
Өдөрлөгийн үйл ажиллагаанд 1600 гаруй хүн оролцсон байна. УИХ-ын Тамгын газрын Нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн өдөрлөгийг нээн хэлсэн үгэндээ , УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах орон нутаг дахь төвийг түшиглэн аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран нээлттэй өдөрлөгийг хийж байгаагийн зэрэгцээ Дорноговь аймгаас УИХ-д сонгогдон ажиллаж буй эрхэм төрийн түшээдтэйгээ иргэд, сонгогчид та бүхэн биечлэн уулзаж, харилцах өргөн боломж нээгдэж байна.
Түүнчлэн 2008 оны УИХ-ын сонгуулиас хойшхи хугацаанд УИХ-аас батлан гаргасан хууль, тогтоомжийн талаарх ойлголт, мэдээллийг иргэдэд түгээн сурталчлах, хууль тогтоох үйл ажиллагааг олон нийтэд илүү нээлттэй болгоход өдөрлөгийн зорилго оршиж байгаа юм. Мөн хуулийн төсөл хэлэлцэх явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүдийн зүгээс хийсэн ажлаа сонгогчиддоо тайлагнах нөхцөл бүрдэж буйг дурдах нь зүйтэй” хэмээсэн юм.
Өдөрлөгийн нээлтийн ажиллагааны дараа эрхэм гишүүд оюутан, сурагчидтай уулзан лекц уншив. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Монгол Улс болон Дорноговь аймгийн хөгжлийн тулгамдсан асуудлууд, цаашдын зорилт” сэдвээр ЭМШУИС-ийн харъяа Дорноговь аймаг дахь салбар сургуулийн оюутнуудад лекц уншсан бол Я.Батсуурь гишүүн “Саранхөхөө” театрт оюутан, сурагчдад “Нийгмийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэх нэг гарц бол англи хэл сурах явдал мөн” сэдвээр лекц уншсан юм. Ж.Батсуурь гишүүн оюутан залуучуудад хуулиа ягштал биелүүлэн ажилладаг хариуцлагатай хүн байгаарай хэмээн захисан бол Я.Батсуурь гишүүн сурагчдад мэргэжлээ зөв сонгохоос гадна гадаад хэлийг шамдан суралцахын чухлыг ойлгуулсан. Тэрбээр, “Ойрын жилүүдэд бүтээн байгуулалтын том том төслүүд хэрэгжиж эхлэх гэж байна. Манай аймагт төмөр зам шинээр барьж, Сайншандад Аж үйлдвэрийн парк босох гэж байна. Ингэхээр Дорноговь аймаг ойрын үед хөгжлийн хамгийн том төв нь болно. Энэхүү бүтээн байгуулалтын энэ том ажлыг гардан гүйцэтгэгчид нь та нар. Гадны том хөрөнгө оруулалтаар хийгдэх энэ ажилд оролцохын тулд мэргэжлээ зөв сонгон сайн суралцахаас гадна гадаад хэлийг шамдан суралцаарай” хэмээн захисан юм.
Дорноговьчууд УИХ-ын сүлжээтэй шууд холбогдлоо
Өдөрлөгийн үеэр УИХ-ын Тамгын газрын Нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн аймаг дахь Парламентыг сурталчлах төвд дөрвөн сая гаруй төгрөгийн техник, тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бүх хууль, тогтоолын мэдээллийн санг багтаасан хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай компьютерийг хүлээлгэн өгсөн. Мөн интернэтээр УИХ-ын сүлжээтэй шууд холбогдох цахим самбар /touch screen/-ыг бэлэглэсэн. Дээрх төхөөрөмжөөс УИХ-тай холбоотой бүхий л мэдээллийг авах бөгөөд Дорноговь аймагтай холбоотой мэдээллийг давхар суулгаснаараа онцлог юм. Аймгийн Парламентыг сурталчлах танхимаар үйлчлүүлсэн хэн бүхэн хууль, тогтоолын сан, УИХ-ын өдөр тутмын үйл ажиллагаатай бүхий л шинэ мэдээллийг эндээс авах боломжтой болж байгаа юм хэмээн УИХ-ын Хэвлэл, мэдээллийн албанаас дамжууллаа.
Энэхүү арга хэмжээний дараа аймгийн иргэд сонгогчид УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газрын Нарийн бичгийн дарга болоод аймгийн удирдлагаас сонирхсон асуултынхаа хариултыг авч нээлттэй ярилцлаа.