
Засгийн газраас үүрэг болгосны дагуу Сангийн яамны холбогдох хүмүүс үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих 100 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг хаанаас гаргах вэ гэдгийг хэлэлцэж байгаа аж. Тус яамны Санхүү, эдийн засгийн бодлогын газрын дарга Б.Батбаяр уг зөвлөлгөөний үеэр боломжит хувилбаруудыг танилцуулсан юм. Гэхдээ боломжит хувилбар гэхээсээ илүү боломжгүй хувилбаруудыг түлхүү дурьдсан гэхэд болно. Жишээлбэл, Монголбанкаас зээл олгох гэхээр ноос, ноолуурын салбарынханд зээл авах эрх нь хаалттай байдаг аж. Засгийн газрын тусгай зориулалтын сангуудаас зээл олгох нь одоогийн байдлаар мөн л боломжгүй. Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төслийн жагсаалтыг УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталсан байх ёстой. Үүнийг ирэх дөрөвдүгээр сарын 5-нд хаврын чуулган эхлэхээр хэлэлцэх хэрэгтэй болно. Мэдээж тэр үед нь түүхий эд бэлтгэлийн үе дуусах шатандаа орж байна. Түүнчлэн бонд гаргах гэхээр энэ оны төсвийн тодотголд тодорхой хэмжээний тодотгол хийх шаардлагатай болно. Энэ мэтчилэн боломжгүй хувилбар ихэнхдээ байгаа юм. Хамгийн эцэст нь Хөгжлийн банкаар баталгаа гарган арилжааны банкуудаас зээл олгох боломж үлдэж байна. Тус банкнаас баталгаа гарган тодорхой хэмжээний зээлийг арилжааны банкуудаар дамжуулан авч болох тухай журмыг энэ сарын 11-нд УИХ-ын чуулганаар баталсан бөгөөд одоогийн байдлаар хүчин төгөлдөр болоогүй байгаа юм. Журам хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх үед ноос, ноолуурын салбарынханд олгох 100 тэрбум төгрөгийн зээлийн асуудлыг эргэн харах аж. Ямартай ч Сангийн яамны мэргэжилтнүүд зөвлөлгөөний үеэр ямар нэг аргаар үндэсний үйлдвэрлэгчдэд шаардлагатай мөнгийг өгнө гэж байна лээ.
Манай улсын хэмжээнд өнгөрсөн онд ямааны тоо толгой их хэмжээгээр буурсан. Үүний хажуугаар дэлхий дахинд ноолууран бүтээгдэхүүний хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа. Тиймээс Монгол ноолуурыг монголчууд өөрсдөө боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй гэдэгт уг арга хэмжээнд оролцогчид санал нийлж байгаа ажээ. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд худалдаалах биржийг байгуулах асуудал ч зөвлөлгөөний үеэр хэлэлцсэн гол асуудлын нэг байсан юм.
“ГОЁО” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.ЭРДЭНЭСАЙХАН:
-Сүүлийн жилүүдэд ноос, ноолуурын салбарын үндэсний үйлдвэрлэгчид хүнд байдалд орж байгаа. Төрөөс уг салбарыг дэмжсэн ямар нэг бодлого байхгүй. Өнгөрсөн онд бэлтгэлийн ноолуурын үнэ 50-60 мянган төгрөгт хэлбэлзсэн. Үйлдвэрлэгчид бүхий л нөөц бололцоогоо дайчилж байж ард нь гарсан гэхэд болно. Энэ онд байдал өнгөрсөн оных шиг байвал үндэсний үйлдвэрлэгчид эргэж сэхэхгүйгээр уналтад орохоор байна. Тиймээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай саналыг Засгийн газарт тавьж байгаа. Мөн түүхий ноолуурын экспортыг хориглох хэрэгтэй байна. Засгийн газраас энэ гуравдугаар сард түүхий эд бэлтгэж эхлэхээс өмнө үндэсний үйлдвэрлэгчдэд 100 тэрбум төгрөгийн зээлийн асуудлыг шийдэж өгөхөөр ярьж байгаа. Энэ мөнгө шийдэгдвэл ихээхэн нэмэр болох нь дамжиггүй. Үндэсний үйлдвэрлэгчдэд мөнгөний гачаал их байна.
“ЛИДЕР” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Н.ГАНБОЛД:
-Манай компани Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг. Өөрийн аймгаас болон бусад аймгуудаас түүхий ноолуур бэлтгэн үндэсний үйлдвэрлэгчид, ченжүүдэд нийлүүлдэг. Гэхдээ нийт бэлтгэсэн ноолуурынхаа 20-30 хувийг л үндэсний үйлдвэрүүдэд өгдөг юм. Учир нь ноолуур бэлтгэлийн ид үе буюу гуравдугаар сарын 20-оос зургадугаар сарын сүүлчийг хүртэлх хугацаанд үндэсний үйлдвэрүүд бэлэн мөнгөгүй байдаг. Харин хятадууд бэлэн мөнгө ихтэй газар дээр нь худалдаад авчих жишээтэй. Үндэсний үйлдвэрлэгчид өдрийг аргацааж л үйлдвэрлэлээ явуулж байгаа.
ЗАВХАН АЙМГИЙН МАЛЧИН Л.ТӨМӨР:
-Энэ жил ноолуурын ханш 60 мянган төгрөгт хүрэх хандлагатай байгаа. Одоогийн байдлаар хөдөө орон нутагт энэ өвөл зудад үхсэн ямааны ноолуурыг 40 орчим мянган төгрөгөөр авч байна. Малчид, бэлтгэн нийлүүлэгчдэд үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих хүсэл их байна. Гэхдээ компаниуд түүхий эд бэлтгэлийн үеэр бэлэн мөнгө муутай байдаг. Энэ нь хамгийн гол асуудал болдог. Бас хятадууд ноолуурыг ангилж, ялгахгүйгээр өндөр үнээр авдаг юм. Ноолуурын түүхий эд бэлтгэхэд тодорхой хэмжээгээр өрсөлдөөн байх хэрэгтэй. Гэхдээ энэ өрсөлдөөнд хятадууд ямагт дийлээд байгаа нь үндэсний үйлдвэрлэгчдийг хүнд байдалд оруулж байгаа.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин