Хэт яарах нь тавантолгойн хувьцааг үнэгүйдүүлж мэднэ

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Хэт яарах нь тавантолгойн хувьцааг үнэгүйдүүлж мэднэ

Д.Ачит-Эрдэнэ: хэт яарах нь тавантолгойн хувьцааг үнэгүйдүүлж мэднэ

MICC хөрөнгө оруулалтын банкны ерөнхийлөгч Д.Ачит-Эрдэнийг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Уул уурхайн салбарт өр­нөж байгаа цаг үеийн асууд­лаар яриагаа эхэлье гэж бодож байна. “Эрдэнэс Та­вантолгой” ХК-ийн IPO-г  хариуцах зорилготой дэл­хийн нэр хүндтэй банкууд Засгийн газарт саналаа илэр­хийллээ. Үүнтэй хол­боо­тойгоор манайхны дунд “Эр­дэнэс Тавантолгой”-н хувь­цааг яарч гаргах нь үнэ­гүйдүүлэх аюултай гэх санал ч гарах болж.  Та энэ талаар ямар бодолтой байгаа вэ?
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг гаргах гэж нэг их яарах хэрэггүй болов уу. Анхнаасаа менежментийн багийг сайн бүрдүүлж, ордыг ашиглалтад оруулсныхаа дараа хувьцаа гаргавал “Эрдэнэс Та­вантолгой”-н хувьцаа илүү үнэд хүрч чадна.  Наад зах нь, “MMC”  буюу “Энержи ре­сурс” компанийн хувьцаа яагаад үнэд хүрч чадсан бэ гэхээр, сайн оператор ком­пани сонгож, нөөцөө олон ул­сын стандартын дагуу бат­луулсан. Мөн гадны том хө­рөнгө оруулагчид хувьцаа эзэм­шигчээр нь бүртгүүлж, үйл ажиллагаа нь жигдэрсэнд бай­гаа.  Одоогоор “Эрдэнэс Та­ван­толгой” ХК-д их хэм­жээний нөөц л байгаа. Харин менежментийн баг, оператрын баг нь тодорхойгүй. Олбор­лол­тоо ч эхлээгүй. Нэг ёсон­доо хувьцаа гаргахад бэ­лэн болоогүй байна. Тий­мээс зөвхөн нөөцөн дээр үн­дэс­лээд хувьцаа гаргах нь хувьцааны үнэлгээнд сө­рөг нөлөөтэй. Харин үйл ажил­лагаагаа жигдрүүлсний дараа хувьцаа гаргавал одоо гар­гах хувьцаанаас хэд дахин өндрөөр үнэлж, тэр хэрээр илүү ашиг өгч болох юм.

-Операторын эрхийн тө­лөө Герман болон Авст­ралийн хоёр компани өр­сөл­дөж байгаа. Тэгвэл IPO хийх гэж буй ордод операторын үүрэг гүйцэтгэх компанийг сонгохдоо юуг анхаарах ёстой вэ?
-Оператор компани IPO хийхэд маш чухал нөлөөтэй. Дэлхийд данстай, нэр хүнд бүхий компанийг оператроор сонгосон тохиолдолд хөрөнгө оруулагчдад олборлох эрсдэл байхгүй юм байна гэсэн итгэл төрүүлж, эргэлзээгүй бол­годог. Монголчууд энэ тал дээр турш­лагагүй. Олон улсын хөрөнгийн бир­жид   IPO хийсэн компаниудыг харахад ихэвчлэн алдартай ком­паниудыг операт­раар сонгосон бай­даг. Тиймээс хам­гийн нэр хүндтэй, туршлагатай ком­панийг нь л сонгох хэрэгтэй болов уу.

-“Эрдэнэс Тавантолгой”-н орд дэлхийд томоохонд тооцогдох учир хөрөнгө оруулалтын нэг банк дан­гаар хариуцах боломжгүй гэсэн дүг­нэлт бий.  Энэ талаарх таны бодол?
-Том IPО хийхэд гурав, дөрвөн банк сонгох тохиолдол бий. Тухайл­бал, Хонконгийн хөрөнгийн биржид IPO хийж, хоёр тэрбум доллар бос­госон нэгэн компани долоон хөрөнгө оруулалтын банкийг хамтад нь сонгосон байх жишээтэй. Гэхдээ олон банк сонгох тусам банкуудад менежмент хийхэд, удирдахад хэ­цүү байдаг сургамж  байдаг. Тэгэхээр хамгийн тохиромжтой тоо бол 2-3 банк сонгох л юм. 

-Засгийн газрын 39 дүгээр тог­тоолын дагуу “Эрдэнэс Таван­толгой” ХК-ийн нийт хувьцааны 10 хувийг иргэдэд хуваарилахаар болсон. Энэ амьдрал дээр бодитоор хэ­рэгжих боломжтой юу?
-Энэ тогтоолоор бол хувьцааг эзэмшиж байсан  хүн нас барсан то­хиолдолд өвлүүлэхгүй гэсэн байгаа. Тэгэхээр хувьцаа эзэмшигчид нас ба­рахад хувьцааны тоо багасна гэсэн үг. Мөн шинээр төрсөн хүүхдэд хувь­цаа олголоо гэхэд хувьцааны хэм­жээ нэмэгдэнэ. Ингэхээр нөгөө байх ёстой 10 хувь чинь хэлбэлзэж эхэлнэ шүү дээ. Тэгэхээр 10 хувиасаа илүү гарах, дутах асуудал үүснэ биз дээ. Хуулиар хувьцаат компанийн хувьд дээрх шиг асуудал гарах ёсгүй гэж заасан байдаг. Хувьцаат ком­панийн хувь эзэмшигчдийн ху­вийн хэмжээг тодорхой заасан байх ёстой.  Тэгэхээр хамгийн зөв арга бол “Хүний хөгжлийн сан”-д тэр 10 хувьтай тэнцэх эрхийг өгч, зөв­хөн түүнийхээ  ногдол ашгийг нь иргэддээ хувааж олгох нь зөв хувилбар юм болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл энэхүү хувьцааг шилжүүлж, өвлүүлж, зарж болохгүй гээд байгаа шүү дээ. 

-Мөн нийт хувьцааны 10 ху­вийг аж ахуйн нэгжүүдэд тэгш ху­ваарилна гэж байгаа?
 -Гол нь 2010 оны зургадугаар са­рын 1-нээс өмнө үйл ажиллагаа явуулж эхэлсэн, Монгол Улсад тат­вар төлсөн аж ахуйн нэгжүүдэд хувьцааг тэгш хуваарилна гэсэн бай­сан. Тэгээд манайд үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй мянган аж ахуй нэг­жээс 30 орчим мянга нь дээрх болзлыг хангах байх гэсэн тооцоо хийсэн байсан. Тэгэхээр 30 мянган компани маш их баялгийг маш хямд үнээр авах боломжтой гэсэн үг. Олон компанитай хүн л үүнээс  хожих байх. Их татвар төлдөг том компаниуд болон жижиг компаниуд ижил тэгш эрхтэй байна гэдэгт том компаниудын эзэд  тийм ч дуртай биш байгаа. Уг нь нөгөө 10 хувийг нь тэртэй тэргүй үнэгүй авчихсан юм чинь энэ 10 хувиа бүх хүмүүст хямд үнээр худалдаж авах боломж олгох хэрэгтэйгээр зохицуулсан бол компаниуд нь ахиухан  хувьцаа авах л байсан байл­гүй. Яг ма­найх­тай төстэй бай­далд байсан Га­­нийн Засгийн газар “Ашанти” гэ­дэг том ордыг хувьчлахдаа Ганийн иргэдэд 20 хувийг нь хямдралтай үнээр хувьчлан авах боломж олго­сон жишиг бий. Харин үүнийхээ да­раа Лондонгийн хөрөнгийн биржид бүрт­гүүлж байсан юм билээ. Гэхдээ энэ бол шинэ зүйл биш л дээ.

-Нийт хувь­цааны 30 хувиар хөрөнгө оруулалт босгоно гэж байгаа нь боломжтой ху­вилбар уу?
-Мэдээж энэ бол “Эрдэнэс Та­ван­­толгой” ХК-д  хө­рөнгө оруулалт бос­гоход хангалттай хэмжээ гэж бодож бай­на. Хувьцааны 30 ху­виар үйл ажил­ла­гаагаа явуулахад хү­рэлцэх хэм­жээний хөрөнгө босгож чадна.
-“Эрдэнэс Та­вантолгой”-гоос хальж, алтны асуу­дал руу ан­хаарлаа хандуулъя. Энэ оноос эхлэн гэнэ­тийн ашгийн 68 ху­вийн татвар тэглэгдсэн. Гэсэн ч урт нэртэй хууль гэгчээс болж алт­ны салбарынхан эсэргүүцлээ илэр­хийлж эхэллээ. Ер нь алтны салбарт сэргэх боломж хэр хараг­даж байна вэ?
-Монголд алтны шороон орд их ашиглаж байсан. Олон улсын турш­лагаас харахад шороон ордыг ашиг­ладаггүй. Энэ нь байгаль орчинд хортой гэж үздэг юм билээ. Тиймээс хөрөнгө оруулалт их шаарддаг ч алтны үндсэн ордыг л ашигладаг.  Үндсэн ордын хайгуулын ажилд ихээхэн зардал шаарддаг учир манай улсын хувьд алтны үндсэн орд нэг их илрээгүй байгаа.  Одоогоор Бо­роогийн алтны болон Гачууртын орд л илэрсэн байгаа юм уу даа. Гэнэтийн ашгийн 68 хувийн татвартай хол­боо­той сүүлийн гурван жилд алт, зэсийн хайгуулын ажил үндсэндээ зогссон. Харин энэ хууль гарахаас өмнө жилд 100 сая ам.долларыг зөвхөн алт, зэсийн төслүүдэд хөрөнгө оруулалт хэлбэрээр зарцуулдаг байсан тоо­цоо бий.  Гэхдээ энэ оноос эхлэн алт, зэсийн төслүүдэд хайгуулын зо­риулалттай хөрөнгө оруулалт орж ирж байна. Магадгүй дахиад том орд нээгдэж, алтны эрин үе ирэх байх.

-Алт, зэсийн хайгуулын салбарт хөрөнгө оруулалт нэмэгдсэн гэх бодит жишээ байна уу?
-“Вояаж ресурс” гэдэг компани Австралийн хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаад эрчимтэй хайгуул хийж    байна. Манайхтай хамтарч ажил­­ладаг “Ориго партнерс” ком­пани, Английн хөрөнгө оруулалтын сан­тай хамтран  алт, зэсийн төсөлд хө­рөнгө оруулалт хийж байна. Мөн урьд нь энэ чиглэлд хайгуулын ажил хийж байсан “Эрдэнэ ресурс” гэ­дэг компани  энэ жилээс алт, зэ­сийн хайгуулын ажлаа эхлүүлж, өрөмдлөг хийх тухайгаа зарласан. Ха­рамсалтай нь манайд идэвхтэй хайгуул хийж байсан тав, зургаан ком­пани Филлипин, Индонез руу эргэж ирэхээргүйгээр  явсан.

-Гэнэтийн ашгийн 68 хувийн татварын оронд өсөн нэмэгдэх роял­тийн татварыг нэмсэнд зарим хүмүүс шүүмжлэлтэй хандаж бай­гаа?
-Энэ татвар бол гэнэтийн гэдэг нэрэндээ зохицсон манайхаас өөр хаана ч байхгүй татвар байсан. Өсөн нэмэгдэх роялтийн татвар бол хаа ч байдаг л татвар. Хамгийн гол нь уул уурхайн салбарынхантайгаа зөв­шил­цөж  байж татвараа, хуулиа өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Ер нь татвар тодорхой, тогтвортой байх ёстой.  Ингэвэл хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтыг их хийнэ. Энэ нь ирээдүйд олох ашиг харж байдаг хөрөнгө оруулагчдад ч ашигтай, уул уурхайгаа түшиглэж мөнгө олох гэж байгаа манай улсад ч ашигтай. Түүнээс биш гэнэт л нэг татвар гаргаж ирээд байх юм бол уул уурхайн салбар хөгжихгүй. Тухайлбал, гэнэ­тийн ашгийн 68 хувийн татвараар дамжуулан “Эрдэнэт”-ээс л ашиг олсон болохоос цаашид үйл ажил­лагаа нь эхэлж, төсөвт үр өгөөжөө өгөх байсан ордуудын хувь заяаг бу­руу тийш эргүүлсэн шүү дээ.

-Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөх хэрээр монголчууд ашиг хүртэх эрхтэй нь зүй ёсны хэрэг. Гэтэл бодит байдалд асуудал улам бүр хүндэрч байна?
-Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт Монголд ашиг авч­раагүй биш авчирсан. Харин тэр ашгийг бэлэн мөнгө хэлбэрээр ца­цаж  инфляци болгочихоод байна. Аш­гийг нь тэгш хуваарилхад хэцүү байгаа болохоор ашиггүй мэт хараг­даад байгаа юм. Тухайлбал, уул уур­хайн бүтээгдэхүүний үнийн өсөлт уул уурхайн салбарынханд илүү мэдрэгдэж байгаа. Гэхдээ энэ их ашигт зохицуулалт хийхээр Тогтворжуулалтын сан байгуулж байгааг зөв шийдвэр гэж бодож байгаа. Мөн бусад салбарыг түлхүү дэмжиж, халамжийг хавтгайруулахгүй, зөвхөн халамж хэрэгтэй байгаа хүмүүст нь л хүргэх хэрэгтэй. Тэгэхгүй бол инфляци ядуусын халаасыг тэмтэрч, баячуудын халаасыг дүүргэж байна шүү дээ.

-Дээрх асуудлаас үүдэлтэй “гол­ланд өвчин” манайд тулгамдсан асуудал болж хувираад байгаа. Тиймээс Засгийн газраас бусад сал­барыг дэмжих арга хэмжээ авч байгаа ч үр дүнд хүрэхгүй бай­на. Манайд “голланд өвчнөөс” сэр­гийлэх боломж бий юү?
-Уул уурхайгаас бусад салбарыг дэм­жихээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөл­бөрүүд дөнгөж эхлэл төдий байгаа болохоор үр дүнгээ хараахан өгөх­гүй байж болох юм. 2007-2008 оны хооронд уул уурхайн салбараас  олсон их хөрөнгийг “цацсан” нь үнэн. Харин одооны хөрөнгийг юунд зарцуулах вэ гэдэг чухал асуудал болоод байна. Мэдээж, дэд бүтцийг хөг­жүүлэх, ажлын байр бий болгох, үйлдвэрлэл бий болгоход зарцуулах хэ­рэгтэй. Үүний тулд ч зарим нэг аж­луудыг эхлүүлээд байна. Гэхдээ манайхыг  “голланд өвчин”-д нэр­вэгд­сэн гэж хэлж болохгүй.

-Монгол Улс “Хан ресурс”-ын уран олборлох лицензийг цуцалснаар арбитрын шүүхэд дуудагдаад бай­на. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?
-Монгол Улс 2009 онд Цөмийн энергийн тухай хуулийг гаргасан. Үүнд ура­ныг стратегийн чухал ач холбог­долтой гэдэг утгаар нь бусад ашигт малт­малаас тусад нь авч үзнэ гэсэн байдаг л даа. Хуулийн дагуу зөвхөн төрийн өмчийн оролцоотой компаниуд л ураны салбарт үйл ажиллагаа явуу­лах  эрхтэй болчихсон байгаа юм.  Тэгэхээр гадны компаниуд Монголын ураны салбарт нэг их халдаж чадах­гүй байдалд хүрсэн. Тиймээс ОХУ, Францын төрийн өмчит компаниуд энэ сал­барт хамтрахаар болсон. Харин “Хан ресурс”-ын хувьд тоогүй юм болсон л доо. Учир нь тухайн ком­панийг “Хөрөнгө оруул, оруул” гэж хөрөнгө оруулуулсан. Тухайн үед “Хан ресурс” компани нэг бүр нь таван ам.долларын үнэтэй хувьцаа гаргаж, маш их хөрөнгө босгож чад­сан байдаг. Харин манайхыг Цөмийн энергийн тухай хууль гаргасны дараа лиценз нь цуцлагдахад хүрэхэд тухайн компанийн нэг ширхэг хувьцааны үнэ 25 цент болтлоо буурсан. Тиймээс алдагдлаа нөхөхийн тулд Монгол Улсаас 300 сая ам.доллар нэхэмжлэн арбитрын шүүхэд дуудсан. Гэхдээ Монгол Улс тусгаар тогтносон улс учир бие даасан хууль гаргаж, түүнийхээ дагуу үйл ажиллагаа явуулах эрхтэй.

-Монголын томоохон компаниу­дын дунд судалгаа хийсэн гэж байсан. Монголын хөрөнгийн бир­жид хийсэн судалгаагаар ямар дүгнэлт гарч байна?
-Монголын хөрөнгийн бирж бол дэлхийн хамгийн жижиг бир­жүүдийн нэг. Гэхдээ сүүлийн үед хувьцаанууд нь өсөлттэй гарч байгаа. Ер нь бол компаниудын хувь­цаа төвлөрчихсөн, өдрийн арил­жаа нь бага гэсэн үзүүлэлттэй гарсан байгаа. Мөн есдүгээр сараас дө­рөв­дүгээр сар хүртэл бүртгэлтэй хувьцаанууд нь бууралттай гардаг цикл ажиглагдсаныг судалгаагаар тогтоосон. Энэ нь  дөрөвдүгээр сараас бүх ажил эхэлдэгтэй холбоотой бо­лов уу. Хүмүүс ажил эхлэх үед мөн­гөө татаж, хэрэглээд, зогссон үед нь хувьцаа худалдаж авах замаар өсгөдөг тогтлын л дагуу.

-Лондоны хөрөнгийн бирж Монголын хөрөнгийн биржийн менежментийг хариуцахаар болсон. Ха­рилцан ашигтай хамтран ажил­лахын тулд юуг анхаарах ёстой вэ?
-Хөрөнгийн бирж хууль дүрмээ л өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Ту­хайлбал хэдэн жилийн өмнө “Айвен­хо майнз” компанийн хувьцааг Ка­над, Монголын хөрөнгийн бирж дээр зэрэг гаргахаар ажилласан боловч хууль, эрх зүйн зөрчилдөөнөөс болж ча­даагүй. Тиймээс энэ тал дээр хам­гийн түрүүнд зохицуулалт хийх хэ­рэгтэй. Ингэж чадвал Монголын хөрөнгийн бирж хөгжиж чадна.

-Хамгийн сүүлчийн асуулт маань дахиад л “Эрдэнэс Таван­толгой”-той  холбоотой болчихлоо. “Эрдэнэс МГЛ” компанийнхан “Эрдэнэс Та­ван­толгой”-н хувьцааг хэрхэн олгох тал дээр танайхаас зөвлөгөө авсан гэж сонссон. Тэдэнд дээрх зөвлөгөөг өгсөн үү?

-Энэ бол манай харилцагч ком­панийн нууц учир мэдээлэх боломжгүй.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Сэтгүүлч Р.Сарангоо                Улстөрийн тойм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж