэнд тэмдэглэсэн байжээ.
Илтгэлийг Ойрхи Дорнодын асуудал хариуцсан Обамагийн зөвлөх Деннис Росс (Dennis Ross) удирдан боловсруулжээ. Илтгэлийн талаар Обамад байнга  мэдээлж байсан ба одоо ч энэ илтгэлийн судалгааг үргэлжлүүлж байгаа гэнэ.
Арабын орнуудад өрнөж буй үйл явдалд Вашингтоны хандлага тууштай биш байлаа. Эхлээд Обама Египетийн хэрэг явдлын талаар төвийг сахисан байдлаар жагсагчдад хандан хүч хэрэглэхгүй байхыг уриалж байв. Хямрал гүнзгийрэх тусам Обама ерөнхийлөгчийг нь огцор гэж шууд хэлээгүй ч Египетэд улс төрийн шинэчлэл хийхийг шаарсан билээ. Ираны сөрөг хүчнийг дэмжихдээ л АНУ тууштай байгаа билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж