Энэ үеэр бид урт нэртэй хуулийн хэрэгжилт, хөдөлгөөнүүдийн тавьж байгаа шаардлагын талаар БОАЖЯ-ны дэд сайд Ч.Жаргалсайханаас тодруулахад “УИХ-аар хэлэлцэж баталсан хуулийг хэрэгжүүлэх л ёстой” гэсэн товчхон хариултыг хэлсэн юм.
Түүнчлэн уг хуулийг хэлэлцэж батлахад иргэний хөдөлгөөнүүд гар бие оролцож, тодорхой хэмжээний зардал гаргасан тул Засгийн газраас 68 сая төгрөгийг нэхэмжилж байгаа аж. Гэвч тэд хууль батлахад гарсан бүх зардлыг бүхэлд нь нэхэмжлээгүй гэдгээ хэлж байна. Энэ үеэр бид мөн Байгаль хамгаалах Салхин Сандаг холбооны тэргүүн Ж.Түдэвдоржтой уулзлаа.
-Өнөөдөр уул уурхайн буруутай үйл ажиллагаанаас үүдээд гол мөрөн, нуурууд ихээр ширгэж, байгаль орчин, бэлчээр ихээр сүйдэж байна. Үүгээр зогсохгүй хүний эрүүл мэнд, цаашид ажиллаж амьдрах нөхцөл байдлыг алдагдуулж байна.
Бид нэхэмжлэлдээ голын ай савд учирсан хохирлыг хоёр сарын дотор тооцоолон ард түмэнд мэдээлэх, Мөн голуудын учирсан хохирлыг Засгийн газраар төлүүлэх, Голын ай сав газрын нөхөн сэргээлтийн ажлыг Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнд хариуцуулж өгөх, хууль батлахад гарсан зардал болох 68 сая төгрөгийг иргэний хөдөлгөөнд буцаан олгох гэсэн дөрвөн нэхэмжлэл байна. УИХ гаргасан хуулиа мөрдөх хэрэгтэй гэв.