“Баянхонгор” худалдааны төвтэй танилцав

Хуучирсан мэдээ: 2011.02.19-нд нийтлэгдсэн

“Баянхонгор” худалдааны төвтэй танилцав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёрдугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймагт хүрэлцэн ирсэн билээ. 80 мянга гаруй хүн амтай тус аймаг бүтээн байгуулалт, оновчтой хөрөнгө оруулалт, ажлын байрны нэмэгдүүлэлт, иргэний төлөө төрийн үйлчилгээг нэвтрүүлж байгаа  зэрэг сайн сайхан мэдээтэй Ерөнхийлөгчийг угтлаа.
Баянхонгор аймагт жижиг, дунд үйлдвэрлэл хөгжиж байгааг “Их тэнгэрийн хүч” сүүний үйлдвэрээс харж болно. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Сүү” хөтөлбөрийн хүрээнд тус үйлдвэр 2009 онд 72 сая төгрөгийн зээл авч үйл ажиллагаагаа эхэлжээ. Ажлын байр наймыг  шинээр бий болгосон байна.  Эднийх өдөрт 20 өрхөөс сүү худалдан авч, аймгийн төвийн сургууль, цэцэрлэгүүдэд  гэрээгээр сүү, тараг, зөөхий зэрэг сүүн бүтээгдэхүүн нийлүүлж байна.
 “Хэрвээ манай бүтээгдэхүүн тетрапак савлагаатай болчихвол бид өнөөдөр үйлдвэрлэж байгаа хэмжээнээс тав дахин их үйлдвэрлэл явуулах боломжтой. Манай орон нутгийн хэрэглэгчид ч стандартын шаардлага хангасан аюулгүй хүнс хэрэглэх хүсэлтэй, худалдан авах чадвартай болсон” гэж үйлдвэрийн захирал М.Цогт ярьж байна. “Их тэнгэрийн хүч” шиг ийм сүүний үйлдвэр улсын хэмжээнд дөрөв ажиллаж, хэрэглэгчдийг чанартай бүтээгдэхүүнээр хангаж “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Үйл ажиллагаагаа эхлээд удаагүй ч бизнес нь амжилттай явж байгаа бас нэгэн аж ахуйн нэгж болох “Буган Халиун” үнээний фермтэй  Ерөнхийлөгч танилцлаа. Хоёр жилийн өмнө Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн сангаас зээл авч Төв аймгаас есөн үнээ авчирч, дөрвөн хүн ажилд авч үйл ажиллагаагаа эхэлж байжээ. Харин өнөөдөр 25 тугалтай үнээтэй, өдөрт нэг үнээнээс найман литр сүү сааж байна. “Зах зээл, борлуулалтын асуудалд огт санаа зовдоггүй. Аймгийн сургууль, цэцэрлэгүүд, аж ахуйн нэгжүүдтэй гэрээтэй ажиллаж сүүгээ нийлүүлж байгаа. Хэсэг газар хашаалаад, тэжээлээ өөрсдөө тариалж байгаа” гэж ферм эрхлэгчид ярив. Аймгийн Ерөнхий малзүйч Батаагийн хэлснээр,  өөрсдөө тэжээлээ тариалаад хураагаад авах чадалтай ферм, аж ахуйн нэгжүүдэд 60 га газрыг хашаалах зардлыг нэг удаад буцаж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр олгожээ.
Орон нутгийн хэрэгцээний хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийг өөрсдийн хүчээр үйлдвэрлэж, ажлын байр нэмэгдүүлж байгаа ийм хүмүүсийг төр засгаас дэмжих болно гэдгийг Ерөнхийлөгч болон тэнд ажилласан албаны хүмүүс хэллээ.
Ийнхүү Ерөнхийлөгч Баянхонгор аймагт очсон даруйдаа ажлын байр нэмэгдүүлж, хөгжиж урагшилж байгаа аж ахуйн нэгжүүдтэй танилцсан юм.

Баянхонгор аймгийн шүүгчид Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ажлаа танилцуулав
Шүүх хүний эрхийг дээдэлж, ил тод, хараат бус ажиллах ёстой гэсэн Ерөнхийлөгчийн уриалгыг дэмжиж, үйл ажиллагаагаа ард түмэнд ил тод нээлттэй болгож эхэлсэн гэж тус аймгийн Ерөнхий шүүгч Тунгалагсайхан яриагаа эхлэсэн. Тэгээд өөрийн байгууллагад хэрхэн ямар өөрчлөлт хийж байгаагаа үзүүлж, танилцуулсан юм.
Шүүхийн хаалга татаад орж ирсэн хүн бүх талын мэдээлэл олж авах боломжтой мэдээлэл лавлагааны булан ажиллуулдаг болжээ.  Тухайн өдрийн шүүх хуралдааны мэдээлэл, шинээр батлагдсан хуулиуд, шүүгчидтэй уулзах боломжтой цаг зэргийг гэрлэн самбараар мэдээлж байлаа. Хүлээлгийн өрөөнд байгаа иргэд мөн шүүх, хуулийн талаар видео мэдээлэл авах боломжтой. Иргэдэд тусалж мэдээлэл өгөх, санал хүсэлтий нь бүртгэж авах тусгай ажилтан шүүхийн үүдэнд байнга ажилладаг болжээ.
“Бид иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авч байгаа. Танд шүүхийг олоход амар байна уу, шүүгчидтэй уулзахад хүндрэл гарч байна уу, шүүгч тантай хэрхэн харьцсан бэ гэх зэрэг энгийн асуултаас эхлээд олон асуултаар бид шүүгчид, шүүхийн байгууллагынхаа үйл ажиллагаанд дүгнэлт хийдэг болсон. Мөн шүүхийн шийдвэрүүдийг бид өөрийн вэб сайтад тавьдаг болсон” гээд вэб сайтаа үзүүллээ.
“Шүүхийн шийдвэр ил тод байх нь юуны өмнө шүүхдээ итгэх иргэдийн итгэлийг нэмэх давуу талтай. Сургалт судалгааны ч ач холбогдолтой. Та бүхэн үйл ажиллагаагаа ил тод болгох чиглэл рүү ажиллаж эхэлж байгаа нь сайшаалтай. Гэвч хэн нэг дарга биш ард түмэн та бүхний талаар ам сайтай бол сая шүүх шударга ажиллаж байна гэж дүгнэх юм” гэж Ерөнхийлөгч хэлэв.
Ийнхүү хөдөө орон нутагт шүүхийн байгууллага үйл ажиллагаагаа ил тод хараат бус явуулах эрмэлзэлтэй болж, эхний алхмуудаа хийж эхэлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж