Бүсгүй хүний өр нинжин сэтгэл, мяндсан ухаан, бүүвэйн дуу энэ ертөнцийг аргадаж ирсэн. Домогт Ану хатан, суут Сэцэн Мандухайгаас авахуулаад харьшгүй зориг, хатан ухаантай Монгол эмэгтэйчүүд эр нөхөр, эх орондоо түшиг болж ирснийг түүх өгүүлдэг. Тэгвэл тэд 21-р зуунд нийгмийн бүх салбарт манлайлж, хөгжлийн түүчээ болж байна. Чухам тэдгээр агуу удирдагч бүсгүйчүүдийг олон нийтийн санал асуулгаар шалгаруулах “Grand Lady” ёслолын ажиллагааг “Гранд” сэтгүүл зохион байгуулах гэж байна. Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн худалдаанд гарсан “Гранд” сэтгүүл нь үүгээрээ оны шилдэг лидер эмэгтэйг хамгийн шударга, ардчилсан зарчмаар шалгаруулахаа онцолж байна. Жилд ганцхан тохиодог Олон Улсын Эмэгтэйчүүдийн баярын өдрөөр энэхүү “Grand Lady” ёслолын арга хэмжээ болж, шилдэг 5 эмэгтэйд батламж, болор цом гардуулах ажээ.
Нийгэм улс төр, бизнес, урлаг соёл, спорт, хүмүүнлэг гэсэн 5 салбар тус бүрд тав тав, нийт 25 шилдэг эмэгтэйн нэрийг дэвшүүлсэн бөгөөд шалгаруулалтыг онлайн хэлбэрээр явуулах юм байна. Та дэмжиж буй эмэгтэйдээ санал өгөхийн тулд www.shuud.mn, www.gogo.mn цахим хаягаар орж, саналаа өгөх бөгөөд санал асуулга ирэх даваа гаригаас эхлэн явагдана.
Б.Энх