Инфляцийн хөөрөгдлийн аюул

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Инфляцийн хөөрөгдлийн аюул

Эдийн засгийн сэргэлт чухал ч инфляцийн хөөрөгдөл бүр чухал
Монголын эдийн засаг сэргэж эхэлжээ, нэг үеэ бодвол. Өнгөрсөн 2009 онтой харьцуулахад 2010 онд Монголын эдийн засаг сайжирч байна гэсэн дүгнэлтийг Олон улсын валютын сангийн мэргэжилтнүүд хийсэн байна. Тэд саяхан Монголд зочилж, манай улсын эдийн засгийн байдалд “онош” тавиад буцсан гэнэ.  Гадаадын  мэргэжилтнүүдийн тавьсан тэрхүү “онош”-ийг сонирхвол, сайн  нь ч бас муу мэдээ ч байгаа юм.

ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ 10 ХУВЬД ХҮРНЭ
Дэлхийд нүүрлэсэн эдийн засгийн томуунаас болж хатгалгаа тусах шахсан Монголын эдийн засаг илааширсан  гэх сайхан мэдээг Олон улсын валютын сангийнхан дуулгав. Зуд турхан, байгалийн гамшгийн улмаас олон сая толгой малаа алдаж, аж үйлвэрлэл нь буурсан гэхэд эдийн засгийн өсөлт 6,1 хувьтай байгаа нь үнэхээр гайхалтай  үр дүн хэмээн гадаадынхан дуу алдцацгааж байна.  Хэрвээ өнгөрсөн оноос улбаатай эдийн сэргэлт энэ янзаараа үргэлжилбэл 2011 онд эдийн засгийн өсөлт 10 хувьд хүрэх гэнэ. Экспорт, импортын хэмжээ нэлээд нэмэгдсэн нь ийнхүү эдийн засагт сэргэлт авчирч буй аж.  Мөн уян хатан ханшийн бодлого барьснаар гадаад валютын сан урьд өмнө байгаагүйгээр өсчээ. Гадаад валютын их хэмжээний урсгалаас болж доргих төгрөгийн ханшийн илүүдэл савалгааг Төвбанкнаас хэрэгжүүлсэн бодлого нам дарж чадсан нь Олон улсын валютын сангийн мэргэжилтнүүдээс “коко” авсан. Интервенцийн энэхүү стратегийг цаашид үргэжлүүлэх хэрэгтэйг зөвлөхийн сацуу манай улсын эдийн засагт уян хатан ханшийн тогтолцоо нэн тохиромжтой арга  гэдгийг ч сануулав.

ИНФЛЯЦИЙН ХӨӨРӨГДӨЛ БА ТӨСВИЙН ЗАРЛАГА

Эдийн засаг сэргэж байна гэх сайхан мэдээтэй зэрэгцэн инфляци хэтэрхий хурдтайгаар өсч байгаа гэх оношийг сангийн мэргэжилтнүүд тавьжээ. Хүнсний барааны нийлүүлэлтэд үүсч буй үнийн цочрол инфляцийн өсөлтийг хурдасгахад нөлөөлж буй бөгөөд үүнд махны үнэ нэмэгдсэн нь голлох үзүүлэлт болж байгаа аж. Хэрвээ инфляци энэ хэвээрээ хөөрөгдсөөр байх аваас энэ оны эцэст 20 орчим хувь хүрнэ гэсэн тооцоог гаргасан байна. Нөгөөтэйгүүр инфляцийг хурдны замаар давхих нөхцөл нь төсвийн зарлагаас үүдэлтэй юм байна. Өөрөөр хэлбэл, улсын нэгдсэн төсвийн зарлагыг их хэмжээгээр өсгөж, үүнийгээ хэрэгжүүлэхээр улайрч байгаа нь зах зээлд илүүдэл эрэлтийг буй болгож байгаа нь инфляци өсөх шалтгаан болж буй ажээ. Инфляцийн өсөлтийн бай нь ядуус, энгийн иргэд, жижиг дунд үйлдвэрлэгчид. Тэд инфляцийн хөөрөгдлөөс болж хүндрэл, хямрал, уналтыг амсана гэсэн дүгнэлтийг Олон улсын валютын сангийнхан хийжээ. Инфляци өсөхийн хэрээр импортын бараа өснө. Хэдийгээр төр иргэдэд чиглэсэн арга хэмжээ авч байгаа нь сайшаалтай ч төрийн тэрхүү дэмжлэг туслалцаа инфляцид залгигдан, эргээд иргэдэд нэрмээс авчрах дүр зураг ажиглагджээ. Эцсийн дүндээ өрхийн худалдан авах чадвар буурснаар төрөөс авч байгаа арга хэмжээ ядууст дарамт болж хувирч магадгүй нь бололтой.

ТӨСВИЙН ХУУЛЬ “ТОМУУ”-НААС СЭРГИЙЛЖ ЧАДНА

Сангийн мэргэжилтнүүд дээрх дүгнэлтийг хийсэн байна. Өнгөрсөн онд УИХ-аас Төсвийн хуулийг баталсан. Энэ хуулийг зөв хэрэгжүүлбэл манай улс эдийн засгийн ямар нэгэн томуу, элдэв төрлийн дайралтаас хамгаалагдах боломжтой гэнэ. Ядуурлын тэтгэмжийг нэвтрүүлэх нь эмзэг бүлгийнхэнд ашиг тусаа өгч, төсвийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх юм байна. Төсвийн хууль засаглал хоорондын төсвийн харилцааг шинэ төвшинд гаргах, төсвийн харилцааг шинэлэг төвшинд гаргах нэг хөшүүрэг байх аж.

ОУВС-ЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ЗӨВЛӨМЖ

Эдийн засгийг төлөв байдалд онош тавьсан Олон улсын валютын сангийн мэргэжилтнүүд юу зөвлөв. Тэднийхээр эрчимтэйгээр дээшилж буй инфляцийн хурдыг зогсооход Төвбанкны бодлогын хүү өндөр байх нь зөв арга хэмжээ гэнэ. Мөн төсвийн тэлэх бодлогыг мөнгөний хатуу бодлоготой уялдуулах хэрэгтэйг эрхэм мэргэжилтнүүд сануулаад буцжээ.  Мөн уул уурхайн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар эдийн засгийн хөгжил цэцэглэх дүр зураг ажиглагдаж байгаа хэдий ч үүний цаана “баялаг”-ийн хараалд өртөх вий гэх болгоомжлолоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй байгааг анхааруулжээ. Эцэст нь тэд эдийн засгийн сэргэлт чухал ч инфляцийн хөөрөгдөл бүр аюултайг онцолсон байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж