Э.Мөнгөнцэцэг: Chanel бол мөрөөдлийн оргил

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Э.Мөнгөнцэцэг: Chanel бол мөрөөдлийн оргил

Дэлхийн №1 брэнд Chanel-ийг Монголдоо албан ёсоор оруулж ирээд байгаа “Улаанбаатар” их дэлгүүрийн захирал хатагтай Э.Мөнгөнцэцэгтэй Chanel-ийн дэлгүүрийн албан ёсны нээлтийн ёслолын үеэр уулзаж ярилцлаа.
 
-Юуны өмнө дэлхийн нэр хүндтэй брэндийг Монголдоо оруулж ирж албан ёсны нээлтээ хийж байгаад тань баяр хүргэе. Түшиг групп, Улаанбаатар Их Дэлгүүр дэлхийн олон брэндүүдийг албан ёсоор Монголд оруулж ирсэн гэдгийг бид сайн мэднэ. Сонирхуулахад Chanel танай хэд дэх брэнд вэ?

-“Түшиг” групп маш олон төрлийн брэндүүдийг оруулж ирдэг. Хүнсний чиглэлээр гэхэд л Lotte, Martinelli’s, Florida’s Natural, Nestle Waters, Revolution Tea, Kikkoman гэх мэт. Зөвхөн үнэртэн гоо сайхны хувьд Lancome, Estee Lauder, Clinique, Emporio Armani, Cacharel, DKNY, Ralph Lauren, Hugo Boss, Lacoste, Mont Blanc, Dunhill, Guccii, Escada гэх мэтчилэн 20 гаруй брэндийг оруулж ирдэг. Мөн бид хувцасны чиглэлээр Томму Hilfiger, Skechers, Nine West гэх мэт брэндүүдийг оруулж ирж байгаа. Манай их дэлгүүр Дэлхийн стандартыг  Улаанбаатараас гэдэг уриатай. Тийм ч учраас дэлхийд нэртэй олон брэндүүдийг оруулж ирдэг.

-Дэлхийд нэртэй брэндийн албан ёсны эрхийг авахын тулд маш өндөр шаардлага, шалгуурыг тавих нь тодорхой. Тухайлбал Chanel-ийг оруулж ирэхийн тулд ямар шаардлагуудыг давсан бэ?

-Мэдээж хэрэг дэлхийн нэртэй брэндийн албан ёсны төлөөлөгч болохын тулд маш өндөр шаардлага шалгуур тавигддаг. Энэ бол манай хамт олны олон жилийн хөдөлмөр, туршлага, мэдлэгийн үр дүн. Манайхыг зөвхөн худалдаа эрхэлдэг компани гэж хардаг хүмүүс байж болох юм. Тэгвэл худалдаа гэдэг бол маш их уйгагүй хөдөлмөр, чимхлүүр мэдрэмжийг шаарддаг ажил. Retail is detail буюу худалдаа бол чимхлүүр урлаг гэсэн утгатай үг байдаг шүү дээ. Зөвхөн нэг жижигхэн уруулын будгийг хэрхэн байрлуулахаас эхлээд, өнгө байрлал, донж, стандарт, худалдагчийн зан харилцаа, соёл, хувцаслалт гээд маш нарийн ажиллагаа шаарддаг. Би ажлаа хүлээж аваад нэг жил гаруйхан л болж байна. Тэр тусмаа худалдаа бол хүмүүстэй харьцах урлаг, соёл, хүнд хөдөлмөр юм гэдгийг одоо л ойлгож байна. Басхүү ажилдаа улам урамшин, урам зориг авч байна. Бидний хөдөлмөрийн бас нэг үр дүн нь дэлхийн номер №1 брэндийг Монголдоо албан ёсоор оруулж ирж, монгол бүсгүйчүүддээ бэлэг барьж байгаа баярт ёслол маань гэж хэлж болно. Монголчууд бол эд, идээний дээдийг эдлэх дуртай, эрхэмсэг хүмүүс. Тийм ч учраас бид монголчууддаа үнэртэн гоо сайхны оргилыг оруулж ирж бэлэг барин, монголчууд маань ч үнэхээр их сайхан хүлээж авч байгаад баяртай байна.

-Монголын үнэртэн гоо сайхны салбарын тэргүүлэгч компанийн ийм сайхан үзэсгэлэнтэй бүсгүй удирдаж байгаа нь бас гайхалтай сэтгэгдэл төрүүлж байна. Магадгүй та өөрөө компанийнхаа эсвэл аль нэг бүтээгдэхүүнийхээ нүүр царай болон ажиллах талаар санаа, төлөвлөгөө байгаа юу?

-Баярлалаа. Би аливаа брэндтэй танилцах, Монголдоо оруулж ирэх бүх л үйл ажиллагааг хариуцан ажилладаг. Дэлхийн улс орнуудад болдог маш олон төрлийн уулзалт, үзэсгэлэн худалдаа, сургалт бүхэнд оролцож, олон хүнтэй уулзаж ажил хэргийн асуудлаа ярилцаж байдгийнхаа хувьд монголчуудын, монгол бүсгүйчүүдийнхээ талаар эерэг сайхан сэтгэгдэл төрүүлж, нүүр царайг нь илэрхийлж байх юм сан гэж хүсдэг. Дэлхийн улс орнуудад зочилж, Монголынхоо талаар аль болох сайхнаар сурталчлахыг хичээдэг. Нэг ёсондоо улсынхаа нүүр царайны нэгэн илэрхийлэл, албан бус элч болдог гэж хэлж болно. Тийм ч учраас маш их хичээдэг. Ер нь бол манай гоо сайхны салбарт миний адил албан тушаал хашдаг хүмүүс ихэвчлэн тухайн салбартаа 20-30 жил ажилласан, туршлагатай хүмүүс голдуу байдаг. Би тэдний дэргэд бол дөнгөж эхлэн суралцаж байгаа сурагч. Тийм ч учраас би тэднээс суралцаж, тэдний адил мөр зэрэгцэн алхаж тэдэн шиг амжилттай ажиллаж, улсынхаа нүүр царай болохыг хүсдэг. Би жирийн л нэг монгол эмэгтэй, businesswoman, дөнгөж 29 настай, хоёр хүүхдийн ээж. Гэхдээ бүхнийг зохицуулж, ажиллаж, бүхнийг амжуулахыг хичээж зүтгэж байна. Ер нь манай монгол эмэгтэйчүүд үнэхээр гайхамшигтай, зоригтой чадварлаг, хөдөлмөрч хүмүүс байдаг. Хоёр их дээд сургууль төгссөн, өндөр боловсролтой ажил амьдралаа авч яваа бүсгүйчүүд зөндөө олон бий. Тийм болохоор би бүсгүйчүүдээрээ үнэхээр их бахархдаг. Бас монгол бүсгүйчүүддээ энэ сайхан брэндийг авчирсандаа үнэхээр их баяртай байна.

-Танай бас нэг брэнд Estee Lauder-ийг монголчууд бас сайн мэднэ. Энэ алдартай брэндийг үндэслэгч хатагтай Estee өөрөө дэлгүүртээ зогсоод бүтээгдэхүүнээ тайлбарлаж, худалдаагаа хийх их дуртай байдаг гэж уншиж байсан санагдана. Тэгвэл та өөрөө худалдаагаа хийдэг үү? Магадгүй ийм дур булаам бүсгүй худалдаагаа хийхэд хэрэглэгчдэд их сайхан санагдаж болох юм?

-Тийм ээ, би өөрөө худалдаагаа хийдэг. Зөвхөн үйлчлүүлэгчдээ татахын тулд ч биш, бүх ажилд өөрөө оролцож, яавал илүү сайн болох вэ гэдэг гарцыг харж, үйлчлүүлэгчдээ мэдрэн, бас худалдагч охиддоо биеэ авч явах байдал, харилцаагаараа үлгэр дууриалал болохыг хүсдэг. Өнөөдөр хүмүүс Улаанбаатар Их Дэлгүүр гэж ямархуу газар байх вэ гэдгийг харахыг хүсч байгаа. Өмнө нь Түшиг компанийн Баттүшиг захирал гэж хэн бэ гэдгийг хүн болгон харж, мэддэг байсан бол өнөөдөр Мөнгөнцэцэг гэж хэн бэ гэдгийг харуулахыг хүсч, Мөнгөнцэцэг хэмээх бас нэгэн шинэ үе, шинэ businesswoman гарч ирснийг харуулахыг хүрч байна.

