Дэлхийн долоон удаагийн аварга снукерч Уэльсийн нээлттэй тэмцээнд снукерийн дээд оноо болох 147-г авчээ. Мэргэжлийн снукерийн чансаанд дэлхийн аварга, Британийн нээлттэй тэмцээн болон дэлхийн нээлттэй тэмцээний дараа дөрөвт ордог Уэльс Опен тэмцээний хоёрдугаар шатанд Хендри уг амжилтыг гаргажээ. Түүний өрсөлдөгч нь Шотландын Стифен Магуайр байсан юм. Дэлхийн чансааны наймд бичигдэж байгаа нутаг нэгтнийхээ эсрэг Стифен Хендри эхний фреймд л 147 онооны брейк хийжээ. 42 настай снукерч ийнхүү 10 дахь удаагаа снукерийн дээд оноог авч, Ронни О’Салливантай хамт рекорд амжилтын эзэн боллоо. Харин мэргэжлийн снукерийн түүхэнд 77 дахь албан ёсны дээд оноо болж, энэ амжилт нь бичигджээ. Гэхдээ тоглолтын хувьд Хендри дараа нь 49 онооны нэг брейк л хийж чадсан байна. Стифен Магуайр үлдсэн фреймүүдэд алдаа гаргалгүй 4:2 харьцаатай хожиж, Уэльс Опений шөвгийн наймд үлдлээ. Энэ тэмцээнд Жон Хиггинс, Грэмм Дотт, Дин Жунхуй, Марк Селби зэрэг снукерийн одод оролцож, шөвгийн наймд шалгараад байна.
Score Studio