Өнгөрсөн жилийн зуд том сургамж болсон

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн жилийн зуд том сургамж болсон

Монгол Улсын  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Өвөрхангай аймагт ажиллалаа. Тэрбээр Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нэгдүгээр багийн малчин Ц.Дондовхүүгийнд зочилж, хаваржилтын байдалтай танилцсан юм. Өвөрхангай аймагт өнгөрөгч арваннэгдүгээр сарын сүүлч болон энэ оны нэгдүгээр сард орсон цас хунгарлаж машин явах боломжгүй болжээ. Өлзийт сумын газар нутгийн 80 хувьд  их хэмжээний цас унасан тухай нутгийн удирдлагууд хэлж байлаа.  Энэ үеэр Өлзийт сумын засаг дарга Ё.Рэнцэндоржтой ярилцлаа.

-Одоогийн байдлаар малчдад тулгарч байгаа бэрхшээл юу байна?

-Цас их орсон ч гэлээ мал хангалттай хооллох өвстэй байна. Одоогийн байдлаар малчдад хүндэрсэн ноцтой зүйл алга. Өнгөрсөн жилийн зудад малынхаа дийлэнх хувийг алдсан  залуу малчдын амьдрал ахуй  доошилсон. Сумын хэмжээнд малжуулах, хөдөлмөр эрхлэлтийг  дэмжих чиглэлээр  тодорхой ажлууд хийж байна. Малжуулах чиглэлээр 43 сая, НҮБ-ын тусламжаар 25  өрхөд гурван зуун мянга, 53 өрхөд тус бүр нэг сая төгрөгийн мөнгөн тусламж олгосон нь малчдын амьдрал ахуйд дэм болж байгаа гэж бодож байна. 

-Жижиг, дунд үйлдвэрлэл танай суманд бодит байдлаар хөгжиж чадаж байна уу?

-Энэ чиглэлээр бодит ажлууд эхнээсээ хийгдээд, тодорхой ажлын байраар хангаад явж байна. Засгийн газраас Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд 50 сая төгрөг хуваарилсан. Сумын иргэд зээлээ банкаар дамжуулж авахад хүндрэл гарч байна. Тухайлбал барьцаа хөрөнгө өндөр байдаг болохоор тэр нөхцлийг  хангаж, хоршоо болж, зээл авах  малчин ховор байна. Энэ байдлыг нь зохицуулаад өгөх юм бол зээл авч, үйлдвэрлэл, газар тариалан эрхлэх гэсэн хүсэл сонирхолтой иргэд олон бий. 

-Сумын малчид түүхий эдээ үнэ хүргэж чадаж байна уу. Ченжүүд малчдын амьдрал ахуйд нөлөөлөх нь улам бүр ихэсч байна?

-Түүхий эд ченжийн гараар дамждаг байдал хэвээрээ л байна. Түүхий эдийн үнэ ханш малчны хотноос бол бага үнээр зарагдах нь ойлгомжтой. “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд суманд биржийн салбар нээх тухай яригдаж байна. Хэрвээ энэ бодит ажил болвол томоохон өөрчлөлт гарна. Одоо малчин айл хотол, хамаатан саднаараа хоршоо байгуулж, хамтран хөдөлмөрлөж байж амьдрал ахуйгаа өөд татах цаг ирсэн. Түүнээс биш жалгын нэг тарсан, ганц нэгээрээ түүхий эдээ барьж яваад бол ченжийн гарт өгсөн хэвээр л байна шүү дээ.

-Хадлан тэжээлээ хэрхэн базаав. Нөөцөө хангалттай бүрдүүлсэн үү?

-Энэ жил сумын хэмжээнд 90 мянган толгой мал тоолуулсан. Өнгөрсөн жил 160 мянган толгой малтай байсан ч зудад бараг тавин хувь нь хорогдлоо. Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу хадлан тэжээлээ хаа хаанаа сайн базаасан гэж хэлж болно.  Манай сумын хувьд Булган аймгийн Баяннуур суманд тодорхой хэмжээний газар аваад хадлан хадаж, сумынхаа нөөцийг бүрэн бүрдүүлсэн. Тэгэхээр энэ жил гадна дотноос өвс тэжээл авах шаардлагагүй гэсэн үг.

-Танай суманд өнгөрсөн жил өвс, тэжээл үнэ ямар байв?

-Бид малчиддаа  нэг боодол өвсийг 3500 төгрөгөөр худалдсан. Зудыг далимдуулж зарим нэг ченжүүд өндөр үнээр  зарсан байхыг үгүйсгэхгүй. Ер нь бол суманд их юм ирдэг ч хүн болгонд хүртэх хүртээмж  муу.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж