
Дургүй хүрээд байна. Авто замын санд төвлөрсөн татварын мөнгөөр хийсэн замуудыг харья л даа. Баянбүрдээс Гэсэр сүм хүртэлх зам. Овон довонтой. Намхандуухан машин ширүүхэн гишгэвэл доод эд ангиа цохиод хагалчихмаар. Эхнээсээ хагараад ч эхэлсэн хотын орлогч Б.Баатарзориг телевизийнхнийг дагуулчихсан очоод л “бувтнаад” зогсч байна билээ. Сонгинохайрханыг зунжингаа явгалан зассан зам нь одоо ямар байгааг очоод нэг үзээрэй. Дээр нь автобусныхаа буудлыг мартаад барьчихсан. Агааржуулах хоолойг нь мартаж, манараад дараа нь хийсэн нүхэн гарц. Энүүнээс өөр илүү үр дүн гаргаж чадахгүй байж сав л хийвэл хоол хасдаг хойд эх шиг татвар нэмэхээ урьдал болгох нь юув дээ.
Ингээд хэлэхээр, Төр хvчтэй байя гэвэл хууль боловсронгуй, хууль хvчтэй байх ёстой гэх хvн байдаг. Хуулийг хэнбугай ч дагаж мөрдөх л ёстой гэж томрох түшмэдүүд олон л доо.
Тэдэнд хэлэхэд, гол нь хуулиндаа биш, хуулийг зөв хэрэгжvvлэх явдал л чухал.
Хуулийг зөв хэрэгжvvлнэ гэдэг сэтгэлийн сахилгатай байхыг хэлнэ. Сэтгэлийн сахилга байвал буруугаа засч, алдсанаа нөхөн сэргээх дотоод дархлал байна. Тийм юм байхгvй бол хичнээн татвар нэмээд ч Улаанбаатар бахи байдгаараа. Зам нь эвдэрхий, иргэд нь бухимдсан хэвээрээ л байна. Гаднаас яаж ч оролдоод сайжруулж чадахгvй. Хэрэвзээ үнэхээр Москва шиг, Адаглаад Эрээн шиг замтай бол түүнийг арчлан хамгаалахад, түүгээр зорчсоныхоо төлөө татвараа нэмээд өгөөд байхад болохгүй нь юу байх вэ. Гэтэл их идсэн ч үмхий, бага идсэн ч үмхий гэгчээр ямар нэгэн харилцан хамааралгүйгээр ажил хийх юм.
Нийслэлийн 160 мянга орчим тээврийн хэрэгслийн дийлэнх хувийг суудлын авто машин эзэлдэг. Тэгвэл өмнө нь 2000 мотортой машин цилиндрийн багтаамжийн нэг шоо см тутамд 16 төгрөг төлдөг байсан бол одоо 24 төгрөг болжээ. 2001-3000 мотортой машинтай бол цилиндрийн багтаамжийн нэг шоо см тутамд 18 төгрөг төлдөг байсан бол 27 төгрөг болгож буй аж. Харин микроныхон 35 мянган төгрөгийн татвараа 50 мянга болгож өгөх нь. Энэ мэтээр цааш хөвөрнө.
Ер нь эрх мэдлээ ашиглан өөрийн амьдрал байдлыг сайжруулах гэсэн хvний хvсэлд хэр хэмжээ гэж байхгvй. Тиймээс түшмэдүүдийн шийдвэр иргэдэд биш өөрсөд рүү нь чиглэсэн нь харагдах юм. Энэ тоогоор иргэд илүү төлж, илүү хохирол амсаж, цаг заваа бардаг.
Ер нь Монголд татвар энэ тэрд бус эхлээд төрийн албанд хувьсгал л хийх хэрэгтэй. Тэгж жинхэнэ иргэдийн эрх ашгийн төлөө үйлчлэгчдийг бий болгох ёстой байлгvй дээ. Жинхэнэ төрийн түшмэд гэдэг ямар хvнийг хэлэх вэ гэвэл худлаа хэлдэггvй, иргэдэд гай болохгүй хvнийг л хэлнэ.
Өгөөш том тусмаа дэмий гэж vг байдаг. Эрх мэдэл их байх тусмаа буруу шийдвэрээс учирах хохирол их байх юм. Талын нүүдэлчдэд ядаж татвараа төлдөг совин байх ёстой гэж хүнтэй бишгүй тааралдлаа. Тийм ээ, тийм. Гэхдээ одоогийн түшмэдүүд совин гэж юуг хэлэхээ сайн мэдэхгvй байгаа учраас тэдний совингийн оновчтой гаргалгаа нь луйвар хийх цагаа мэдрэх гэж л буулгахаас өөр аргагvй. Татвар нэмэхээ сандаг шигээ замаа засч, хотоо хот шиг болгохоо яагаад санаддаггүй юм бэ.
Тэгсэн хэрнээ “Иргэд татвар төлөхгүй байна. Бvр сайн төлөх ёстой” гэнэ. Татвар төлдөг нэгнийг нь болохоор “Өшөө төл. Татвар төлөөд байгаа нь цаанаа учиртай” гэх мэт хардлага сэрдлэгийн хачин сэтгэл гаргаж хяналтынхнаа явуулаад дарамтлуулна. Иймэрхүү л байдалтай цааш үргэлжилнэ. Хөөрхий иргэд өөдөөс нь харж инээж, уруугаа харж урвайсаар л татвараа төлнө. Тийм л хувь тавилантай юм хойно, яаая гэхэв дээ.