-Таны нөхөр “Түшиг” группын захирал Г.Баттүшиг Монголд анх дэлхийн нэртэй брэндүүдийг оруулж ирсэн бизнесмэн гэдгээр нь хүмүүс мэднэ. Мэдээж нөхөр тань одоо ажилд тань маш их түшиг тулгуур болж тусладаг биз дээ?

-Би нөхрөөрөө маш их бахархдаг. Миний нөхөр бол Монголын үнэртэн, гоо сайхны ертөнц, тансаг хэрэглээний зах зээлийн загалмайлсан эцэг нь гэж бардам хэлж чадна. Монголд 15-16 жилийн өмнө ямар ч брэнд орж ирээгүй байсан, нэг үнэртэй ус л гэхэд зарим хүний сарын цалинтай тэнцэхээр үнэтэй байсан үе шүү дээ. Бидний ээж нар ч гэсэндээ 1990-ээд онд Москвад очихдоо маш их оочерлож дугаарлаж байж Estee Lauder авдаг, хүүхдүүд бид нь хайрцгаар нь тоглож өссөн ховор тансаг зүйл байлаа шүү дээ. Тэр үед миний нөхөр яг л ийм тансаг сайхан зүйлс дутагдаж байгааг мэдрэн, амжилттай оруулж ирж чадсан. Одоо бол монголчуудын хувьд тансаг хэрэглээ биш, байнгын хэрэглээ болоод байгаад бахархдаг.

-Нэгэн үе бол Монголд ийм үнэтэй брэнд зарагдах болов уу гэж эргэлзмээр байсан байх аа. Одоо бол байдал өөрчлөгдөж…?

-Тийм ээ. Монголчууд маш ихийг үзэж нүд тайлсан. Басхүү таван жилийн өмнө хэн ч мэдэхгүй, хэнд ч хүртэмгүй байсан зүйлс өнөөдөр хэрэглээ болж чаддаг нь монголчуудын бас нэг онцлог байх. Би дээр хэлсэн шүү дээ, монголчууд бол эдийн дээдийг эдэлж, идээний дээдийг хэрэглэдэг эрхэмсэг ард түмэн гэж. Үнэхээр монголчууд аливааг маш сонор соргогоор харж, аливаад маш хурдан дасч зохицдог ард түмэн. Энэ маань нүүдэлчин монголчуудын нэг онцлог маань юм уу даа.

-Та өөрөө ямар үнэртэнг таашаан хэрэглэдэг вэ?

-Мэдээж Chanel. 

-Ер нь таны анзаарч байгаараа бол монгол бүсгүйчүүд Chanel-аас хамгийн их таашаан худалдан авч байгаа нь юу байна вэ?

-Арьс арчилгааны бүтээгдэхүүн. Бас монгол бүсгүйчүүд маань будганд их дуртай юм байна.

-Та зүгээр л хэрэглэгч, бүсгүй хүний хувьд Chanel-ийг товчхоноор хэрхэн илэрхийлэх вэ? Бас хамгийн түрүүнд хэрэглэгчиддээ ямар зөвлөгөөг хүргэмээр байна.

-Chanel бол мөрөөдөл. Монголчууд брэнд гэж ярих дуртай болж л дээ. Тэгвэл Chanel бол дэлхийн №1 брэнд. Энэ бол бүсгүйчүүдийн мөрөөдлийн оргил, ид шид, тансаг хэрэглээний дээд нь. Би ч гэсэн анх Chanel-ийн дэлгүүрт ороод бусадтай л адил пиджак гэхэд 5000 ам.доллар байхыг хараад гайхаж байсан. Гэвч Chanel-ийн дэлгүүрт орсон бүсгүй хүн бүр ийм сайхан зүйлсийг эдэлж хэрэглэх юм сан гэж мөрөөддөг, тансаг сайхан бүхэнд дурлан тэмүүлэх гайхалтай мэдрэмжийг төрүүлдэг. Тийм болохоор мөрөөдлийн оргил гэж хэлмээр байна. Бас энэ дашрамд Улаанбаатар Их Дэлгүүрийн хамт олон удахгүй дахиад олон алдартай брэндүүдийг монголчууддаа хүргэх зорилго, төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэдгийг хэлмээр байна.

-Баярлалаа. Танд амжилт хүсье.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж