Инфляцийн хурдац өсч, ОУВС-ийн мэргэжилтнүүд үүргийнхээ дагуу мөнгөний
бодлогын хүүгээ нэмэхийг зөвлөж эхэллээ. Ажлын хэсгийнхэн “Инфляци
өндөр түвшинд хүрч, төсвийн зарлага их хэмжээгээр нэмэгдэж байгаа нь
нөхцөл байдлыг улам доройтуулах болно” гэсэн дүгнэлт гаргасан байна.
ОУВС-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Пармешвар Рамлоган “Төсвийн
тогтвортой байдлын тухай хуулийн үзэл баримтлалыг үг, үсэг орхилгүй
чанд даган мөрдөхгүй бол хуулийн найдвартай байдал алдагдаж, бодлогын
алдааны улмаас Монгол Улсад өмнө нь үүсч байсан тэлэлт-агшилтын мөчлөг
тохиож, үүнээс сэргийлэх боломжгүй болно” гэж хэлжээ. Яагаад ч юм бэ,
“төрөөс” тайвшруулж, ОУВС-ийн зөгнөөд байгаа хоёр нэг л сэжигтэй
төдийгүй “өмнө нь үүсч байсан тэр эгзэгтэй мөчлөг”-ийг эргэн санахад
хүрэв. Энэ үе бол инфляци 34 хувьд хүрээд байсан 2008 оны долдугаар
сараас хойшхи өдрүүд. Яг тэдэнтэй адилхнаар сэтгэж, мөнгөний бодлогын
хүүг өсгөхөөс өөрөөр инфляцитай тэмцэх боломжгүй хэмээн байсан
Монголбанкны ерөнхийлөгч асан А.Батсүх гэдэг нөхөр санаанд орж байна.
Тухайн үед хэвлэл мэдээлэлд гарч буй түүний талаарх мэдээллүүдийг
харахад юу хийх гээд байгаа нь мэдэгдэхгүй эсэргүү нөхөр, эсвэл эдийн
засгийг боомилохыг хүсэгч, бүр юу ч мэддэггүй юм болов уу ч гэж
санагддаг байлаа.
Харин инфляци буурч, бүх зүйл нааштайгаар өөрчлөгдсөний дараа юу
болоод өнгөрөв гэдгийг эргэн харахад тун сонирхолтой дүр зураг харагдсан
юм. Дэлхий нийт 2007 оны дунд үеэс хямрал хэмээн сандарч эхлээд байв.
Гэвч Монголд хямрал үүссэн шалтгаан нь тун энгийн. Өөрөөр хэлбэл хямрал
гэдэг нь манай жижиг орны хувьд ерөөсөө л халамжийг хэт тэлснээс болон
алт, зэсийн ханш огцом унасан зэргээр тайлбарлагдаж байв. Энэ үед
тухайн үеийн Монголбанкны ерөнхийлөгч А.Батсүх юу хийсэн бэ. Инфляци
огцом өсөхөөс нэг жилийн өмнөхөн буюу 2007 оны долдугаар сараас эхлэн
төв банкны үнэт цаасыг мөнгөний бодлогын гол хэрэгсэл болгон
ашиглахаар судалж эхэллээ. Гэвч энэ нь шаардлагыг бүх талаар хангаж
чадаж байна гэж хэлэх аргагүй тул мөнгөний бодлогын альтернатив
загваруудыг ч судалжээ. Ингээд 2007 оноос Монголбанк инфляцийг
онилох мөнгөний бодлогын аргад шилжихээр зорилгоо тодорхойлсон.
Мэдээж үүнийг тэр ганцаараа хийгээгүй. Эрсдэлийн удирдлагын алба
байгуулж, тэрхүү баг нь олон хоног нойр, хоолгүй зүтгэсний эцэст
эрдэмтэн А.Батсүхийн “туршилт” амжилттай болж бодлогоо боловсруулсан
юм. Зүгээр ном уншиж судалж байгаад ч аваад хийчихсэн юм биш. Эмзэг,
жижигхэн эдийн засагтаа тохирох хувилбарыг хайж, олон тестийг туршиж
үзээд сонголтоо хийсэн хэрэг л дээ. Харин хэрэгжүүлэх шатанд ямархан
саад бэрхшээл тулгарсныг олон нийт мэдэж байгаа. Түүнийг “Эдийн
засгийн эргэлтийг удаашруулж, зээлийн хэмжээг хумьж байна” хэмээн
буруутгаж байлаа. Гэвч онолын хувьд зөв юм хийсэн гэдэгтээ А.Батсүх
дэндүү итгэлтэй байв. Инфляци тухайн орныг элгээр нь хэвтүүлдэг аймшиг
мөн. Түүнтэй тэмцэх цорын ганц арга нь мөнгөний бодлогын хүүг
бууруулах явдал мөн. Энэ бол “Хоёр хоёрын дөрөв” гэдэг шиг л ганцхан
хариутай бодлого билээ.
Аливаа үйлийг анх хийхэд тулгардаг бэрхшээлүүд А.Батсүхэд тохиолдож
байв. Мөнгөний бодлогын хүүгээ нэмэхээр хувийн хэвшлийнхнээ татаж
унагачих гээд, эдийн засгийг боомилох гэсэн хэрэгтэн болох ч шахна.
Бүр юу ч мэддэггүй хүнийг Монголбанкны ерөнхийлөгчөөр аваачаад
тавьчихаж гэж хэлүүлэх ч энүүхэнд. Улстөрчид түүнээс хуульд харшлах
зүйлийг хийлгэх, хэлүүлэх гэж оролдоно, болохгүй бол дарамталдаг
байсныг хамт ажиллаж байсан нөхөд нь мэднэ. Харин хэлэхээс эмээж байж
болзошгүй. Учир нь ямар цаг үед ажиллаж амьдарч буй, тэр нь шударга
ёстой хэрхэн тэрсэлдэж буйг өнөөдөр төрийн алба хашиж байгаа бүхэн
чимээгүй эмгэнэн яваа билээ.
Гэвч Монголбанкны ерөнхийлөгчид нийт ард иргэдийн эрх ашиг илүү чухал
байсан учир албан тушаал, нэр хүндээ золиосолж зоригтой шийдвэр
гаргахаас аргагүй байв. Тэр тулгарсан саад, бэрхшээл бүхнийг хамт
олонтойгоо амжилттай давсны дүнд ч зорьсондоо хүрсэн. Хямралаас болж
нэг жилийн дотор АНУ-д 100 гаруй банк дампуурчихаад байхад Монгол Улс
“Анод”-ын араас бусдыг нь тавиад туучихалгүй тогтож үлдсэн. “Анод”-ыг ч
гэсэн “Зоос”ын нэгэн адил төрийн мэдэлд аваад тогтоох төлөвлөгөө
боловсруулж өгсөн ч тухайн үеийн Засгийн газрын холбогдох хүмүүс
даанч тоогоогүй нь сэжиг төрүүлдгийг нуугаад яах вэ. Эцэст нь
А.Батсүх Монголбанкны ерөнхийлөгчийн албанаас огцрохыг хүссэн
өргөдлөө өгсөн юм. Тэрбээр 34 хувьтай байсан инфляцийг 19 хувь хүртэл
нь бууруулаад, “Бид мэргэжлийн талаас нь авах ёстой арга хэмжээгээ
авсан. Цаашид инфляци улам буурна. Монголбанкны ерөнхийлөгчөөр Долоон
буудлын Долзод гуайг авчраад тавьсан ч жам ёсныхоо дагуу инфляци
буурсаар байх тийм найдвартай арга хэмжээг бид авсан” хэмээн хэлж байсан
юм. Үнэхээр ч инфляци хэрхэн тогтворжсон, арилжааны банкууд зээл
өгөхдөө эрсдэлээс хэрхэн сэргийлдэг болсныг харж байгаа биз дээ.
Хүүгийн хойноос хэт хөөцөлдөж, чанаргүй зээлийн хэмжээ нь банкаа татан
унагах шахсан тийм буруу ойлголтыг залруулж банк бүр эрсдэлийн
удирдлагын албатай болсны үр дүн энэ. Мөн эдийн засгийн мэдлэг,
туршлага, оюун санааны шилдгүүдийн төвлөрөл болсон ОУВС, Дэлхийн
банктай нягт хамтран ажиллаж, мөнгөний бодлогын чиглэлээр АНУ-д мастер
хамгаалсан анхны монгол эрдэмтний хувьд үндэсний банкирын ухааныг нэмж
энэ бүхнийг хийсэн. Эцэст нь улстөрчид түүний ажлыг ойлгохгүйг мэдрээд
албан тушаалаа өгөхөөс аргагүйд хүрсэн. Түүний үед Монголбанкны
удирдлагад ажиллаж байсан Д.Энхжаргал, Б.Энххуяг нар ч мөн улс төрийн
шалтгаанаар албан тушаалаа өгснийг бодоход асуудал зөвхөн А.Батсүхэд
байгаагүй нь батлагдсан юм. Гэхдээ л тэд Монголбанкны удирдлагын
эрхийг хүлээлгэн өгөхдөө их хямралын эрсдэлийг ч аваад одсон. Энэ л
тэдний гавьяа, олон нийтийн заавал мэдэх ёстой түүх байлаа. Түүнийг хэн,
яагаад огцроход хүргэв. Өөрийн гараар өргөдлөө өгтөл нь залхаасан улс
төрийн ямар нөхцөл байдал үүсээд байсан юм бол. Төрийн албанд шударгаар
зүтгэсэн бүхэн хулжин оддог Монгол төрийн парадокс цаашид хэрхэн
үргэлжлэх бол гэдэг талаар бодохоос эмгэнэлтэй бус уу. Ийм түүхийг
мартах аваас цаашид төрд ажиллагсад шударгаар зүтгэх хэрэг байна уу.
Өнөөдөр инфляци өсөхийг сануулсаар байгаа зөвлөгөөг хүлээн аваад хамтран
ажиллахад хэн саад болоод байгааг ч үүнтэй холбож үзэхэд гэмгүй. Эрх
мэдэлтнүүд байтугай статистикт ч итгэхэд бэрх байна. Яагаад инфляци нь
тогтвортой байгаа юм бол ард түмний амьжиргаа хүнд хэвээрээ байгаа юм
бэ. Яг Израиль шиг. Тэдний эдийн засаг урьд хожид байгаагүйгээр буюу
7.8 хувийн өсөлттэй байхад бараа бүтээгдэхүүний үнэ өсч, ядуу хэвээрээ
байгаадаа бухимдан ажил хаялтад зэхэж эхэллээ. Харин манайд эдийн
засгийн өсөлт 6.1 хувьтай байгаа ч бүх юм сайхан байгаа мэтээр тархи
угааж байна. Гэтэл цалин хүртээмжтэй, өргөн хэрэглээний бараа,
бүтээгдэхүүний үнэ хямд байна уу гэвэл тийм биш. Дээр нь бэлэн мөнгө
тарааж байгаа. Инфляци цаашид өсөхгүй гэхэд яагаад итгэх ёстой гэж.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин