Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Баянхонгор аймагт хүрэлцэн ирж, аймгийн худалдаа үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл, фермерийн аж ахуй эрхлэгчид болон Шүүх, Прокурорын байгууллага, хадлан тэжээлийн нөөцийн агуулах зэрэгтэй танилцлаа. Ерөнхийлөгчийг Баянхонгор аймагт хүрэлцэн ирэхэд Зэвсэгт хүчний 389 дүгээр ангийн цургийн хүрээний хүндэт харуул жагсаж, хүндэтгэл үзүүлсэн юм. Ингээд Ерөнхийлөгч “Их тэнгэрийн хүч” сүүний үйлвэрийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус сүүний үйлдвэр нь 2009 онд байгуулагдаж өдөртөө 300 гаруй литр сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэн сургуулийн үдийн цайнд нийлүүлдэг аж. Үйлдвэрийн хүчин чадал өдөрт 4.5 тонн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой аж. Одоогийн байдлаар найман ажлын байр шинээр бий болгож, Эрдэнэцогт, Өлзийт сумын 20 гаруй малчин өрхөөс сүү худалдан авч ариутгасан сүү, цөцгийтэй тараг, аарц, хурууд зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм байна. Түүнчлэн аймгийн хэмжээнд зургаан сургууль, найман цэцэрлэгийн 10 мянга орчим хүүхдийн үдийн цай нийлүүлж буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгчид дуулгалаа.
С.ОТГОН