-Салют худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагаас ямар зөрчил дутагдал илрэв?
-Нийслэлийн хэмжээнд пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулдаг аж ахуйн нэгж, худалдааны захуудад “Төрийн хяналт шалгалтын тухай” хууль, “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” хууль, Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын “Пиротехникийн хэрэгслийн талаар авах арга хэмжээний тухай” 2009 оны 662 дугаар захирамж болон холбогдох тушаал шийдвэрийн хэрэгжилтийг энэ оны нэгдүгээр сарын 12-14 өдрүүдэд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар шалгалт хийсэн. Улсын хэмжээнд пиротехникийн хэрэгслийг худалдан борлуулах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй “Протек” ХХК, “Очир ундраа” ХХК-иуд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр хоёр компанийн нэрийн барааг Баянзүрх дүүрэгт байршилтай “Тотал мюзик” дэлгүүр, Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байршилтай “Шинэ өглөө“ цогцолборын дэлгүүр, Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байршилтай “Пластик” дэлгүүрээр тус тус худалдан борлуулж байна. “Протек” ХХК, “Очир ундраа” ХХК нь “8 SHOTS ROMAN CANDLE”, “BIAN LIAN WANG” төрлийн хүн гэмтээх эрсдэлтэй салютыг 2008 оноос хойш импортлоогүй бөгөөд уг хэрэгслийг иргэд холбогдох зөвшөөрөлгүйгээр, нууцаар, ганзагын наймаа хэлбэрээр БНХАУ-аас оруулж ирсэн байна.
-Шинэ жилийн баярын үеэр салют буудуулсны улмаас нэлээд олон хүн бэртэж гэмтсэн. Чухам ямар төрлийн салютад гэмтсэн нь тогтоогдсон уу?
-Шинэ жилийн баярын үеэр пиротехникийн хэрэгсэл ашигласнаас гэмтсэн нийт 21 иргэний 9 буюу 42.9 хувиас мэдээлэл авахад хар, улаан өнгийн “8 SHOTS ROMAN CANDLE”, “BIAN LIAN WANG” төрлийн салютыг худалдан авч, англи хэл дээр бичсэн “гар дээрээс буудуулж болохгүй” гэсэн зааврыг мэдээгүй гар дээрээ барьж буудуулсан байна. “Нарантуул”, “Хархорин” зэрэг худалдааны төвүүдэд шинэ жилийн баярын өдрүүдэд пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулж байгаа эсэхэд хяналт шалгалт хийхэд зөрчил илрээгүй бөгөөд БЗД-ийн харъяа цагдаагийн тасгийн ажилтнууд зөвшөөрөлгүй худалдан борлуулж байсан пиротехникийн хэрэгслийг /динамит, салют/ хураан авч цаашид дахин худалдаалахгүй байх үүрэг өгч, хяналт тавин ажиллаж байна. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй “Протек” ХХК, “Очир ундраа” ХХК-иудад пиротехникийн хэрэгслийг худалдаалахдаа мэргэжлийн үнэмлэхтэй ажилтнуудыг ажиллуулах, тэсэлгээний ажил, тэсрэх материалтай харьцах, уг хэрэгслийг зориулалт тус бүрээр нь аюулгүй ажиллагааны зааврыг монгол хэл дээр гаргаж хэрэглэгчдэд зөвлөмж, сануулга өгч байх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Хууль бусаар импортлон нууцаар худалдан борлуулж, олон иргэдэд гэмтэл учруулсан “8 SHOTS ROMAN CANDLE”, “BIAN LIAN WANG” төрлийн салютыг ард иргэд аль болох худалдан авахгүй байж өөрсдийгөө болзошгүй эрсдэлээс сэргийлэхийн зэрэгцээ тус пиротехникийн хэрэгслийн үлдэгдэл байж болзошгүй тул бүх шатны хууль хяналтын байгууллагууд сонор сэрэмжтэй ажиллахыг анхааруулж байна.