Сургуулиудын дансанд шилжүүлэх ажил сунжирч мэднэ

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Сургуулиудын дансанд шилжүүлэх ажил сунжирч мэднэ

“Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт 1.5 сая төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар олгохоор энэ оны босгон дээр Засгийн газраас шийдвэр гарсан байгаа. Ингэхдээ их, дээд сургууль, коллежид суралцагчдад 500 мянган төгрөгийг сургалтын төлбөр хэлбэрээр Сургалтын төрийн сангаар дамжуулан олгохоор болсон. Энэ сарын 15-ны дотор сургуулиудын сургалтын албанд оюутны мэдээллийн маягтыг бүрдүүлж өгөхийг даалгасан ч, ихэнх сургуулиудын оюутнууд амарсан байгаа тул амжихгүй нь гэдэг шалтгаанаар ирэх сарын нэгэн хүртэлх хугацаанд хойшлуулсан. Гэтэл оюутны сургалтын төлбөр хэлбэрээр олгох 500 мянган төгрөг олгох асуудал ахиад л тодорхой хугацаагаар хойшилж магадгүй гэдгийг холбогдох газрын мэргэжилтнүүд нуусангүй. Учир нь, их, дээд сургууль болон харьяа оршин суугаа газрын халамжийн байгууллагаар уламжлагдан Сургалтын төрийн сан, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт ирсэн мэдээллийг нэгтгэн тулгах ажил өнөөдрийн байдлаар эхлээгүй байгаа аж. Их, дээд сургуулиас оюутнуудынхаа талаар ирүүлсэн маягтууд буруу, зөрүү бөглөсөн, үгийн товчлол хийх, үсгийн фонд танигдахгүй зэрэг багагүй зөрчлүүд байгаа учир Сургалтын төрийн сангийнханд багагүй ажил “ундраад” байгаа бололтой. Сургалтын төрийн сангийн мэргэжилтэн Д.Мишигдоржоос ажлын явц ямар байгаа талаар тодруулахад “Өнөөдрийн байдлаар 71 мянга 431 оюутны мэдээлэл буюу нийт хамрагдах ёстой оюутны 47.4 хувь нь хамрагдаад байгаа. Их, дээд сургуулийн сургалтын албанаас оюутныхаа мэдээлэл ирүүлэхдээ Хустайн 67/4-р байрны 7 тоот гэж бичихийг Хустайн 67/4-7 гэж бичсэн байх жишээтэй. Мөн Батоюун гэж зай авалгүй бичих ёстой байтал Бат-Оюун гэх мэтээр зөрүүтэй байдлаар маягт бөглөсөн зөрчил байнга гарч байгаа боловч, цаг тухайд нь засч, залруулаад явж байна. Сүүлийн хоёр, гурав хоногт оюутны маягтууд сайн ирж байна” гэсэн хариултаар өндөрлөж, маш их ачаалалтай буйгаа учирлалаа. Үлдээд буй ажлын тав, зургаахан хоногт 70 гаруй мянган оюутны материал хүлээн авах, тулгах, шалгах ажлыг хийж дуусгана гэдэг юу л бол. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүх материалуудыг бүрдүүлэн, тулгалт хйихэд бас л хэдэн хоногийн хугацаа шаардана. Дээрх тулгалтуудыг үндэслэн Сангийн яамнаас 82.5 тэрбум төгрөгийг оюутнуудын судалгаа  нэгтгэгдэж гарсны дараа сургуулиудад хуваарилах юм. Материалаа бүрдүүлж өгсөн дарааллын дагуу мөнгийг олгоно. Энэ мэтээр тооцоолоход ирэх сард багтаан их, дээд сургуулиудын дансанд шилжүүлэх ажил сунжирч мэднэ.

Өнгөрсөн намар хичээлийн шинэ жил эхлэж буй цаг үед сургалтын төлбөрийг бүтнээр нь авна, 500 мянган төгрөгийг олгосон цаг үед нь тооцьё гэх мэтээр авирлаж байсан ч, салбарын сайдын албан даалгаварыг дагахаас аргагүйд хүрч байсан цаг саяхан. Тухайн цаг үед БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр “Аливаа бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн хойно төлбөрөө авдаг зах зээлийн журмаар нийлүүлээгүй, үзүүлээгүй үйлчилгээнийхээ төлбөрийг урьдчилж авах гэж оюутнуудыг дарамталж, шахах ёсгүй” гэдгийг хэвлэлээр дамжуулж хатуу анхааруулсан. Энэ мэтээр сургалтын төлбөрийг авахгүй л бол “хэцүүдэж” байгаа юм шиг авирлаж байсан их, дээд сургуулийн удирдлагууд өнөөдөр энэ асуудалд хөшүүн хойрго хандаад байгааг яасан гэж ойлгох вэ. Нөгөө талаар, төрийн ажлыг гүйцэтгэхээр цаг, зав гарган сууж буй нэг нэгнийгээ хүндэтгэх, цагийн ажлыг цагт нь амжуулдаг ажил хэрэгч занд хаа хаанаа суралцах болсныг дээрх байдал харуулж байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж