
Энэ талаар түүнээс тодруулахад “Ах нь залуу наснаасаа өгсүүлээд өдий хүртэл сумын холбооны газарт ажилласан болохоор мэдээллийн үнэ цэнийг чамгүй мэднэ. Юун түрүүнд орон нутгийнхаа ард иргэдийн аж амьдралыг аймаг, цаашлаад улсынхаа төр засгийн сонорт хүргэх зорилготой. Өнгөрөгч оны сүүлээр ажлын байраа ашиглалтад оруулж, цацалтын антенаа бэлэн болгосон. Ирэх тавдугаар сарын 1-н гэхэд үйл ажиллагаагаа эхлэхээр төлөвлөсөн. Долоо хоногт 2-3 удаа 1-2 цагийн нэвтрүүлэг бэлтгэж сумынхандаа хүргэнэ. Одоо зөвшөөрлөө авах л үлдсэн. Энэ ажлыг эхлүүлэхэд орон нутгийн удирдлагууд, шат дараалан тусласан төдийгүй тоног төхөөрөмж авахад 4 сая гаруй төгрөгийн мөнгөн туслалцаа үзүүлсэн аймгийн Засаг дарга П.Ганхуяг танд баярласан сэтгэлээ илэрхийлье. Жирийн иргэнийхээ санаачлан эхлүүлсэн энэ ажлыг та сайхан сэтгэлээр хүлээн авч тоног төхөөрөмж авахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн явдалд би төдийгүй Хөвсгөл сумынхан гүнээ талархаж буйгаа надаар дамжуулж уламжлахыг хүссэн юм. Энэ бол орон нутагтаа оруулж буй томоохон хөрөнгө оруулалт юм. Мөн нутгийн ард иргэд, ах дүү найз нөхдийн тусч сэтгэл дэм болсныг хэлэхгүй өнгөрч болохгүй. Цаасан дээр бичсэн төслийнхөө тооцоо судалгааг сайтар хийж, хэрэгжих үндэслэлтэйг нь тайлбарлаж чадвал дэмжиж туслах хүн мундахгүй юм байна” гэлээ.