Хуучирсан мэдээ: 2011.02.19-нд нийтлэгдсэн

Хоёрдугаар сарын 19

Тэмдэглэлт өдөр
Туркменистаны Төрийн далбааны өдөр
Туркменистаны ерөнхийлөгч Сапармурат Ниязов 1994 оны энэ өдөр «Туркменистаны Төрийн далбааны баярын тухай» зарлигт гарын үсгээ зуржээ. “Туркмен түмний тусгаар улс болох олон зууны мөрөөдлийн дагуу жил бүрийн Байдак сарын 19-ний өдөр Туркменистаны Төрийн далбааны өдрийн баярыг тэмдэглэж, энэ өдрийг ажлын бус өдөр болгосугай” гэж уг зарлигт өгүүлсэн байв. Туркмены төрийн далбаа нь ногоон өнгөтэй ба зүүн хэсэгт нь байрлах босоо хүрэн улаан зураас дээр тус улсын бэлгэдэл болсон туркмен хивсний таван гёлей гэх угалзыг байрлуулсан байна. Улаан хүрэн зураасыг тус орны төвийг сахисан статусийг харуулсан чидун жимсний модны хоёр мөчрийг зөрүүлэн төгсгөжээ. Ногоон дэвсгэрийн зүүн дээд буланд хавирган сар ба таван цагаан хошууны зурагтай.

Өдрийн ишлэл
"Тэр юу хийгээд байна вэ?"

(Переяславûí радын 300 жилийн ойгоор 1954 оны хоёрдугаар сарын 19-ны өдөр Н.С. Хрущевын шахалтаар Крымын хойгийг Украинд шилжүүлэх зарлигт гарын үсэг зурах үеэр В.М. Молотовын шивнэн хэлсэн үг)
Крым. Алупка. Воронцовын ордон
ЗХУ-ын Гадаад явдлын яамны сайд, Улс төрийн товчооны гишүүн, Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Вячеслав Михайлович Молотов намынхаа дээд удирдлагын шийдвэрт дургүйцлээ хэзээ ч гаргаж байгаагүй гэдэг. Крымийг ОХУ-аас өөр улсад шилжүүлж байгааг харсан тэрбээр ийнхүү шивнэжээ. Үүнээс гурван жилийн дараа тэрээр Хрущевыг унагахаар оролдон Төв хорооны хуралдаан дээр хүчин мөхөсдөөд тэр байгууллагаасаа чөлөөлөгдөн Монголд суух Элчин сайдаар томилогдсон байлаа.

Үйл явдал
Цаг агаарын газрын зураг төржээ
1855 он: Синоптикийн зураг нь («нэгэн зэрэг тоймлогдсон») цаг уурын олон станцын мэдээг тусгай тэмдгээр тэмдэглэсэн газар зүйн зураг юм. Ийм зураг тухайн цагийн цаг уурын байдлын талаарх нийтлэг зураглалыг өгдөг. Зургийг бүтээхэд агаарын урсгал, циклоны үүсэл, фронтуудын хөдөлгөөнийг тооцон гаргадаг.

Цаг, уурын зургийн төрсөн өдрийг 1855 оны хоёрдугаар сарын 19 гэдэг. Парисийн одон орон судлалын төвийн захирал, Нарны аймгийн найм дахь гаригийг 1848 онд нээсэн, одон орон судлалын онолч Урбен Леверье (1811-1877) Европын тэр өдрийн цаг  уурын 9-10 цагийн шуурхай зургийг Парисийн шинжлэх ухааны академид танилцуулжээ. Телеграфаар Европын хотуудаас ирсэн мэдээнд үндэслэн уг зургийг бүтээсэн байжээ. Анхны зурагт ижил даралтын шугам зурагдсан байсан бөгөөд тэр нь битүү хэлбэртэй байлаа. Тэр хэлбэрт цаг уурын өөрчлөлт гаргадаг өндөр ба нам даралтын салбарууд хамрагдсан байв. Орчин үеийн зураг нь анхдагчаас арай их мэдээлэлтэй боловч үнэн чанар нь хэвээр үлдсэн байгаа.

Дуун бичлэгийн эрин эхлэв
Фонограф

1878 он: Дуу авианы механик бичлэгийн төхөөрөмжийг Томас Эдисон бүртгүүлээд фонограф гэж нэрлэжээ. Тэр төхөөрөмж нь дуу бичлэгийн эринийг эхлүүлсэн билээ.
Энэ төхөөрөмж нь тугалган цаасан дээр бичигдсэн дууг дахин гаргаж болох чадвартай байв. Анхны дуу бичлэг нь тугалган цаасанд гаргасан гүнзгийрүүлсэн зураас байсан ба түүнийг төхөөрөмжийн эргэлдэг цилиндрт бүрсэн байв. Төхөөрөмжийн үнэ 18 ам.доллар байжээ.
Уг төхөөрөмжийг нийтэд танилцуулсны дараа Эдисон алдар цуутай болсон бөгөөд түүнийг “Менло Паркийн ид шидтэн” гэж нэрлэж байлаа. Эдисон цаашид өөрийн төхөөрөмжөө сайжруулж шинэчилж ирснээс гадна бусад зохион бүтээлтийн 80 патентыг авсан гэдэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж