Есөн жил үргэлжилсэн онцгой рекорд

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Есөн жил үргэлжилсэн онцгой рекорд

Испанийн эзэн хааны “Реал Мадрид” клубын дасгалжуулагч Жозе Моуриньо өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон Ла лигийн 23-р тойргийн хүрээнд нэгэн онцгой амжилтын эзэн боллоо. Тэрбээр 2002 оноос хойш “Порту”, “Челси”, “Интер Милан” болон “Реал Мадрид” гэсэн дөрвөн багийг удирдсан. Харин түүний удирдсан эдгээр дөрвөн багийн нэг нь, тодруулбал, “Порту” 2002 оны хоёрдугаар сарын 23-нд талбайдаа “Бейра Мар”-т 3:2 харьцаатай хожигдсоноос хойш Моуриньогийн удирдлага дор лигийн хүрээнд нэг нь ч нэг ч удаа талбайдаа ялагдал хүлээсэнгүй. Хөлбөмбөгийн ертөнцөд “Онцгой нэгэн” хэмээн хүндлэл хүлээсэн Жозе Моуриньогийн баг тухайн үед бүтэн 65 минутын турш хүн дутуу тоглож, эцэст нь бүр есүүлээ тоглолтыг дуусгасан. Дөнгөж 25 дахь минутад Андраде улаан жавтий хүртсэнээр талбайг чөлөөлж байлаа. 3:2 харьцаатай өндөрлөсөн тоглолтын дараачаас эхлэн Моуриньо өнөө цагийн хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн шилдэг дасгалжуулагчдын нэг гэдгээ батлан харуулсаар ирэв. Тоглогчийн хувиар төдий л амжилт гаргаж байгаагүй, бүр мэргэжлийн төвшинд ч тоглож үзээгүй тэрбээр дасгалжуулагч болох л гэж заяагдсан мэт.

Португалийн дээд лигт 2002 оны хоёрдугаар сард “Бейра Мар”-т ялагдсан тэр цагаас хойш өдгөөг хүртэл тэрбээр лигийн хүрээнд талбайдаа 147 тоглолт хийжээ. Тэдгээр 147 тоглолтоос 122-т ялсан бөгөөд Моуриньгоор удирдуулсан баг 331 гоол оруулж, хаалгандаа 87 гоол алдсан үзүүлэлттэй. Гэхдээ түүний баг хэзээ ч бусдын өмнө сөхрөхийг хүсдэггүй, тоглолтын ямар ч байдалтай үргэлжилж байсан тэд зөвхөн ялалтын төлөө тоглодог.  Ямартай ч түүний амжилтын буухиа үргэлжилсэн хэвээр, “Реал”-ын талбайдаа хийх дараагийн тоглолт нь маргааш “Леванте”-гийн эсрэг байх болно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж