Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Цэнгээнт улс төр

Улс төрд ийм нэгэн нэр томъёо байдаг. Товчхондоо дэлхийн улс орнуудын улс төрийн коммуникацийн нэ­гэн шинэ хэв маяг буюу улс төрийн талаарх мэ­дээ­лэлд цэнгээнт өнгө аяс, уран сайхны аргаар хүч түрэн орж ирэх үзэгдлийг “по­литайнмент”-цэнгээнт улс төр хэмээн нэрлэдэг аж. Мэдээж Америкаас, тэр тусмаа Р.Рейганаас гаралтай энэ төрлийн талаар энд өгүүлэх гэсэнгүй. Ирэх сонгуулийн кампанит ажлын эхлэл болсон Монголын улс төрийн хошин үзэгдлүүд идэвхжиж байгаа нь дээрх нэр томъёотой ямар нэгэн байдлаар хол­боо­той байгаа хэрэг л дээ. Ту­хайлбал, өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр “Улс тө­рийн нам: Задрал ба нэгдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийг нээж, МАХН-ын дарга Н.Энхбаяр үг хэлэхдээ “Гад­наас  харахад өнөөдөр ил харагдах нэг задрал, нэг нэгдэл байна. Энэ бол хуурамч задрал, хуурамч нэгдэл. Тэгвэл хаана жинхэнэ задрал, жинхэнэ нэгдэл болж  байна вэ. Түүнийг бид олж харж чадах нь уу, үгүй юү гэдгийг өнөөдрийн хурал тэмдэглэх  болов уу гэж найдаж байна. Би ямар ил задрал, ил нэгдэл,  ямар далд задрал, далд нэгдлийн тухай ярьж байна вэ. Үүнийг хэлэхийн тулд  хэчнээн жил ярьж, хэлж ойлгоод байгаа хэрнээ хэрэгжүүлж  чадахгүй байгаа тэр  асуудлыг хөндөх болно. Өнөөдөр  гаднаас нь харахад  нэг том нэгдэл, түүнээс гадна жижиг задралууд явагдаад байгаа юм шиг   харагдаж байгаа. Том нэгдэл гэдэг  нь  МАН, АН нэртэй хооронд нь нийлүүлэхээр МАНАН гэсэн нэртэй нэгдэл явж байна. Цаана нь задрал гэхээр  МАН, МАХН, Ногоон нам, АН  гээд бусад намын тухайд  жижиг  задралууд явагдаад бай­гаа юм шиг харагдуулах, тэгж тайлбарлахыг   эрх ба­ригчид хүсч байна. Тэгвэл  үүнийг томруулдаг шилээр харъя. Нам төвтэй төр байх уу, иргэн төвтэй төр байх уу гэдэг томруулдаг шилээр  энэ нэгдэл, задралыг харах гэж оролдъё. Бидний томруулдаг шил бол үнэнийг туршъя гэсэн үг. Ер нь  нь бид иргэн төвтэй төр байх ёстой гэсэн ойлголттой байгаа шүү дээ. Иргэн төвтэй байя гэсэн томруулдаг шилээр харахад, одоо наанаа яриад байгаа  том нэгдэл маань Монголыг  асар томоор задлах нь гэж би ойлгож байгаа” гэсэн юм.

Энэ үеэр “Ардчилал гэж хорвоод байдаггүй бодит бус зүйл, парламент гэгч нь төрт ёсны тогтолцооны адгийн хувилбар” гэсэн сонин хачныг тэндээс сонсов. Үүнийг өнөөх ардчиллын “шувуухайнууд”-ын нэг, сэргэн мандал, ноёрхлынх нь зурвас үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайханаас сонсов. Тэрбээр “Ардчилал, улс төрийн намын мухардал ба тусгаар тогтнол” сэдэвт илтгэлдээ “Ардчилал бол амьдралын үнэлэмж, амьдралын үнэнийг хүмүүний эрх чөлөөг уландаа гишгэн байж санал хураалт төдийхнөөр тодорхойлдог хуурамч систем юм”, “Амиа хорлоогүй ардчилал хэзээ ч байгаагүй” гэх зэрэг хатуу үгсийг зоригтойгоор хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, тэр Черчиллийн шүтэн бишрэгч болсон байлаа. Бас Ленинд асар хүндэтгэлтэй ханддаг байсныг нь мэдсэнгүй явжээ, бид.

Тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаяртай мөр зэрэгцэн сууж, ичиж зоволгүй инээлдэн, сэтгэл тэнүүн суух нь үзэгдэв. Тэднээс бусад нь айна уу гэхээс, Н.Энхбаяр, М.Энхсайхан нар бусдаас айж эмээн, уулзалдахаас болгоомжлох цаг ард хоцорсныг уг хэлэлцүүлэг харуулж байлаа.  М.Энхсайхан илтгэлдээ “Монголд харийнхнаас тулган хүлээлгэсэн ардчилал гэнэн насаа хурдтай гэтлэн 2008 оны будилаант сонгуулийн дараа хүмүүсийн зүрхэнд үхэтхийн унах шиг болж билээ. Өнөөдрийн Монголд нутагшиж чадаагүй харийнхны ардчилалд амь тариаг хэчнээн ч одон медаль тараагаад хэчнээн ч баатар төрүүлээд түүнийг эргүүлэн босгож чадахгүй. Шаардлага ч байхгүй” хэмээсэн нь түүний хувьд эрх баригч намууд, өнөөгийн лидерүүдтэй  тэмцэхэд бэлэн хэмээсэн эр зориг үнэртэж байв.

Ерөнхийдөө тэдний хэнийх нь ч илтгэлээс өнөөгийн улс төрийн намуудын байдлыг нөлөөт толиноос ангид бодитоор харж болохоор байсан нь сайшаалтай. Тухайлбал, МУИС-ийн багш, доктор, профессор Х.Сэлэнгээ “Эвлэлдэн нэгдэх эрх ба нам” сэдэвт илтгэл тавьсан. Тэрбээр илтгэлдээ эвлэлдэн нэгдэх эрхийн шинж, илрэлийг Үндсэн хуулийн болон Хүний эрхийн түгээмэл тунхагийн заалтуудтай холбон тайлбарласан юм.  Мөн “Сонгогчдын боловсрол” төвийн гүйцэтгэх захирал Б.Оюунтуяа “Нам ба сонгуулийн луйвар” илтгэлдээ УИХ-ын 2008 оны сонгууль болон 2009 оны аравдугаар сард болсон нөхөн сонгуулийн үеэр хийж байсан булхай луйврууд, нэрсийн жагсаалтын будлиан, сонгуулийн амлалтуудын талаар тодорхой баримт жишээ дурьдаж байв. Тэдний илтгэлд дурдсанаар улс төрийн намын нэр бол оюуны өмч биш, зөвхөн оноосон нэр учир аль нэг нам нэг нэрийг үүрд өмчилнө гэсэн ойлголт байж таарахгүй гэлээ. Харин МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр “МАНАН-г яаж арилгах вэ” сэдэвт илтгэлдээ  “Ардчилсан нийгэмд хүмүүнлэг үзлээр удирдуулсан зүүн төвийн социал демократ үзэл ба уламжлалаа эрхэмлэсэн хүн бүр амьдралаа авч явахыг уриалан дуудсан дэвшил хувьсгалыг эрмэлздэггүй. Баруун төвийн улс төрийн итгэл үнэмшлээр эвлэлдэн нэгдэж, үндэстний хүслийг амьдралд хэрэгжүүлэх зорилгоор төрийг удирдах хүн төрөлхтний ариун үйлсийн төлөө институц болохоос биш мэдлэггүй, мухар сүсэгт автагдсан, моралгүй, дур зоргоор авирлагч, жалгын үзэлтэй, өчүүхэн хувийн шуналдаа хөтлөгдсөн луйварчдын институцыг улс төрийн нам гэдэггүй байна. Үүнээс харахад “МАНАН” –ыг монгол хүний оюуныг төөрөгдөлд оруулж, ардчилал, хүний эрх, шударга ёс, хүмүүнлэг, иргэний нийгмийн байгуулал, чөлөөт согууль гэх зэрэг орчин үеийн сайхан нэр томъёоны цуглуулгаар чимсэн гэхээс илүү халхавчлагдсан, бусдын хөдөлмөрийг шимдэг, наад захын моралгүй, феодалын луйварчдын бүлэглэл гэж тодорхойлбол үнэнтэй нийцэх болно” хэмээсэн нь анхаарал татсан юм.

Товчхондоо энэ нь Н.Энхбаярын намд “Монгол ардын хувьсгалт нам” гэдэг нэрийг авч өгөхийн тулд, тус намаас зохион байгуулсан, цаашид ч уламжлал болон зохион байгуулах арга хэмжээ байлаа. Ардын нам тэднээс намын нэрийг нь харамлаад, шахаж хавчин зовоож байгаа, гуравдагч хүчнийхэн гар, сэтгэл нийлэн тэмцэж буй дүр зургийг бид өнгөрсөн хугацаанд харсан. Харин ирэх өдрүүдэд эрх баригчид гуравдагч хүчнийхний энэхүү цугларалтын эсрэг, тэдний ярьсан үнэн үгст ямар хариу өгөхийг Монголын “цэнгээнт улс төр”-ийн үргэлжлэл  болгон харах л үлдэж байна. 

У.ОРГИЛМАА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж