Тэтгэврийн сан хомсдолд орох нь

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Тэтгэврийн сан хомсдолд орох нь

Тэтгэврийн сан гурван жилийн дараа хомсдолд орох нь

ТЭТГЭВЭР НЭМЭХ БУС, ЗӨРҮҮГ НЬ НЭМСЭЭР Л

Арилжааны банкууд хэдэн жилийн өмнөөс иргэдийн хэрэгцээнд тохирсон шинэ төрлийн зээлүүдийг бий болгосон. Эдгээрээс хамгийн эрэлт хэрэгцээтэй нь тэтгэврийн зээл. Тэтгэврийн зээл тэтгэврийн зөрүүг тодорхойлох хамгийн бодит жишээ учир эхлээд энэ талаар онцоллоо. Тэтгэврийн зээл авсан хүн тэтгэвэр нэмэгдсэн үед зээл авсан хугацааныхаа нэмэгдэл зөрүүг авч болох уян хатан нөхцөлтэй гэж заасан байдаг. Тухайлбал, тэтгэвэр 30 хувиар нэмэхээс өмнө хамгийн доод хэмжээний тэтгэвэр авагч сард 54 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг хүн, дундаж хэмжээний тэтгэвэр авагч болох сард 150 мянган төгрөгийн тэтгэвэр авагч хоёр банкнаас зургаан сарын тэтгэврийн зээл авчээ. Харин тэтгэвэр 30 хувиар нэмэгдэхэд тэд зээлсэн зургаан сарынхаа тэтгэврийн нэмэгдэл зөрүүг банкнаас авах эрх үүсч байгаа юм. Ингээд бага тэтгэвэртэй хүн зургаан сарын тэтгэврийн нэмэгдэл гэж 97200, дундаж тэтгэвэртэй хүн нь  270 мянган төгрөг авах болж таарч байна. Гэхдээ үүнээсээ банкинд суутгуулж гар дээрээ бэлнээр хэдэн төгрөг авахыг хэлэхэд хэцүү. Тэгвэл тэтгэвэрийн зөрүүг  арилгахын тулд  Засгийн газраас 1997, 1999, 2005 онд цалин өсгөх итгэлцүүрийн аргыг хэрэглэж эхэлсэн ч  энэ нь өндөр цалинтай иргэдийн тэтгэвэр нэмэгдэж, бага цалинтай иргэдэд тэтгэвэр нэмэх боломж олгоогүйгээс тэтгэвэрийн хэмжээн зөрүү арилаагүйг мэргэж­лийнхэн хэлдэг. Үүнийг эцэслэхийн тулд Засгийн газраас “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн ангилал, индекс”-ийг бий болгосон ч энэ нь  тэтгэв­рийн хэмжээг нэмснээс бус зөрүүг нь арилгасан тохиолдол бий бол­гоо­гүй хэвээр л байна. Засгийн газ­рын гурван талт хэлэлцээр буюу Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо /МҮЭХ/, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо /МАОЭНХ/, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны хамтарсан хэлэл­цээрийн шугамаар өнгөрсөн жилийн аравдугаар сарын 1-нээс цалин тэтгэврийг 30 хувь нэмэхдээ яг л дээрх журмаар зөрүүг нь л нэмж орхисон. Тухайн үед МҮЭХ-ноос зөрүү нэмэх бус ялгавартай нэмэх хэрэгтэй гэсэн шаардлагыг тавьж байсан ч зөрүүг нэмэг­­дүүлэхгүй байх бо­ломжгүй гэсэн хариултыг өгснөөр тэтгэвэрийг бус, зөрүүг нь л нэмсэн.

ТЭТГЭВРИЙН САН ДАХЬ МӨНГӨ ХААЧИВ

 Сүүлийн үед даатгуулагчид Нийгмийн даатгалын сан тушаадаг мөнгөө хянах эрхтэй хэмээн ярих болсон нь сайшаалтай. Тухайлбал, тэтгэврийн сангийн мөнгө хаашаа урсдаг вэ гэсэн асуултыг иргэд тавих болсон. Статистикийн мэдээнд монголчуудын дундаж наслалт 63.6 байдаг гэж заасан нь бий. Үүнээс үзэхэд эмэгтэйчүүд 66.5, эрэгтэйчүүд 60.9 насалдаг байна. Энэ тооноос хэдэн хүн тэтгэвэрийнхээ мөнгийг авч чадалгүй нас бардаг вэ, тэр мөнгө нь хаачдаг вэ гэсэн асуултад хариулт авахыг хүсэх болж. Энэ бүхэнд нийгмийн даатгалынхан “Тухайн хүний оршуулгын зардалд төрөөс 300 мянган төгрөг өгдөг. Насанд хүрээгүй үлдсэн хүүхдүүдэд нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгоно” гэсэн хариулт л өгч байна.  Мөн 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг төрөөс даах ёстой ч  төр мөнгөгүй учир  одоо даатгал төлж байгаа хүмүүсийн мөнгөөр тэдний тэтгэврийг өгч байсан нь илэрч, нийгмийн даатгалын санд төрөөс 802 тэрбум төгрөг барагдуулах өртэй болсон. Үүнийгээ жил жилд барагдуулаад явж байгаа хэмээн Нийгмийн даатгалынхан хэлж байгаа.

Харин энэ маягаар удвал  2015 он гэхэд тэтгэврийн сан мөнгөний хомсдолд орж, 2030 он гэхэд хоосрохыг судалгаагаар тогтоосон байгаа юм.  Учир нь одоо ид ажиллаж байгаа хүмүүсийн мөнгийг төр өсгөлгүйгээр өмнөх үеийнхэнд төлж байгаа нь дээрх байдалд хүргэхийг урьдчилан тооцоолсон байна. Манай улс яг одоо “Хүн ам зүйн цонх”-ны үедээ ирснийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди “ёслол төгөлдөр” зарлаж байсан. Энэ нь тухайн улсын хүн амын дундаж наслалт нэмэгдэж, төрөлт буурснаар хүн амын өсөлт удааширч, насны хэв маягийн хувьд нийгэм, эдийн засагт ач холбогдол бүхий хөдөлмөрийн насны хүн ам хамгийн их байх үеийг хэлдэг хэмээн томъёолсон нь бий. Харин тодорхой хугацааны дараа буюу 15-25 жилийн дараа “хүн ам зүйн цонх”-ны үе дуусгавар болсноор насны хэв маягийн дараагийн үе болох хүн ам насжих үйл явц эхлэх бөгөөд ингэснээр ахмад настанд үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн хамгааллын зардал нэмэгдэж, төсөвт багагүй ачаалал нэмэгддэг байна. Тиймээс одоо ажиллаж байгаа хүмүүс  25-30 жилийн дараа нэгэн зэрэг тэтгэвэрт гарч эхэлнэ, тэгэхэд тэдэнд өгөх тэтгэврийнх нь мөнгө хүрэхгүй аж. Харин одоогийнх шиг тэтгэвэр олгоё гэж бодоход гэнэт тэтгэвэрт гарсан олон хүний  тэтгэврийг өгөх хэмжээний мөнгийг даатгалд төлөх хүмүүсийн тоо хүрэлцэхгүй байх нь. Тиймээс иргэд дээрх асуултдаа бодит хариулт нэхэж  байна.

ТЭДНИЙ ХАЙЖ БАЙГАА ГАРЦААР АМЖИЖ ГАРАХ УУ

Энэ бүхнийг харгалзан үзсэний үндсэн дээр өөрчлөлт хийхээр ажиллаж байгаа гэдгийг Сангийн сайд С.Баярцогт нэгэнтээ хэлж  байсан. Гэхдээ нэгэнт хэвшчихсэн энэ бүхнийг халахад цаг хугацаа хэрэгтэйг ч дурьдсан юм. Хамгийн түрүүнд хийх алхмаараа суурь тэтгэврийг бий болгох замаар тэтгэврийн нэмэгдлийг бүх хүнд тэгш хүртээхээр судалж байгаа аж. Энэ нь бүх хүнд тэтгэврийн суурь хэмжээг тогтоож, зөрүүг нть бус тэтгэврийг нь нэмэхээр ажиллаж байгаа аж. Харин үүний дараа тэтгэврийг өвлүүлэх зэрэг асуудлыг судалж үзэх бололцоотой болох бололтой. Харамсалтай нь энэ бүхнийг тэтгэврийн данс хоосрохоос өмнө амжуулах болов уу гэдэг асуулт дахиад л бий боллоо. Харин нийгмийн даатгалын сангийн мөнгийг арилжааны банкуудад хадгалуулах нь ашиг олохоосоо илүү эрсдэл дагуулна гэсэн байр суурийг албаных нь хүмүүс илэрхийлж байгаа юм. Гадаадын найдвартай эх үүсвэрүүдэд хадгалуулах гэхээр Монголбанк л ийм эрхийг эдэлдэг учир боломжгүй гэсэн хариултыг өгсөөр байна.

Р.САРАНГОО


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж