Марокко бүжигчин болон ДХЯ хэлмэгдэв

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Марокко бүжигчин болон ДХЯ хэлмэгдэв

Италийн ерөнхий сайд Сильвио Берлусконийг насанд хүрээгүй бүсгүйтэй холбогдсон хэмээн шүүх болно.
 Сильвио Берлускони 15 жилээр хоригдох ял авч магадгүй. Эх сурвалж: AP Photo/Shane McMillan, File
Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони насанд хүрээгүй бүсгүйтэй холбоотой мөн албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргээр шүүхэд татагдаж байна. Энэ нь Италийн лидертэй хэзээ нэгэн цагт тулгарч байсан ялаас хамгийн ноцтой нь юм. Түүнийг 15 жилийн ялаар хорьж магадгүй ажээ. Өмнөх шүүх  ажиллагаанаас Берлускони ялгүйгээр мултарч байжээ. Түүний нам нь өмнөхийн адил бас ч үгүй нийгэмдээ ихээхэн дэмжлэгтэй байв.
Миланы шүүгч Кристина Ди Ченсо эхний шүүхийн хуралдаан дөрөвдүгээр сарын 6-нд болно гэж шийдвэрээ сонсгов. Хэргийг гурван эмэгтэй: Кармен Д’Элиа, Орсолина Де Кристофаро ба Жулия Турри хөтлөн явуулна. Прокурорын газраас шүүхийн ажиллагааг хурдан эхлэхийг шаардсан байв. Берлусконийн өмгөөлөгч нар Миланы шүүгчид ерөнхий сайдын эсрэг шүүхийн товыг зарлах эрхгүй байсан гэж мэдэгджээ.

15 жилийн хорих ял

Берлусконид 15 жилээр хоригдох ял ирж магадгүй. Мароккогийн бүжигчин  Карима эль-Маругийг 17 настай байхад нь сексийн үйлчилгээнийх нь төлөө мөнгө төлсөн бөгөөд мөн хулгай хийсэн гэх хэрэгт сэжиглэгдсэн тэр бүсгүйг баригдаад байхад нь чөлөөлүүлэх гэж Миланы цагдаа нарт шахалт үзүүлсэн гэж Берлусконийг буруутгаж байгаа юм.

Биеэ үнэлэх нь Италид гэмт хэрэг гэж тооцогддоггүй бөгөөд харин 18 нас хүрээгүй бүсгүйтэй сексийн харьцаанд орох нь хорих ялын шийтгэлтэй гэж ВВС тодруулж байна. Шүүх хурал дээр хариуцагчаар Карима эль-Маруг ба Италийн Дотооод хэргийн яам дуудах юм. Берлускони өөрөө шүүх хуралд заавал байх албагүй гэхдээ хүсвэл тэр ирж болно.
Прокурорын газраас хоёр хавтас баримт бэлтгэсэн  ба тэнд Берлусконийн утасны ярианы бичлэг болон ерөнхий сайдын дансны хөдөлгөөний баримтыг  цуглуулжээ. Өмгөөлөгч нарын мэдэгдсэнээр Берлусконийн үдэшлэгт оролцсон ч ерөнхий сайдтай дотно харьцаанд ороогүй эмэгтэйчүүдийн өргөдлийг хавсаргасан байгаа ажээ.

Шүүгдэгч ба хэлмэгдэгч эмэгтэй бүхнийг үгүйсгэж байна

Шүүгч Ди Ченсо хэргийг шүүхэд шилжүүлэхээр шийдсэний дараа Берлускони Сицилид төлөвлөж байсан хэвлэлийн хуралдаа ирсэнгүй. Ерөнхий сайд Тунисийн дүрвэгсдийн асуудлыг зохицуулахаар тэнд ирсэн байжээ.

Берлускони ял тулгалтыг “үндэслэлгүй”,  шүүх ажиллагааг “наргианы жүжиг” хэмээн нэрлэснийг CNN сануулж байна. Ерөнхий сайд марокко бүсгүйтэй унтсан, түүнийг шоронгоос гаргахын тулд өөрийн нэр төрийг ашигласан гэдгээ эрс үгүйсгэлээ. Тэрээр цагдаа нарт утасдан тэр эмэгтэйг суллахыг гуйхдаа бүсгүйг “Египетийн экс-ерөнхийлөгч Хосни Мубаракийн зээ охин гэж бодсон. Зөвхөн дипломат шуугиан гаргахгүйн үүднээс л үүнийг хийсэн” гэж хэлжээ.

 
Миланы шүүгчийн шийдвэрт Берлускони хариугаа хэлээгүй байна.Эх сурвалж: AP Photo/Carmelo Imbesi

Руби гэж дууддаг Карима эль-Маруг ч ерөнхий сайдтай сексийн харьцаанд орсон  гэдгээ үгүйсгэж байна. Берлускони тэр бүсгүйд нэгэн үдэшлэгийн дараа 7000 евро өгсөн. Учир нь тэр эмэгтэйн найз нь энэ бүсгүйд тусламж хэрэгтэй байгаа гэж улстөрчид хэлсний дараа л Берлускони сайн санаа гарган мөнгө өгсөн хэмээн Руби хэлжээ. Гэхдээ марокко бүсгүйн  хөрш эмэгтэй нь Руби түүнд нууцаа дэлгэн Италийн ерөнхий сайдтай унтсан гэж ярьсан хэмээн мэдүүлсэн байжээ.

“Эмэгтэйчүүдийг үргэлж баяр хүргэн хүлээн авна”
Насанд хүрээгүй бүсгүйтэй холбогдсон, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх ял нь улс төрийнхөө карьерт Берлусконийн амсаж байгаа хамгийн ноцтой хэрэг юм. Өмнө нь тэр авлига ба татвараас зугтсан зэрэг хэрэгт холбогдож байлаа. Шүүгч Ди Ченсогийн шийдвэрийг ерөнхий сайдад өгсөн “сүйрлийн цохилт” гэж Британийн Guardian нэрлэсэн байна.
 
Марокко бүжигчин Руби ерөнхий сайдтай дотно харьцаанд байсан гэдгээ үгүйсгэж байна
Италийн олон хүн парламентын ээлжит бус сонгууль явагдаж магадгүй гэдэгт эргэлзэхгүй байна. Гүйцэтгэх засаглал ба шүүх засаглалын өсч буй сөргөлдөөн “түгшүүрийн шалтгаан болж байна” хэмээн хууль тогтоох байгууллагыг тараах эрхтэй Италийн ерөнхийлөгч Жоржо Наполитано мэдэгдэв.
Гэхдээ сөрөг хүчний эв нэгдэл муугаас Берлусконийн нам өмнөхийн адил нийгэмдээ өргөн дэмжлэгтэй байгааг New York Times сонин тэмдэглэжээ. Ерөнхий сайдын өмнөх бүх хэрэг түүнийг зөвтгөснөөр эсвэл хугацаа дууссанаар хаагдаж байлаа. Берлусконийн өмгөөлөгч Пьеро Лонго телевизээр мэдэгдэл хийхдээ шүүгчийн шийдвэр нь өмгөөлөлийн хүлээж байснаар боллоо гэсэн байна. Берлусконийг гурван эмэгтэй шүүх болсон талаар тэр хэлэхдээ “эмэгтэйчүүдийг үргэлж баяр хүргэн хүлээн авна” хэмээн хэлжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж