
МоАХ-ны анхдугаар илтгэлийг тухайн үед Ардын жүжигчин Д.Сосорбарам тавьж байжээ. Гэхдээ нэлээд ярилцсаны эцэст жүжигчинд энэ эрх олдсон аж. Улсын драмын эрдмийн театрын жүжигчин байсан тэрбээр “Илүү сартай зун” уран сайхны кинонд тоглоод, Галаагийн дүрээр олон нийтэд танил болчихсон нь нэг талаар илтгэл тавих эрхийг авах гол үзүүлэлт болсон ч, “Жүжигчин юм болохоороо илтгэлээ тавих үедээ сэтгэл нь хөөрөөд, илүү юм ярих вий” гэдэг болгоомжлол тухайн үеийн МоАХ-ны гишүүдийн дунд цөөнгүй байсан гэнэ. Эдүгээгийн Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан “Сосорбарамаа чи илтгэлээ надад тавьж, шалгуул” гэж хэлж байсныг Ардын жүжигчин Д.Сосорбарам энэ өдөр дурслаа.
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл хэлэхдээ “Уг нь бид С.Зоригоороо илтгэл тавиулъя гэж үзсэн ч, нэг л сул сонсогдоод байсан. Тиймээс илтгэлийг олон нийтийн зүрх сэтгэлд сэртхийтэл, эрэмгий, дайчин, хүргэх хүн яах аргагүй Со маань байсан юм” гэж 21 жилийн өмнөх түүхэн үйл явдлыг дурслаа.